"Токио-2020" зуны олимпоос мөнгөн медаль хүртсэнд нь нийт монголчуудынхаа өмнөөс баяр хүргэж, "Эко кар центр" ХХК хүссэн нэг машинаа сонгох эрхийн бичгийг түүнд бэлэглэсэн билээ.

Шагналын дагуу машин гардуулах үйл ажиллагаа өнөөдөр болж өнгөрөв. Сайед Моллай нь цагаан өнгөнд дуртай учир "Toyota sai" загварын цагаан өнгийн авто машиныг сонгосон юм. 

"Эко кар" авто худалдааны төвийн удирдлагын зүгээс түүнд талархал илэрхийлж, "Олимпын наадмаар монголчуудыг баярлуулсанд талархаж, сэтгэлийн бэлэг болгон машин бэлэглэж байна. Манай байгууллагын зүгээс сонгосон машинд нь гурван жилийн хугацаанд угаалга, авто оношилгооны бүрэн үйлчилгээг үзүүлэх болно" гэдгээ хэллээ.

Сайед Моллай тамирчны сонгосон "Toyota sai" загварын авто машин

Энэ үеэр олимпын мөнгөн медалийн шагналт Сайед Моллай, "Сайн байцгаана уу Монголчууд аа. Үнэхээр баяртай байна. Эко карын хамт олонд маш их талархлаа. Ингээд би дахин нэг машинтай боллоо. Тамирчин хүн учраас сонгосон машинаа аваад хамгийн түрүүнд фитнессийн заал руугаа явах болно" гэв.

Мөн "Бичил глобус" нэгдлийн зүгээс талархал илэрхийлж таван сая төгрөг бэлэглэхдээ, "Монголыг гэсэн сэтгэлд таньд талархаж байна. Мөн Бичил глобус нэгдлийн харьяа тамирчин болох хүсэлтийг тавьж байгааг хүлээн авна уу. Манай байгууллагын зүгээс бүх уралдаан тэмцээнд нь хамтран ажиллахад бэлэн байх болно" хэмээн байгууллагын нэрийн өмнөөс барилдах санал тавьсан юм.