Өнөөдөр Олон улсын Охидын өдөр тохиож буй. 

Энэ өдрийг тохиолдуулан Энэтхэгийн Мумбай хотноо 13 настай Наяша Шриваста хэмээх охин өсвөр насныханд зориулсан гоо сайхны брэндийн нээлтээ хийлээ. 

Тэр арьсаа арчлах, нүүр будалт хийх тун сонирхолтой ч түүний насанд тохирсон бүтээгдэхүүн олддоггүй байлаа. 

Наяша Энэтхэгийн зах зээлд өсвөр насны охидод зориулсан арьс арчилгааны бүтээгдэхүүн хомс байгаагаас бизнесийн санаагаа олж харжээ. Тэрбээр ээжтэйгээ зөвшилцөж зөвхөн өсвөр үеийнхний арьсанд тохирсон арьс арчилгааны брэнд гаргахаар шийджээ. 

“Girls Only” брэнд одоогоор нүүрний цэвэрлэгч, маск, уруул өнгөлөгч, чийгшүүлэгч, тоник зэрэг арав гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн худалдаалж байна.

Наяша брэндээрээ дамжуулан өсвөр үеийнхний идэвхи оролцоог нэмэгдүүлж чадна гэдэгтээ тун итгэлтэй байгаагаа хэвлэлд дурджээ. Тэр бүтээгдэхүүний чанар, сав, баглаа, боодлын дизайныг үе тэнгийн залуустайгаа хамтран гаргадаг байна. 

Түүнчлэн, энэ жилийн Олон улсын Охидын эрхийг хамгаалах өдрийг  “Бидний үе-Дижитал үе” уриан дор зохион байгуулж байгаа юм.

Дэлхийн дахинаа залуу эмэгтэйчүүдийг дэмжих, чадавхжуулах, хүйсийн тэгш бус байдлыг шийдвэрлэх, хүчирхийлэлд өртөж буй охидод туслахын тулд энэ өдрийг тэмдэглэх  болсон билээ. 


Эх сурвалж: Times of India