"Их нарт" байгалийн нөөц газар нь Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан сумын заагт оршдог бөгөөд говийн аргалийн байршил нутгийн хамгийн зүүн хойд хил юм.

Говь, хээр хосолсон цөлөрхөг хээрийн энэ бүсэд хотгор гүдгэртэй нам дор болон хад чулуурхаг, элэгдэж эвдэрсэн хавцал, толгодорхог, уулархаг газрууд бий. Мөн говийн бүсэд оршдог ч цэнгэг булаг шанд олон байдаг нь тус нутаг дахь зэрлэг амьтдын усны чухал нөөц юм.

Их нартын хаданд аргаль, янгир зэрэг дэлхийд ховордсон амьтдаас гадна хад, цохионы ангал, ан цавуудад олон зүйлийн шувууд үүрлэсэн байдаг. 

Мөн Хульхан ам, Шинэ усны ам, Хөх усны ам, Элсний ам, Гурван хоногийн ам зэрэг булаг шанд, мод буттай байгалийн үзэсгэлэнт газрууд байхаас гадна жанжин Чойрын Их нартын туурь зэрэг түүх, соёлын дурсгалт газрууд бий.

Хээр, говийн ландшафтын унаган төрх, эко системийн тэнцвэрт байдлыг хадгалан хамгаалах, аргалийн тогтвортой өсч үржих нөхцөлийг хангах зорилгоор 1996 онд УИХ-ын 47 дугаар тогтоолоор 43.740 га талбай бүхий тус газрыг байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авчээ.


Тус газраар аялахдаа анхаарах зүйлс:

  • Ан амьтныг үргээхгүй байх
  • Шувууны үүр, ангаахай хөндөхгүй байх
  • Шинэ зам гаргахгүй
  • Хог хаягдлаа үлдээхгүй байх
  • Түүх, соёлын дурсгалыг гэмтээж, бохирдуулахгүй байх


Байгалийн үзэсгэлэн, ховор амьтад, үзвэрүүд бүрдсэн "Их нарт" байгалийн нөөц газраас гэрэл зургаар хүргэж байна. /2016 оны 10 дугаар сард авсан зургууд/


"Их нарт" байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргаа нь Дорноговь аймгийн Даланжаргалан суманд байрладаг. Даланжаргалан сум нь Дорноговь аймгийн төв Сайншанд хотоос 156 км, Улаанбаатар хотоос 305 км-т, Айраг сум нь Сайншанд хотоос 130 км, Улаанбаатар хотоос 330 км-т оршдог.