Энэ  удаагийн “Special interview” ярилцлагын буландаа Youtube хуудаснаа "Red Burger" channel-ийг хөтлөн явуулж, аймшгийн киног нүдэнд харагдаж, чихэнд сонсогдтол ярьж өгдгөөрөө олонд танигдсан Жоржийг онцоллоо. 17 настай хүүгээс гармааргүй баргил, өвөрмөц хоолой нь түүнийг бусад кино тайлбарлагчдаас онцгой болгодог билээ. 

-Нэрээ нууцлахыг хүссэн тул Youtube хуудсаа яагаад Red Burger гэж нэрлэсэн тухайгаас яриагаа эхлэе?

-Ямар нэг утга учиртай гээд яривал гоё л байх. Гэхдээ зүгээр л хачин бас этгээд, хэлэхэд амархан болохоор нь л өгчихсөн. Бургер эсвэл улаан өнгөндөө дуртайдаа энэ нэрийг сонгосон гэсэн үг биш. Зүгээр л өгчихсөн гэх үү дээ.


-Хэзээнээс Youtube Channel-даа контент оруулж эхэлсэн бэ?

-Өмнө нь  би хүүхдүүдэд чиглэсэн “Chubby Bunny”, илбэ заах гэх мэт бичлэг хийж үзсэн. Ингээд бичлэг хийхээ хэсэг болиод жилийн гаруйн өмнөөс аймшгийн өгүүллэг уншиж эхэлсэн. Сувгийнхаа нэрийг өөрчлөөд мөн бүх өмнөх бүх бичлэгээ private болгоод шинээр эхлүүлсэн. 


-Видео контент хийх хэн бүхэн хийх хялбар ажил биш. Бичлэгээ хэрхэн эдит хийж, эвлүүлж сурсан бэ?

-Анх хүүхдэд зориулсан бичлэг хийж байхдаа л бичлэг сонирхож эвлүүлээд сурчихсан. Өгүүллэг уншдаг байхад ч тийм ч их засвар, монтаж хийх шаардлагагүй учраас хялбар байсан. Одоо бол бүтэн кино тайлбарлаж байгаа учраас нэлээн хэдэн өдөр дамнаж эдит хийдэг. Сонирхуулахад, би бүх бичлэгээ гар утас дээрээ эвлүүлдэг. Бүгд л мэддэг байх. Kine Master аппликейшн дээр хийчихдэг юм. Эдит хийхээс илүүтэй бичлэгийн тайлбар бичихэд цаг хугацаа, судалгаа их шаардагддаг. Тоо бодохтой адилгүй нь ажил л даа. /инээв/ 

Зарим үед хүчлээд ч онгод орж ирэхгүй үе байдаг. Хүмүүс киноныхоо бүх дүрсийг эвлүүлээд, микрофоныхоо урд суугаад ярьчихдаг гэж ойлгодог юм билээ. Гэтэл унших бүх текстээ бичнэ, хаана нь хөнгөн хошигнох, логик уялдааг нь оруулах вэ гээд  бодох зүйл их бий.


\


-Өгүүллэг уншдаг гэсэн шүү дээ. Ямар  нэгэн дугуйланд өмнө нь явж байсан уу. Яаж хүүхэд мөртлөө мэргэжлийн хүн шиг ингэж уншдаг юм бэ?

-Би 86 дугаар сургуульд есдүгээр анги хүртлээ суралцсан. Энэ хугацаандаа сургуулийнхаа радиод хэсэг ажилласан юм. Хамгийн анхны ярих туршлагыг эндээс олж авсан. Ер нь багаасаа ярих, илтгэх ур чадвар сонирхсон маань миний давуу тал. Өгүүллэг бичих дуртай байсан бас нөлөөлсөн. Гоё хоолойтой гэдгээ мэддэг байсан. /инээв/


-Бичлэг хийх хүсэлтэй ч сайн камер, компьютергүй юм чинь гээд зорилгоо бодит болгож чадахгүй байгаа залуус бий. Таны хувьд анх ямар техник хэрэгсэлтэйгээр эхлүүлж байв?

-Анх том хичээлийн дэвтэр, жижигхэн дэвтэр хоёрыг босгож хайрцаглан тавиад ярьж эхэлсэн. Нэг ёсондоо вакум орчин бүрдүүлж байгаа хэрэг. Бас одоог хүртэл хэрэглэдэг энгэрийн жижиг микрофоноо үзэг балны савандаа хийгээд өгүүллэгээ уншдаг. Бичлэгээ янзлахдаа гар утсаараа хийчихдэг. Ер нь бол хийе гэвэл арга нь олддог шүү дээ. Интернэт хөгжчихсөн байхад сурах арга зөндөө бий.


Кино текст уншихдаа вакуум орчин бүрдүүлж байгаа нь...


-Өгүүллэг бичих, кино тайлбарлахаас гадна өөр ямар сонирхолтой вэ?

