Цаг үеийн асуудал болон "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн 49 хувьтай холбоотой үүсээд буй үйл явдлын талаар Ардчилсан намаас өнөөдөр мэдэгдэл хийлээ.

Энэ үеэр АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай "Уг асуудлаар АН-ын удирдлагууд өчигдөр хуралдаад тодорхой шийдвэр гаргасан. 60 тэрбум, ЖДҮ, Эрдэнэт үйлдвэрийн 49, 51 хувь зэрэг асуудлуудад АН аль нэг бүлэглэлийг хамгаалах, хэн нэгний талд орох зүйл байхгүй. 

АН-ын зарчмын байр суурь тодорхой. Гэмт хэргийн шинжтэй үйлдэл бүрийг шударга шүүхээр оруулан хариуцлага тооцох арга хэмжээ авна. Үүнийгээ үйлдлээрээ дахин нотлоно. Дээрх хэргүүдтэй холбоотойгоор цахимаар АН-ын хангалттай гүтгэлээ. 

АН УИХ-д долоон гишүүнтэй. Гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хаацайлах боломж АН-д байхгүй. Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар МАН-ынх. МАН бол албан ёсоор 64 суудалтай, албан бус 66 суудалтай боллоо. Тэгэхээр МАН-д хэнд хариуцлага тооцох боломж, сонгуулиийн амлалтаа биелүүлэх боломж бүрэн байна. Гэтэл АН ямар нэгэн гэмт хэргийг хамгаалж байна гэсэн хий хоосон улстөржсөн байдлаа эрх баригч нам нэн даруй зогсоох хэрэгтэй. 

66 суудалтай тэд ажил хийж чадахгүй байна гэж ярьж буй бол өнөөдөр Монгол Улсад хэн ажил хийж чадах вэ гэдэг асуудал зайлшгүй тавигдана. Тиймээс одоо ажлаа хий. Телевизээр сар бүр ярьдаг шударга ёсоо тогтоо. Шударга ёсны төлөөх бүхий л тэмцлийг чинь АН халуун дотноор дэмжинэ. Харин нийгмийн эмзэг сэдэв дээр давс цацаж худлаа популизм бол ажил биш.

Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудалд бид шүүх, цагдаагийн байгууллагын дүгнэлт гарсны дараа байр сууриа хэлнэ. Тэмдэглэлийг нууцын зэрэглэлээс гаргасан орой нэвтрүүлэг гарсан. Нэвтрүүлэг ноцтой зүйлүүд гарсан. Телевизийн нэвтрүүлэгт шууд итгэж болохгүй. Ямар ч үед ямар ч хулгайг АН хамгаалахгүй.  

Сүүлийн үед санаа зовоож буй нэг асуудал бол Засгийн газрын Хэрэг газрын дарга Л.Оюун-Эрдэнэ шүүх, прокурор, цагдаагийн үүргийг бүгдийг нь гүйцэтгэж байна. Уг нь бол ЗГХЭГ-ын даргад хуулиар оногдсон, хүлээсэн хийх ажил олон байгаа. 

Гэвч харамсалтай нь сүүлийн үед энийг шоронд хий, ийм гэмт хэргийг шалгана, 1992 оны хувьчлалыг шалгана гэх зэрэг дан гэмт хэрэг ярьдаг боллоо. Л.Оюун-Эрдэнэ үнэхээр гэмт хэргийн чиглэлээр мэргэшиж ажилмаар байгаа бол түүнийг ЦЕГ-ын дарга, Улсын ерөнхий прокурор, эсвэл АТГ-ын даргаар тавивал илүү зохихоор харагдаж байна.

Ер нь бол гэм буруутай нь шүүхээр тогтоодоогүй байгаа тохиодолд хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй. Хоёрдугаарт хэн нэгэн албан тушаалтан хуульд оногдоогүй үүргээ сайн дураар биелүүлж, хэн нэгнийг телевизээр орой бүр яллаж болохгүй гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй" хэмээн мэдэгдлээ.