Та гайхаж магадгүй ч АНУ-ын Vida эрүүл мэндийн клиникийн шинэ судалгаагаар эрчүүд эмэгтэй хүнээс илүү уйлдаг болох нь тогтоогджээ. 

2 мянга гаруй америкчуудаас санал асуулга явуулахад эрчүүд сард дунжаар дөрвөн удаа уйлдаг гэж хариулсан бол эмэгтэй хүн сард гурван удаа уйлдаг гэжээ. Ойролцоогоор эрэгтэйчүүд жилд 48 удаа, эмэгтэй хүмүүс 36 удаа уйлдаг гэсэн үг юм.  

Эрчүүд ч гэсэн өвдөлт мэдэрдэг

Хүмүүсийн дунд эрчүүд тийм ч сэтгэлээр унаад байдаггүй, сэтгэцийн эрүүл мэндийн зөвлөгөө, тусламж авах хэрэгцээ байдаггүй гэсэн ойлголт бий. Тус судалгаагаар сэтгэл зүйн тусламж авдаг эрчүүдийг тойрсон гутаан доромжлол байсаар байгааг онцолжээ. Үүнээс үүдэж нийт эрчүүдийн 63 хувь нь мэргэжилтэнд хандан, сэтгэл зүйн зөвлөгөө авснаа нуудаг аж.

Хэрэв ойр дотны хүмүүс нь сэтгэл зүйн зөвлөгөө, тусламж, эмчилгээ хийлгэснийг мэдвэл эрэгтэй оролцогчдын

  • 50 хувь нь тавгүй мэдрэмж төрнө, 
  • 39 хувь нь айна,
  • 40 хувь нь ичнэ гэж хариулжээ. 

Эсрэгээрээ, судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн ердөө 23 хувь нь ичнэ, 17 хувь тавгүй байна, 16 нь айна гэж хариулсан байна.



АНУ-ын Movember (эрчүүдийн эрүүл мэндийг хамгаалах сан) сангийн тэргүүн Марк Хедстром "Эрчүүд мэдрэмж, сэтгэл зүйн асуудлаа илэрхийлэхэд гадуурхалт, доромжлол хүртэх, шоолуулах, улмаар түүнийгээ нуух хандлага өнөөг хүртэл байсаар байгааг бид анзаарсан. Нийгмийн тогтолцоогоороо эдгээр хэвшмэл ойлголтыг эвдэж, хүнд хэцүү мөчүүдэд сэтгэлээ нээж, тусламж авах нь ямар чухал болохыг эрчүүдэд ойлгуулах хэрэгтэй байна. Бид нэг нэгнээ анзаарч, ажиглах, анхаарал тавих хэрэгтэй. Хажууд байгаа, ойр дотны эрчүүдтэйгээ ярилцаад нэг үзээрэй. Та тэдний амийг нь аварч ч болох юм” гэжээ.



Жендэрийн хэвшмэл ойлголт ямар үр дүнд хүргэж болох вэ?

Сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тулгардаг эрчүүд хямралаа даван туулахын тулд 49 хувь нь архи хэтрүүлэн хэрэглэх, 40 хувь нь мансууруулах бодист донтох, 35 хувь нь өөрийгөө гэмтээх магадлал ихэсдэг байна. Харин эмэгтэйчүүдийн 27 хувь нь архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, 23 хувь нь мансууруулах бодис хэрэглэх, 20 хувь нь өөрийгөө гэмтээж болзошгүй байдаг аж. 

Судалгаанд оролцогчдын 32 хувь нь л эрчүүд ч ялгаагүй сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тулгарч болно гэдэгтэй санал нийлж байсан байна. 

Мөн нийт судалгаанд оролцогчдын гуравны хоёр нь сэтгэцийн эрүүл мэндийн талаарх хэвшмэл ойлголт, гадуурхалт, гутаан доромжлол одоо хүртэл байгаа гэдгийг хүлээн зөвшөөрчээ.

Эрэгтэй хүмүүсийн хувьд найз нөхөд нь шоолж, доромжлох хандлагатай байдаг гэж 19 хувь нь хариулжээ.


Эх сурвалж: Psychology Today