-Кино үзэх үнэхээр дуртай. Би хэзээ ч дургүй юмаа хийж чадахгүй төрлийн хүн. Тийм болохоор магадгүй кино тайлбарлаж эхэлсэн байх. Бас зураг зурах дуртай. Тултал нь хөгжүүлээгүй ч энгийн хүнээс арай дээр хийж чаддаг сонирхлууд олон байдаг.

Хэрвээ миний инстаграм хаягийг мэдэх бол зурсан зургуудаасаа оруулдаг.



-Ямар нэгэн гадаад хэлний мэдлэгээ кино тайлбарлахдаа ашигладаг уу?

-Гадаад хэлний хувьд гэвэл англи хэлтэй. Хувийн сургуульд сурч байгаагүй, үнэтэй сургалтад нь ч сууж байгаагүй. Миний англи хэлний багш бол интернет л гэж хэлнэ. Кинонд дуртай болохоор багаасаа л англи хэл дээр кино үздэг байсан. 

Зарим үгсийг орчуулаад хэрэггүй гэж боддог. Жишээ нь “iconic”, “box office”, “budget” зэрэг мэргэжлийн хэллэгийг орчуулалгүй орхидог. Гэхдээ аль болох хүнд ойлгомжтой, байж болох хамгийн энгийн түвшинд хүртэл нь буулгахыг хичээдэг. 


-Миний нэг танил аймшгийн кино үзэхдээ бүх хөшгөө хааж байгаад, ганцаараа байхдаа үздэг юм л даа. Ер нь яагаад энэ олон кино жанр дундаас аймшгийн киног онцолсон юм бэ?

-Таны танилтай адил би ч гэсэн багаасаа аймшгийн кино үзэх дуртай байсан. Би бусад хүмүүсийн үзээд ойлгодоггүй, үзэх дургүй киног үзэх дуртай.


-Бас анхны аймшгийн подкаст хийж байсан шүү дээ?

-Подкаст хийх санааг анх өөрөө бодож олоогүй. Өгүүллэг уншдаг байхад хүмүүс над руу өөрт тохиолдсон аймшигт явдлуудаа байнга явуулдаг байсан юм л даа. Нэг хүн над руу яриад “Би өөрт тохиолдсон явдлаа ярьж өгмөөр байна. Бичихээр үнэмшилгүй санагдаад...” гэсэн юм. Ингээд бид хоёр утсаар цаг гаруй ярьсан. Энэ яриагаа бичлэг хэлбэрээр хадгалчихсан. Дахиад сонссон чинь их сонирхолтой санагдаад подкаст болгоод Youtube хуудастаа оруулж байсан. 


-Цааш контент үргэлжлүүлэх хийх урам зориг өгсөн, олон хүнд хүрсэн бичлэг аль нь вэ?

-Youtube дээр 30 гаруй мянган дагагчтай байх үедээ “Хүн жаран хөлт”-ийг оруулж байсан. Энэ бичлэгээс хойш сар гаруй болоход 10 мянга гаруйгаар дагагчийн тоо нэмэгдсэн. Одоо тэр бичлэг бараг 300 мянга гаруй үзэлттэй. Миний хувьд шинэ эхлэл, урам зориг өгсөн бичлэг л дээ. 


-Хамгийн их хандалттай бичлэг нь үү?

-Тийм байсан ч саяхан оруулсан “As the Gods Will (2014)” Япон киноны тухай бичлэг 491 мянгаар хамгийн өндөр үзэлттэй бичлэг болсон.

Түүний Youtube сувагт хамгийн өндөр хандаллтай бичлэгийг доорх линк дээр даран үзээрэй↴



-Youtube-ээс ашиг олж чадаж байна уу?

-Үзэгчдийн CPN гэж нэг зүйл бий л дээ. Америкийг бодвол Монголоос үзэхэд арай ханш нь бага. Гэхдээ боломжийн орлоготой. Арван жилийн хүүхдийн хэрэгцээг хангахуйц орлого олчихдог. Сүүлийн үед бараг аав, ээжээсээ мөнгө аваагүй юм байна. 


-Одоо 100 мянган дагагчтай шүү дээ. Энэ мэдрэмж ямар байна анхнаасаа ийм амжилтад заавал хүрнэ дээ гээд төлөвлөчихсөн байсан уу?

Багаасаа л “Silver Button”-ийг мөрөөддөг байсан. Гэхдээ анх өгүүллэг уншиж эхлэхдээ бол төлөвлөж эхлээгүй. Миний танилууд дунд ч одоо ийм юм хийнэ, ингэж амжилтад хүрнэ гэсэн хүмүүс байдаг. Гэхдээ хэн нь ч хийж эхлээгүй. Мэдээж хэнд ч ямар нэгэн зүйл хийх санаа бий, үүнийгээ хэрэгжүүлдэг нь л ховор. Миний хувьд зүгээр л хийгээд эхлүүлчихсэн, үүнээсээ бага багаар суралцаад явж байна. 

