Омикрон хувилбарын халдвар тархалтаас сэргийлж нийтээр тэмдэглэх баяр ёслолоос татгалзахыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) хүмүүст уриалллаа.

ДЭМБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Тедрос Адханом Гебрейесус өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр “Олон хүний амь насыг үрэгдүүлснээс баяр ёслол тэмдэглэхгүй өнгөрүүлэх нь дээр шүү дээ ” гэжээ. Мөн тэрээр омикрон хувилбар дельта хувилбараас хурдтай тархдаг нь батлагдсан хэмээн анхаарууллаа. 

Мөн хурдын үеэр ДЭМБ-ын тэргүүн 

“Бид бүгд цар тахлын улмаас зовж байгаа. Бид бүгд гэр бүл, найз нөхөдтэйгөө баярлахыг хүсэж байгаа. Бид бүгд хэвийн амьдралдаа шилжихийг хүсэж байгаа. Үүнд хүрэх хамгийн хурдан арга бол өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалахын тулд хэцүү шийдвэр гаргах юм. Тухайлбал баяр наадмын зарим арга хэмжээгээ цуцлах. Одоо баярлаад дараа нь харамссанаас одоо цуцлаад дараа нь баярласан нь хавьгүй дээр” хэмээв.

Ирэх оны дундуур дэлхийн бүх улс орнуудын хүн амын 70 хувь вакцинжуулалтад хамрагдаж чадвал цар тахал 2022 онд дуусах боломжтой гэж төсөөлж байгаагаа тэр бас хэлсэн байна.

Европын улсууд хорио цээрийн дэглэмээ чангаруулж, иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч эхэлсэн. Тухайлбал Нидерланд улс энэ долоо хоногоос хөл хорионы хатуу дэглэмд шилжээд байгаа юм.

Харин АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден улс орноо хөл хорионы дэглэмд шилжүүлэх төлөвлөгөөгүй байгаа гэж Цагаан ордоноос өчигдөр мэдэгдсэн байна. Их Британийн ерөнхий сайд Борис Жонсоны хувьд шаардлагатай үед хэрэгжүүлэх нөөц төлөвлөгөө байгаа ч ойрын үед ямар нэг алхам хийхээр төлөвлөгөөгүй гэжээ. Гэсэн ч Лондон хотын Трафалгарын талбайд жил бүр зохион байгуулагддаг шинэ жилийн баярыг энэ жил “нийтийн аюулгүй байдлыг хангах үүднээс” цуцалсан талаар тус хотын захирагч Садик Хан мэдэгджээ.