Р.Баярсүрэн: Аав ээж нь дохионы хэлгүй бол сонсголгүй хүүхдийн сэтгэхүй хоцрогддог

ГАНБАТЫН БАТЗАЯА
09 сарын 01, 2023

Өнгөц харвал дохиж зангаад, гар хуруугаа савчаад байгаа юм шиг харагдавч цаанаа л нэг чин сэтгэлээсээ, өөд өөдөөсөө, нүд нүд рүүгээ харж байгаад яриа дэлгэх хүүхдүүд. Тэд бол 29-р тусгай сургуулийн сурагчид. Монгол орны өнцөг булан бүрт байгаа сурагчдын адил тэд өнөөдөр анги танхимдаа цуглаж, найз нөхөдтэйгээ уулзаж, хөөр баяр дүүрэн  шинэ хичээлийн жилээ угтаж байна.

Хэдийгээр 29-р сургуулийн нэрийн өмнө тусгай гэх тодотгол дагалддаг ч сурагчид нь бусадтай л адил эгэл жирийн хүүхдүүд. Харин ганцхан ялгаа нь дохионы хэл. Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй сурагчид үгээр илэрхийлэх зүйлсийг гараар дүрсэлж, дохионы хэлээр хоорондоо харилцана.

Гэвч тэдний гэр бүл, тусгай сургуулийн багш нар, найз нөхдөөс нь бусад хүн энэ хэлийг нь мэдэхгүй. Ийм болохоор сургууль бол тэдний хувьд нийгмийн харилцаанд хамгийн идэвхтэй оролцох боломжтой орчин. Тэд энд ирж суралцахаас гадна, найз нөхөдтэйгээ уулзаж, дотоод сэтгэлээ уудалж, ярьж чаддаг учраас сургуульдаа дуртай. 

Зуны турш хичээл хурдан ороосой, найзууд дээрээ очих юм сан гэж хүсэн хүлээсэн өдөр нь өнөөдөр.

    Дохионы хэл бол сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн төрөлх эх хэл гэж үздэг. Гэвч 29-р тусгай сургуульд орж ирж буй нэгдүгээр ангийн сурагчдын олонх нь дохионы хэлний анхан шатны мэдлэггүй орж ирдэг. Энэ нь эцэг эхчүүд хүүхдээ эрт оношлуулж чадаагүйтэй холбоотой. 

Р.Баярсүрэн 29-р тусгай сургуульд 22 дахь жилдээ багшилж байна. Одоо дунд, ахлах ангийн сурагчдад нийгмийн ухааны хичээл заадаг.

Манай улсын хувьд алслагдмал газар ихтэй, энэ талын мэдээ мэдээлэл хомс учраас эцэг эхчүүд хүүхдийнхээ сонсголын бэрхшээлийг эрт оношлуулж, нийгмийн харилцаанд эрт оролцуулж чадахгүй байна. Гэрт нь байлгаж байгаад гэнэт сургуульд оруулчихдаг. Дохионы хэлний анхан шатны мэдлэггүй ийм хүүхдүүд маш их ирдэг. Аав, ээж гэж дохиж мэдэхгүй хүүхдүүд сургуульд орж байна. 

    Харин маш цөөхөн хүүхэд 186-р тусгай цэцэрлэгт хамрагдаад дохионы хэлтэй болчихсон орж ирдэг.  Сүүлийн үед улсын болон орон нутгийн зарим эмнэлэгт хүүхдийг төрөнгүүт нь бичлэг хийгээд сонсголын бэрхшээлтэй эсэхийг нь шалгаж байна. Ингээд төрсөн цагаас нь оношийг нь мэдчихвэл хэл засалч болон мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Зарим тохиолдолд дунгийн суулгац хийлгээд сонсгол нь сайжирч, нэгдүгээр ангиасаа бусад хүүхэдтэй энгийн сургуульд зэрэгцээд суралцдаг. 

Гэтэл зарим эцэг эх арга хэмжээ авалгүй явсаар байгаад нэгдүгээр ангид орж ирэх тохиолдол их байна. Нялх байхаас нь хүүхэдтэйгээ харилцаад сонсголын бэрхшээлтэй байвал дохионы хэлийг нь сурах хэрэгтэй болдог. Дохионы хэлтэй болсноор хүүхэдтэйгээ илүү ойлголцоно. Хэрэв аав ээж нь дохионы хэлгүйгээс болоод харилцаж чадахгүй бол хүүхдийн сэтгэхүй хоцрогдолд орж, нийгмийн харилцаанд ороход бэрхшээл үүсдэг. Тийм болохоор сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй бол хамгийн түрүүнд дохионы хэлийг сайн сурч эзэмшсэн байх ёстой.


Хүүхэдтэйгээ дотно сайхан ярилцаж, дотоод сэтгэлийг нь ойлгохыг хүсч байвал дохионы хэл сурах хэрэгтэй юм.  

н.Энхмэнд /29-р сургуулийн 9-а ангийн сурагч/ 


Би бүх төрлийн спортод дуртайгаас гадна зураг зурах авьяастай. Бас маш олон төрлийн кино үзэж байсан. Кино найруулагчийн ажил сонирхолтой санагддаг болохоор ийм мэргэжилтэй болохыг маш их хүсдэг. Зуны амралтаараа хөдөө бор болтлоо, аялалаа. Амарч ирээд найзуудтайгаа уулзсандаа баяртай байна. Найзуудын зарим нь өндөр болсон ч зарим нь болохоор яг хэвээрээ. Тэд нартайгаа уулзахад аз жаргалтай, хөгжилтэй сайхан байна. Би сул сонсголтой болохоор хүмүүстэй амны хайрцгаар ярьж, ойлголцдог. Найзуудтайгаа дандаа дохиогоор ярьж, бас сонсголгүй найзууддаа зарим үгийн утгыг тайлбарлаж өгдөг. 

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.