Л.Дэлгэрмаа
06 сарын 02, 2022
Эрэгтэйчүүдийн эмч нарт жендэрийн талаарх ойлголт, эрэгтэйчүүдийн сэтгэл зүйн онцлог хэрэгцээг нь ойлгож, зөвлөн туслах арга зүйг олгох зорилготой сургалтыг Жендэрийн Үндэсний Хороо Эрүүл Мэндийн Яамтай хамтран НҮБ-ын Хүн Амын Сан, Швейцарын Хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.
Сургалт хоёр өдөр үргэлжилнэ.
Эхний өдрийн сургалтад Улсын I, II, III дугаар төв эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, Сонгдо, Грандмэд, Интермэд, Гарьдманлай, Цэпү, Адам, SM plastic, Очирваань, Нурлааны эмнэлэг, Асралтмед, Очир-Анагаагч эрэгтэйчүүдийн эмнэлэг, Бум энэрэл зэрэг нийслэл дэх эрэгтэйчүүдийн эмнэлгийн эмч нар хамрагдлаа.
Сургалтад төрийн болон хувийн хэвшлийн эмнэлэгүүдэд ажиллаж байгаа эрэгтэйчүүд /Урологи, Андрологи/-ийн нарийн мэргэжлийн нийт 25 эмч хамрагдаж байна. Маргаашийн /2022.06.03/ сургалтад хөдөө орон нутгийн эмч нар хамрагдах юм.
Сургалтыг Жендэрийн Үндэсний Хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр, НҮБ-ын Хүн Амын Сангийн Жендэрийн хөтөлбөрийн менежер Л.Билгүүн нар нээж үг хэллээ.
Жендэрийн Үндэсний Хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр "Манай улсад эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн дундаж наслалтын зөрүү 9.7 орчим байна. Энэ нь дэлхийн дунджаас даруй 2 дахин өндөр. Мэдээж нөлөөлж буй олон хүчин зүйл байгаагаас нэгдүгээрт анхаарах асуудал бол эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдалт юм.
Судалгаагаар эрчүүд эмэгтэйчүүдээс 1.5 дахин бага эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байна. Яагаад ийм бага хувь хамрагдаж, эрчүүд өөрийн эрүүл мэнддээ дэндүү хайнга ханддагт эрэгтэйчүүдийн талаарх жендэрийн буруу хэвшмэл ойлголт, зан үйлийн шинжтэй дэвшилтэт бус соёлоос үүдэлтэй ойлголтууд нөлөөлж байнагэж Дэлхийн банкны судалгаанд дурджээ.
Иймд Эрүүл мэндийн яамны жендэрийн салбар зөвлөлтэй хамтраад НҮБ-ХАС-ийн дэмжлгийг аваад эрэгтэйчүүдийн талаарх жендэрийн хэвшмэл ойлголтоос үүдэлтэй өөрт нь болоод гэр бүлд нь үүсч байгаа аливаа хорт үр дагаврыг таниулах, мэдээлэл өгөх зорилготой сургалтыг зохион байгуулж байна." гэлээ.
Сургалтын сургагч багшаар “Жендэрийн ойлголт, хөгжлийн хандлага” сэдвээр Жендэрийн Үндэсний Хорооны шинжээчдийн бүлгийн ахлагч Б.Онон, “Эрэгтэйчүүдийг эрт оношилохын ач холбогдол, эмчилгээ, орчин үеийн чиг хандлага, туршлага хуваалцах нь” сэдвээр Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн Урологи, Андрологийн төвийн эмч П.Мягмарсүрэн, “Хөвгүүд – Эрчүүдийн сэтгэл зүйн боловсрол”, “Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хөвгүүд эрчүүдийг татан оролцуулах нь” сэдвүүдээр Монгол өрх сэтгэлзүйн хүрээлэнгийн захирал, зөвлөх сэтгэлзүйч С.Баасанбат нар ажиллаж байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.