Дэлхий даяар тархан суугаа нийт исламын шашинтнуудын ариун сар буюу “Рамадан” өнөөдөр буюу 4 дүгээр сарын 13-нд эхэлж байна. 

Энэ сарыг баяр хэмээн тэмдэглэхээс илүүтэй хүн бүр идээ ундаагаа хориглон мацаг барьдаг уламжлалтай. Ийнхүү мацаг барих нь баян ч бай ядуу ч бай хүн бүр тэгш, хорвоо дээр хэн нэгнээс илүү хүн гэж үгүй, бид нэгэн цул болж оршдогийг ойлгуулах гэсэн учир утгатай сар юм.  

Рамадан сард хүн бүр бие, хэл сэтгэлээрээ муу муухай үйл үл хийхийг эрхэм болгодог. Рамадан сар ирсэн үед диваажингийн үүд нээгдэж, тамын үүд хаагдана. Мөн шейтан буюу буг чөтгөр хүлэгдэнэ хэмээн итгэдэг байна. 


Рамадан сарыг яагаад тэмдэглэх болсон бэ?

Рамадан сар нь хижра буюу ислам он тооллын ес дэх сар болоход эхэлдэг. Хүн төрөлхтний гар дээр анхны Коран судрын мөртүүд буусан сар юм. Гэгээн элч хэмээгддэг Мухаммед өгүүлжээ "Хэн аллахад чин сэтгэлээсээ итгэн биширч, Рамадан сар ирсэн үед шан харамжийг нь Аллахаас хүсэн хүлээж, мацаг барьсан тохиолдолд түүний өнгөрсөнд үйлдсэн нүгэл хилэнц өршөөгдөх болно." 

Ийнхүү энэ ариун өдрүүдэд хүмүүс өмнө нь үйлдэж байсан муу муухай нүглээ наминчлан Аллах тэнгэртээ залбиран, мөргөл үйлдэнэ. Мөн хүн бүр дор бүрнээ сайн үйл хийж, нар жаргасны дараа ядууст зориулан ширээ засах, айлчин гийчин урих нь энэ сарын хамгийн том заншил.


Рамадан сар буюу мацаг барих ёсон 

Ислам шашинтнууд тухайн сарыг дуустал үүрийн гэгээнээс /04:36/ минутаас үдшийн бүрий буюу /19:55/ минут хүртэл ганц ч балга ус уулгүй мацаг барьдаг байна. Зарим тохиолдолд шүлсээ залгихыг ч цээрлэдэг. Ингэж цаг нь бага багаар урагшилсаар дуусдаг.

Энэхүү заншлыг “Ороза” хэмээн нэрлэдэг ба мацаг барих үйлийг исламын таван тулгуурын нэг, Исламын шашинтан хүн бүрийн ариун үүрэг гэж үздэг байна. Тухайн хүн хэдийн исламын шашинтан ч гэсэн өөрөө хүсээгүй мөн жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүд, аян замд яваа болон өвчтэй хүмүүс мацаг барихгүй байж болно.


Цээрлэх зүйлс

Идээ ундааг хориглохоос гадна хараал хэлэх, муу үйл хийх, зан авирын зохисгүй үйлдэл гаргах, мацаг барьж буй хүмүүс бэлгийн харьцаанд орохыг цээрлэнэ.  Мөн биенээс нь ямар нэгэн цус гарсан тохиолдолд тухайн өдрийн мацгийг үл тооцож, дараагийн өдөр нөхөн барьдаг байна.

Мацаг тайлах мөчид хоолоор дайлбал мацаг барьсантай дүйцэх адил буян хураасан болно. Үүнд мацаг барьсан хүний буян үл хорогдоно. Гэвч мацаг тайлахдаа зөвхөн усаар тайлвал зохино хэмээн заасан байдаг.


Рамадан сарын хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө:

-Жилд нэг удаа ийнхүү мацаг барих нь ходоо гэдэсний өвчлөлөөс 90 хувь хамгаалдаг гэж эрдэмтэд үзжээ. 

-Ходоодны ⅓-ийг усаар, ⅓-ийг хоолоор, ⅓-ийг амьсгалахад үлдээх нь тус мацгийн гол дүрмийн нэг.

-Энэ сард жимсийг түлхүү хэрэглэснээр ходоодны хүчил багасаж, сэтгэл санаа тайвширч, булчин сулрах зэрэг эерэг нөлөөлтэй.  

-Ходоод гэдэсийг амраахаас гадна хүнд тэсвэр тэвчээр суулгадаг нарийн ухаан агуулсан.

-Дотоод баясалгал хийж, бусдад тусалж, өөрийгөө гэгээрүүлэх нь сэтгэл санааны гутралд орохоос 80 хувь сэргийлдэг байна.