Онлайн худалдааны зах зээл эрчимтэй тэлж байгаа хэдий ч хэрэглэгчийг төөрөгдүүлэх, хуурч худалдан авалт хийлгэх зэрэг үйлдлүүд нэмэгдэж байна.

Өөрөөр хэлбэл онлайн худалдааны платформуудад бүтээгдэхүүний талаарх сэтгэгдэл бүгд үнэн байдаггүй аж. Тухайлбал, Amazon-д зарагдаж байгаа бүтээгдэхүүнд бичсэн сэтгэгдлийн 30 орчим хувь нь хуурамч гэжээ. Зөвхөн Amazon ч биш eBay, Walmart, eCommerce зэрэг борлуулалт нь огцом нэмэгдэж буй платформуудад ч хуурамч сэтгэгдэл олон бий. 

Онлайнаар худалдан авалт хийхэд хэрэглэгчдэд шийдвэр гаргахад хамгийн чухал зүйл бол тухайн дэлгүүр болон бүтээгдэхүүний үнэлгээ, өмнөх худалдан авагчдын сэтгэгдэл байдаг ба чанаргүй барааны борлуулалт өссөний улмаас Amazon зарим харилцагчидтайгаа хамтын ажиллагаагаа зогсооход хүрч байжээ.

CNBC-ийн мэдээлснээр Amazon-ийн зарим хэрэглэгчид жинхэнэ хэрэглэгч биш харин компаниудын бүтээгдэхүүнд од өгч, хуурамч сэтгэгдэл төлбөртэй бичдэг хүмүүс байжээ. Мөн програм хангамжийн Bazaarvoice компани 10,000 хэрэглэгчийн дунд судалгаа хийхэд 42 хувь нь хуурамч сэтгэгдэл захиалгаар бичүүлдэг брэндүүдэд итгэдэггүй гэсэн ба 82 хувь нь эдгээр брэндүүдээс дахин худалдан авалт хийхгүй гэж хариулжээ.

Ерөнхийдөө Amazon Vine, Early Reviewer болон Amazon Associates зэрэг төлбөртэй сэтгэгдэл бичих хөтөлбөрүүд байдаг. Эдгээр нь үнэгүй бүтээгдэхүүн, урамшууллаар хангаж бодит буюу үнэн сэтгэгдэл бичихийг хэрэглэгчид санал болгодог. Харин одоо үед хуурамч сэтгэгдлийг хүнээс гадна Bot-ууд хүртэл бичгэн сэтгэгдлийг нийтэлж, сөрөг комментуудыг богино хугацаанд эерэг харагдуулахад нөлөөлдөг байна.

А.Баттамир