"Рамадан" сарын үеэр мацаг барих нь ДАШТ-ий бэлтгэлд төдийлөн нөлөөлөхгүй байгаа гэж Ираны шигшээ багийн довтлогч Реза Гучаннежад хэллээ.

Лалын шашинтнуудын баяр болох “Рамадан сар” 5 дугаар сарын 16-нд эхэлсэн бөгөөд 6 дугаар сарын 14-нд дуусах юм. Энэ хугацаанд лалын шашинтнууд мацаг барьж, нар мандахаас жаргах хүртэл хоол иддэггүй, ус уудаггүй аж.

“Рамадан сар бэлтгэлийн явцад төдийлөн их нөлөөлөхгүй байгаа. Хөл бөмбөг бол асар их бие махбодийн ачаалал шаарддаг спорт. Тиймээс бидэнд зарим нэгэн хөнгөлөлт үзүүлж байгаа” гэж Реза ярилаа.

Ираны шигшээ баг лхагва гарагт Москва орчмын Баковка дахь “Локомотив” багийн баазад хүрэлцэн ирж, бэлтгэлээ хийж эхэлжээ. Тус багийнхан гадаадынхнаас хамгийн түрүүнд Орост ирсэн билээ.

Иранчууд В хэсэгт Марокко, Испани, Португалын багуудтай учраа таарсан юм. “Мароккогийн баг бол Африк тивийн шилдгүүдийн нэг. Ер нь, манай хэсэгт маш хүчтэй багууд орсон, гэхдээ бид бууж өгөхгүй” гэж Реза хэллээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг