Паркинсоны хууль бол мөнгөтэй харьцахад ашиглагддаг хамгийн чухал бөгөөд алдартай хуулиудын нэг. Уг хуулийг английн зохиолч Норткот Паркинсон олон жилийн өмнө боловсруулсан бөгөөд яагаад ихэнх хүмүүс насан эцэс хүртлээ ядуу амьдардаг болохыг тайлбарлажээ. 


Хууль үйлчлэх зарчим 

Хүн олдог мөнгөнийхөө хэмжээнээс үл хамааран байгаа бүх мөнгөө эсвэл бүр түүнээс ч ихийг үрэх хандлагатай байдаг тухай энэхүү хуульд дурьджээ. Бидний зарлага орлогоос шууд хамааралтай, хамт өсөн нэмэгдэж байдаг. Хүмүүс карьерийнхаа оргил үедээ олж байсан мөнгөнөөс хэд дахин ихийг олдог болсон ч гэсэн тогтсон амьдралын хэв маягаар үргэлжлүүлэн амьдрахын тулд байгаа бүхнээ зарцуулдаг гэнэ. Ажиллаж олсон мөнгөний хэмжээнээс үл хамааран мөнгө хэзээд хангалтгүй байгаа мэт санагддаг шүү дээ.

Паркинсоны хуулиас хийсэн дүгнэлт №1 

“Паркинсоны хуулийг зөрчиж байж санхүүгийн эрх чөлөөнд хүрнэ”

Хүмүүс мөнгөний урхинд орчихдогийг Паркинсоны хууль харуулж байна. Урхинд орсон хүмүүс өр тавьж, байнга л мөнгөний талаар бодож, хэзээ мөдгүй дампуурлын ирмэгт ирчихсэн мэт санаа зовж амьдардаг. Олсон бүхнээ үрэх ёстой гэсэн тогтсон үзлээ ялан дийлэх сэтгэлийн хаттай болсон цагт Та мөнгө хурааж эхэлнэ. 

Паркинсоны хуулиас хийсэн дүгнэлт №2 

“Зарлага тань орлогоо даган өсдөггүй, тогтсон хэмжээндээ байхаар зохицуулалт хийж чадвал Та үлдсэн мөнгөө хэмнэх эсвэл түүгээрээ хөрөнгө оруулалт хийж, хэсэг хугацааны дараа санхүүгийн хараат бус байдалд хүрч чадах юм” 

Энэ бол хамгийн чухал дүгнэлт. Хэрэв та өсөн нэмэгдэж буй орлого, түүнийг даган өсөх зарлага хоёрын хоорондын шууд хамаарлыг таслан, зөрүү мөнгийг ухаалгаар зохицуулж чадсан цагт хуримтлал үүсгэж, мөнгөний урхинаас гарч чадна. 

Паркинсоны хуулийг амьдралдаа хэрэгжүүлж эхлэхийн тулд 

дараах зөвлөгөөг дагаарай: 


  1. Таны санхүүгийн байдал хүндэрч, хоосроход хүрчээ гээд төсөөлөөд үздээ. Байдлыг засахын тулд Та чухал биш зарлагаа танаж, сарын турш зайлшгүй төлөх шаардлагатай төлбөр тооцооны жагсаалт гаргаж тэр мөнгөн дүндээ тааруулан мөнгөө зарцуулаарай. Гарч байгаа зарлага бүрийг сайтар судлах хэрэгтэй. “Энэ үнэхээр чухал шаардлагатай байсан уу?”гэх байдлаар зарлага бүрийнхээ үндэслэлийг гаргана. Дараагийн 3 сарын турш зарлагынхаа 10%-ийг танах зорилго тавин хэмнэлттэй амьдарч эхлээрэй. 
  2. Орлого нэмэгдсэн хэмжээний 50%-ийг хадгална эсвэл хөрөнгө оруулалт хийнэ гэсэн шийдвэрийг гарга. Идэвхтэй ажиллаж байгаа насан дээрээ орлогынхоо үлдсэн 50%-иар амьдарч хэвшээрэй.