Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын /НМХГ/ Хөдөлмөр нийгмийн хамгаалал тусгай хяналтын хэлтэс болон  дэд бүтцийн хяналтын хэлтэс хамтран өнөөдөр мэдээлэл хийж гарсан ослын шалтгаан авсан арга хэмжээнийхээ  талаар  танилцуулсан юм.2018 он гарсаар 8 томоохон осол гарчээ. Үүний 6 нь барилгын осол байжээ. Эдгээрээс 5 хэрэг дээр цагдаа шүүхээр асуудлаа шийдүүлэхээр болсон аж. Харин 3 дээр нь МХГ зөрчил тооцон торгожээ. 

Барилгын томоохон ослын тухайд дотоодын хяналт хэрэгжүүлдэггүй, өдөр тутмын хөдөлмөрийн болоод техникийн аюулгүй байдлыг хянаж үздэггүй гол зөрчил зөрчил илэрчээ. 

Тухайлбал Үндэсний соёл амралтын хүрээлэнд хүүхдийн баярын өмнө шалгалт хийж зөвлөмж өгчээ. Тэр дунд хүүхэд унаж бэртсэн тоглоомын дээд гагнаасыг солих хэрэгтэйг сануулсан байжээ. Гэвч тухайн байгууллагыг хариуцсан ажилтан, удирдлагууд зөвлөмжийг үл тоосны үр дүнд уг осол гарсан гэв. Үүнээс үүдэн 6 эрсдэлтэй тоглоомыг хааж зөрчлийг арилгуулахаар Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн удирдлагуудад үүрэг өгчээ. Энэ тоглоом нь динозавр, гинжит тоглоом, галзуу хулгана зэрэг тоглоомууд багтсан байна.

Мөн Баянмонгол хорооллын 410 дугаар байрны баруун талд байрлах “Алтай констракшн” ХХК-ийн захиалгатай “Саруул” хорооллын дөрөвдүгээр ээлжийн барилга дээр  ноцтой осол гарсан. Уг краны угсралт засвар үйлчилгээний ажлыг чанаргүй гүйцэтгэсэн “Жинлүүр их” ХХК, “Өнөр хүч” ХХК-ий тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх дүгнэлтийг Барилга хот байгуулалтын яаманд хүргүүлж тавдугаар сарын 8-ны өдөр “Жинлүүр их” ХХК-ий тусгай зөвшөөрлийг цуцалж, “Өнөр хүч” ХХК-ий тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн байна. “Алтай констракш ХХК, “Жинлүүр их” ХХК,“Өнөр хүч” ХХК-ийг тус бүрд нь таван сая төгрөгөөр торгох арга хэмжээг авчээ.