Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/, Монголын шигшээ багаас “Токио 2020” зуны Олимпийн XXXII наадмын боксын төрөлд өрсөлдсөн Э.Цэндбаатарын хүрэл медалийн төлөөх тулааны дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэн албан ёсоор протест өргөн барьсан билээ.

ОУОХ-ны Бокс хариуцсан ажлын хэлтсээс уг протестын хариу албан захидлыг ирүүлэв. 

Захидалд:

-“Токио 2020” Олимпийн наадам болон эрх олгох тэмцээн бүрийн тулаанд хяналт хийж, шийдвэрийг буцаах дүрэм үйлчлэхгүй байгаа.

- Олон улсын олимпийн хорооны /ОУОХ/-ны Бокс хариуцсан ажлын хэсэг /BTF/ нь өглөө бүр хөндлөнгийн аудитын төлөөлөгчид болон үнэлгээчдийн хамтаар өмнөх өдрийн тулаан бүрийн шүүлттэй холбоотой асуудлыг дахин нягталж, хэлэлцүүлэн дүгнэж байгаа.

- Оноо тэнцсэн тохиолдолд хайнаа салгах дүрмийн дагуу буюу BTF-ийн дүрмийн 18.11.1-ийг үндэслэн ОХУ-ын боксчинд ялалтыг өгсөн

- ОУОХ-ноос хараат бус гаднын аудиторын хяналт дор Э.Цэндбаатарын тулааныг дахин нягтлуулан шалгахад нийт 6 үнэлгээчин бүгд санал нэгтэйгээр ОХУ-ын боксчинд ялалтыг өгсөн.

- Тус тулааныг шүүсэн шүүгчид нь дүрмийн дагуу шийдвэр гаргасан гэж үзсэн тул шүүгчид анхааруулга өгөх, арга хэмжээ авах албан ёсны шийдвэр гараагүй болохыг мэдэгдэж байна"  гэжээ.

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРОО