Хүүхэд залууст ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль тогтоох, шийдвэр гаргах үйл ажиллагааны талаар ойлголт өгч, тогтвортой хөгжлийн зорилго, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг мэдээллээр хүргэх, өсвөр үеийнхэний оролцоог дэмжих зорилготой "Өсвөрийн парламент-2021" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ.

Энэхүү хөтөлбөрийг УИХ-ын дарга Г.Занданшатар санаачлан  Улсын Их Хурал, Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо, УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэн, НҮБ-ын Хүүхдийн сан, “People in Need” олон улсын ТББ хамтран хэрэгжүүлж байгаа юм.


Өсвөрийн парламентийн 90 гишүүнээр дамжуулж Монголын нэг сая 100 мянган хүүхдийн оролцоог дэмжинэ

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа Монгол Улс дахь НҮБ-ын Суурийн зохицуулагч Тапан Мишрагийн хамт
 

Хөтөлбөрийг нээж Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа хөтөлбөрийг үг хэллээ. Тэрбээр:

Ардчилсан нийгэмд эрүүл энх, эрх тэгш хөгжин дэвжихэд иргэдийн идэвх оролцоо чухал. Өсвөр наснаас нь эхэлж мэдээллээр хангах, оролцох эрхээ эдлэх боломж олгох хэрэгтэй гэдгийг дэлхийн олон улс орны туршлага харуулж байна. 

Тийм ч учраас өсвөр үеийнхэнийгшийдвэр гаргах үйл явцад оролцуулах, дэмжих, идэвхтэй, хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэх нь бидний туйлын зорилго юм. 

Цаашлаад тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх, дэлхий нийтэд тулгараад байгаа асуудлуудыг танин мэдэх, шийдвэрлэхийн төлөө хамтрах, оролцоог нь хангах зорилгоор “Өсвөрийн Парламент” хөтөлбөрийг эхлүүлж байна” гэв.

Энэхүү хөтөлбөр нь Монгол Улсад өсвөр үе, хүүхэд залуучуудад чиглэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг бүх талтай хамтран ажилладаг, байнгын ажиллагаатай платформ болох зорилготой.

Хөтөлбөрт хамрагдах хүсэлт илгээсэн хүүхдүүд асуудал юу гэдгийг мэдэж байгаа ч түүнийгээ хэрхэн шийдвэрлэхийг мэдэхгүй байна. Тиймээс бид хүүхдүүддээ тусалж дэмжин хэрхэн шийдлийг эрэлхийдгийг зааж, үлгэрлэх хэрэгтэй гэж онцлон хэллээ.

Бичлэг үзэх:


ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨХ НЭГЭН ЧУХАЛ АЯЛАЛ ӨНӨӨДӨР ЭХЭЛЖ БАЙНА

Хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад оролцсон нийслэлийн хүүхдүүд агаар, хөрсний бохирдол, хог хаягдлын асуудлыг түлхүү хөндсөн байна. Харин орон нутгийн хүүхдүүд булаг, шандаа хамгаалах, цөлжилттэй тэмцэх, мод тарих шаардлагын талаар, уг асуудалд шийдвэр гаргагчид огт анхаарал хандуулахгүй байгааг шүүмжилж, өөрсдийн зүгээс ямар оролцоотой байж болох талаар асуудал дэвшүүлсэн аж.

Нийт оролцогчид олон төрлийн сургалтад хамрагдахын зэрэгцээ баг болж хөтөлбөрийн зохион байгуулагчид болон мэргэжлийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр төсөл хэрэгжүүлэх юм байна. 

Үргэлжлүүлэн Монгол Улс дахь НҮБ-ын Суурийн зохицуулагч Тапан Мишра үг хэлсэн юм. 

Тэрбээр "Хүүхэд, залуу хүн бүр дуу хоолойгоо илэрхийлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй бөгөөд Монгол Улсын нэгдэн орсон Хүний эрхийн конвенцоор энэхүү эрхийг баталгаажуулсан байдаг. Тодруулбал, Монгол Улсын төр засаг хүүхдүүдийн амьдралд нөлөөлж буй аливаа шийдвэр гаргалтад хүүхдүүдийн оролцоог хангах, шийдвэр гаргалтад нөлөөлөх орон зайг бүрдүүлэх, боломжоор хангах үүрэгтэй" хэмээн тайлбарласан. 

НҮБ-ын Хүүхдийн сан энэ чиглэлээр зарим аймагт хамтын ажиллагаа өрнүүлж эхэлсэн бөгөөд Баянхонгор, Говь-Алтай, Хөвсгөл аймгийн хүүхэд, залуус орон нутгийнхаа шийдвэр гаргах үйл явцад аль хэдийнэ оролцоод эхэлсэн байгааг ноён Тапан Мишра энэ үеэр дуулгасан юм.

Монгол Улс дахь НҮБ-ын Суурийн зохицуулагч Тапан Мишра
 


Хөтөлбөрийн оролцогчдыг төлөөлж  нийслэлийн Хан-Уул дүүргийн төлөөлөл, "Шинэ Монгол" сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Г.Наранцацралт, цахимаар оролцож буй Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар сургуулийн 11Б ангийн сурагч М.Хүслэн нар мөн үг хэлж, нийт оролцогчдодоо амжилт хүслээ. 

Хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг улс орон даяар 9-11 дүгээр ангийн сурагчдын дунд нээлттэй зохион байгуулсан бөгөөд нийт 1000 гаруй хүсэлтээс 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөл 76 хүүхдийг шалгаруулсан байна. Мөнхүүхдийн оролцооны улсын хэмжээний байгууллагуудын төлөөлөл 14 хүүхдийн хамт нийт 90 оролцогчтойгоор“Өсвөрийн Парламент” хөтөлбөр эхэлж байна.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар: Хүн эрхээ баталгаатай эдлэх ёстой ч, тэрхүү эрх нь өөр нэгний эрхээр хязгаарлагддаг

УИХ-ын дарга Г.Занданшатар “Хүний эрх ба ардчилал” сэдвээр анхны хичээлийг заалаа.  Хүний эрхийн талаар хүүхдүүдийн хэлж байгаа бүхнийг нийт монголчууд нийгмийн гэрээ болох Үндсэн хуульдаа

“Монголын ард түмэн бид улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно

Энд дурдагдаж буй, монголчуудын байгуулахаар зорьж буй “ардчилсан нийгэм”-ийн талаарх суурь ойлголтыг тэрбээр тайлбарласан юм. Үргэлжлүүлэн тэрбээр хүний эрх, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын талаар, Монгол Улсад хүний эрхийг хэрхэн баталгаажуулсан тухай дэлгэрэнгүй мэдээлэл, тайлбар хийв.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлэгт тусгагдсан иргэн бүрийн баталгаатай эдлэх 18 эрхийн талаар нэг бүрчлэн тайлбарлаж, харилцан ярилцав. 

Хичээлийн төгсгөлд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, хүн эрхээ баталгаатай эдлэх ёстой ч, тэрхүү эрх нь өөр нэгний эрхээр хязгаарлагддаг гэдгийг цохон тэмдэглэв. Хүний эрхийн суурь бол бие биенээ хайрлан, хүндэтгэх гэдгийг тэрбээр сануулж “Нэг нэгнээ, эх дэлхийгээ хайрлаж, хүний эрхийг хүндэтгэе” хэмээн уриаллаа.