Хичээлдээ явахын хүслэн болсон сурагчийн тэмүүлэл, шавь нартайгаа уулзах гэсэн багшийн догдлол, бас хүүхэд нь хичээлээсээ хоцрогдсон болов уу гэх эцэг эхийн сэтгэл зовнил, алсуураа багахан айдастай, амны хаалтаар жигдэрсэн цоо шинэ хэмнэл...

Энэ бүхнийг зэрэгцүүлсэн есдүгээр сарын нэгэн ийнхүү эхэлж байна. 

Цар тахлын нөлөөгөөр хоёр жил шахам хаалттай байсан ЕБС-иуд сурагчдадаа үүд хаалгаа хэрхэн нээж буйг сурвалжлахаар бид Нийслэлийн ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийг зорилоо.

Цар тахлын хязгаарлалтаас үүдэн энэ хичээлийн шинэ жилийн нээлтийг даруухан нээгээд хичээлээ эхлүүлсэн юм. 

Шинэхэн формоороо ижилссэн хүүхдүүдийн ихэнх нь гартаа цэцэг барьсан байв. Өнөөдөр сургуулийн босго давж анх нэгдүгээр ангид орж байгаа хүүхдүүдэд юм бүхэн сонин байгаа бололтой. Дааж ядах цүнхээ байсхийгээд уудалж, зэхэж ирсэн амттанаа халааслаж харагдана. Эцэг эхдээ хоргодон, зарим нь уйлж, нөгөө нь аль учраа мэдэхгүй багшийгаа дагаж сургууль руугаа орцгооно. 

Энэ өдрийн хамгийн чухал хүмүүсийн нэг бол багш нар. Үндэсний хувцсаараа гоёж, нүүрэндээ мишээл тодруулах багш нарын хувьд ч өнөөдөр баярын өдөр нь билээ. Бараг хоёр жилийн дараа сурагчидтайгаа уулзаж байгаа учраас шавь нараасаа ч  дутахгүй догдолсон тухайгаа ярьж байв.

Гуравдугаар сургууль нь нийслэлийн ууган сургуулийн нэг бөгөөд олон шилдэг багш нартай. Тэдний нэг бол Х.Батчулуун.


Цар тахлын үед нэгдүгээр ангиа хүлээн авсан ч дөнгөж хоёрхон сар хичээллээд хөл хорионд орсон гэнэ. 

Боловсролын салбарт 24 жил ажилласан, 2А ангийн багш тэрбээр биднийг найрсгаар угтан авч, хичээлийн шинэ жилийн баяраа хуваалцсан юм. Багш болсноос нь хойших хамгийн мартагдашгүй есдүгээр сарын нэгэн оюутны ширээнээс холдоод, шинэхэн багш болж байсан үе байлаа. Харин өнөөдөр яг түүн шиг сайхан мэдрэмж авч байна" хэмээн тодотголоо. Энэ тухайгаа тэрбээр

“Хичээлийн нээлтийн дараа сурагчдаа дагуулж ангидаа орох нь багш хүний хамгийн сайхан мөчүүдийн нэг байдаг.  Танхимаар хичээллээгүй энэ урт хугацаанд сурагчдаа, хүүхдүүд бужигналдсан сургуулиа маш их үгүйллээ. Багш хүн гэдэг хүүхэдтэйгээ адилхан болчихдог. Хичээл эхлэх нь гээд хүүхэд шиг л хөөрч догдолсон шүү ” гэсэн юм.

Биднийг ийн цөөн хором хөөрөлдөх зуур хүүхдүүд үсгээ бичиж дуусгаад багшдаа шалгуулахаар  хүлээж байв. Багшдаа дэвтрээ үзүүлэх гэж нэгнээсээ өрсөн гараа өргөх нь өхөөрдөм хөөрхөн. Бүгдээрээ дэвтрийнхээ эхний хуудас дээр  “Есдүгээр сарын нэгэн” гэж бичжээ. Үсгээ том жижиг эсвэл мөрөө алгасаад он, сараа биччихсэн хүүхэд ч байлаа. 

Бичлэг үзэх: 


Зарим нь үсгээ мартчихсан бололтой, баллаж цохолж эсвэл буруу харуулж бичсэн харагдана. “Өнөөдөртөө гар нь эвлэхгүй шахуу байгаа ч сарын дараа л гэхэд хүүхдүүд жигдрээд ирдэг юм” гэж Х.Батчулуун багш хэлэв.

Дэвтрээ нээгээд хичээнгүйлэн үсгээ бичиж буй Х.Түвшинбаяр хүүгээс хичээлийн шинэ жилийн сэтгэгдлийг нь асуусан юм.

Хүү аав, ээжтэйгээ дэвтэр, номоо зэхсэн гэнэ. Формоо өмсөөд удахгүй сургуульдаа явна гээд есдүгээр сарын нэгнийг догдлон хүлээсэн гэж байлаа. Гэхдээ сургууль дээрээ ирээд ангиа олохгүй хэсэг будлижээ. 

Сургуулийн гадаа цугласан олон хүнээс багшийгаа олж, таниагүй гэнэ. Цахимаар хичээллэж, онлайнаар багштайгаа уулзаж байсан тул аргагүй биз ээ.

Өнгөрсөн жил цахимаар хичээл заалгасан хүүхдүүдийн зарим нь үсэг мартжээ. Тиймээс сурагчид маань сурсан зүйлээ сэргээн санах, хичээлийнхээ агуулгыг ойлгоход эцэг эхийн оролцоо маш чухал гэдгийг аминчлан захилаа.

Х.Батчулуун багш ангиа “нэгдүгээр ангийн дайтай хоёрдугаар анги л даа. Гэхдээ бид алзахгүй, удахгүй хамгийн мундаг нь болцгооно” гэж онцлон хэлээд инээмсэглэн үдлээ.