В.Путин "насан туршдаа ерөнхийлөгч" болох бэлтгэлээ хийж байна уу

Х.Оргил
06 сарын 29, 2020

Балтийн тэнгисээс Номхон далай хүртэлх нийт 110 сая иргэн 1993 оны Үндсэн хуулинд оруулж байгаа 14 өөрчлөлтийг зөвшөөрөх эсэх тухай саналаа 7 дугаар сарын 1-нийг хүртэл өгөх юм байна.

Нэмэлт өөрчлөлтийн гол зорилго нь одоогийн 67 настай ерөнхийлөгчийг хоёр удаа 6 жилийн хугацаатайгаар сонгоход байгаа юм. Тус улсын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный Путиныг "насан туршийн ерөнхийлөгч" болох бэлтгэлээ хийж байна гэжээ.

2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэж олон нийтэд зарлаагүй ч хэрэв нэмэлт өөрчлөлт батлагдвал Орос орныг 20 жил удирдсан В.Путин 2036 хүртэл улсаа удирдах юм байна.

Нэмэлт өөрчлөлтийг өнгөрсөн 1 дүгээр сард олон нийтэд танилцуулсан бөгөөд парламентийн дээд, доод танхим хэдийн хүлээн зөвшөөрчихсөн. Олон нийтийн санал асуулгаар илүү баталгаажуулж байгаа юм. Санал асуулгыг өнгөрсөн 4 дүгээр сард явуулах байсан ч цар тахалаас болж ийнхүү хойшлуулсан байна. Шинэ үндсэн хуулийг номын дэлгүүрүүдэд хэдийн зараад эхэлсэн байна.

Бусад нэмэлт өөрчлөлтүүдийг дурдвал:

-ОХУ-ын Үндсэн хууль олон улсын хуулиас дээгүүр үйлчилнэ.

-ОХУ-ын парламентийн доод танхим болох Төрийн Дум Ерөнхий сайдын томилгоог, бусад шадар сайд, Засгийн газрын сайд нарын томилгоог батлах эрхтэй.

-ОХУ-ын үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалж байгаа өндөр албан тушаалтнууд гадаадын иргэншилтэй байж болохгүй. Үүнд. ерөнхийлөгч, ерөнхий сайд, шүүгч, бүс нутгийн удирдагчид гэх мэт.

-ОХУ-ын ерөнхийлөгч тус улсад дор хаяж 25 жил оршин суусан байх шаардлагатай.

-Парламентийн дээд танхим болох Холбооны зөвлөл дээд шүүхийн шүүгч нарыг огцруулах саналаа Ерөнхийлөгчид тавьж болно.

-Хууль сахиулах байгууллагуудын удирдлагуудыг Холбооны зөвлөлтэй зөвшилцсөний үндсэн дээр Ерөнхийлөгч томилно.

-Тэтгэвэрийг инфляцитай уялдуулж индексжүүлнэ.

-Ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. 

Холбоотой сэдвүүд

оху оху-ын ерөнхийлөгч путин

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.