БНСУ-ын амьтан хамгаалагчид Солонгосын уламжлалт зоогийг бэлтгэх зорилгоор нядлах гэж байсан 200 орчим нохойг аварсан тухай “France-Presse”  агентлаг мэдээлсэн байна.

“Humane Society International” байгууллагын гишүүд Сөүл хотоос өмнө зүгт 150 км зайд байрладаг нядалгааны газраас нохойнуудыг олсон бөгөөд аварсан нохойнуудыг Канад болон Америкийн амьтдын асрамжийн газар руу явуулахаар төлөвлөөд байгаа аж. Энэхүү нядалгааны газар нь “Humane Society International” байгууллагын шахалтаар хаагдаж буй 14 дэх газар болсон байна. Ийм байдлаар 2015 оноос хойш амьтан хамгаалагчид нийт 1500 нохойг аварчээ.

БНСУ-ын Соннам хот дахь нохой нядалгааны хамгийн том газрыг амьтан хамгаалагчид хаахыг шаардаж байсан учир 2018 оны 11 дүгээр сарын 22-нд орон нутгийн эрх баригчид тус газрыг хаажээ. 

Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй нохой нядалгааны бүх газрыг хаах хүсэлтэй байгаагаа Сөүл хотын дарга Пак Вонсун өмнө нь мэдэгдсэн юм.

БНСУ-д нохойн махыг хүнсэндээ хэрэглэдэг уламжлал аажмаар үгүй болж байна. Хэдийгээр зарим иргэн энэ хүнсийг урьдын адил тансаг идээнд тооцож байгаа боловч олон иргэн, ялангуяа залуучууд нохойн махаар хийсэн хоол идэхээ больжээ гэж “The Korea Times” сонинд 2018 оны хоёрдугаар сард гарсан нийтлэлд дурджээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

/France-Presse/