-Сүүлд “Бидэн дунд” гээд аймшгийн кинон дээр бичлэг хийсэн байсан. Ер нь Монгол аймшгийн киноны талаар ямар сэтгэгдэлтэй явдаг вэ?

-Цөөхөн хэдэн сайн кинонууд  бий. “Ядуугийн зовлон” бол мэдээж классик. “3:30”-ийг мөн дурдаж болох юм. Уг нь шинэ кино бүрийг алгасахгүй үзэхийг хичээдэг. Заримдаа мэргэжлийн бус хүмүүс мэргэжлийн зүйл хийх гээд байгаа юм шиг санагддаг. Бас энэ жанрын киногоо үздэггүй ч гэх юм уу, мэдрэмжгүй хүмүүс хийгээд байх шиг санагддаг. Тэгэхдээ энэ маш том сэдэв учраас сайн судалж байж ярих хэрэгтэй.

 

-Киноноос хүн гоё кайф авахын тулд өмнө нь тухайн үзэх гэж буйгаа киногоо судлах ёстой юм болов уу эсвэл зүгээр л үзчихсэн нь дээр үү?

-Хүн бүрийн киног хүлээж авах мэдрэмж өөр л дөө. Хүмүүсийн дийлэнх нь томоохон франчайз буюу тулалдаантай Кинг Конг мэтийн киноноос кайф аваад байх шиг ажиглагддаг. Миний хувьд гэвэл эсрэгээрээ бусад хүмүүсийн үзээд уйдчихдаг кинонд дуртай. Зураг авалт, хөгжим, диалоги зэрэг энгийн үзэгчдийн тоохгүй деталийг харж үздэг. 

Мөн зүгээр л юу ч бодолгүй, тархиа “унтраагаад” үзэх кинонууд ч бий. MCU-ийн кинонууд их таалагддаг. Сүүлд WandaVision үзсэн. Өмнө нь хэзээ ч үзэж байгаагүй art house, action хосолсон кино байсан. 


-Одоо киноны тухай сэдвээ энэ хүргээд түр зогсоогоод хувийн амьдралын тань талаар багахан ярилцъя. Найз охинтой юу?

-Одоохондоо найз охингүй. Хайрыг тийм ч их чухал гэж боддоггүй. Яахав хачин сонсогдож магадгүй ч угаасаа одоо хүүхэд болохоор хараахан үзэл бодол төлөвшөөгүй байна. Саяхныг хүртэл би огт хүнтэй гэрлэхгүй ч гэж боддог байсан. Бусдад цаг заваа зарцуулалгүй, зөвхөн өөртөө бүх юмаа зориулна гэсэн бодолтой. Ер нь үзэл бодол бага багаар өөрчлөгдсөөр л байгаа. Нэг л өдөр хэн нэгэн гарч ирнэ гэдэгт итгэдэг. 


-Хэр ирээдүйгээ төлөвлөдөг вэ?

-Ирээдүйд би ингэнэ, тэгнэ гэж ерөөсөө төлөвлөдөггүй. Одоо цагтаа амьдрах дуртай. Хичээлээ хийж байгаа бол хичээлдээ, бичлэгээ эдитлэж байгаа бол яг хийж буй зүйлдээ л анхаарлаа хандуулдаг. Тэгэхдээ өнөөдрөөрөө амьдралаа гэдэг нь маргаашаа боддоггүй гэсэн үг биш. Хүн зүгээр л дуртай юмаа хийгээд явахад ямар ч мэргэжил байсан амжилтад хүрнэ гэж боддог.


-Танай үеийн хүүхдүүдийн онцлог ямар байна?

-Үнэхээр мундаг хүүхдүүд ч байгаа, бүр юу ч хийж чаддаггүй нь ч бий. Миний хувьд гэвэл хичээл зүтгэл тааруу хүүхдүүдээс өөрийгөө тусгаарлаж, өөрөөсөө илүү чадвартай хүмүүс олон байдгийг ойлгож, илүү ихээр суралцаж хөгжих дуртай. Хүн байгаа хүрээллээ дагаад тэр урсгалдаа гацчих гээд байдаг. 


-Залуусын нийтлэг хэлдэг зүйл нь би хувийн сургуульд эсвэл сургалтад сууж чадаагүй болохоор Англи хэл сураагүй гэдэг. Гэтэл гадаад хэлийг сурна гэдэг 100 хувь багш, сургуулиас хамааралгүй гэдгийг өөрөө баталчихлаа…

-Бүх хүний хийж чаддаг зүйл юу гээч. Ерөөсөө гоншгонох, шалтаг тоочих. 

Саяхан нэг кино сайт хаагдахад хүмүүс зөндөө бухимдлаа. Одоо хаанаас кино үзэх, яаж ойлгох вэ гээд уурлаж бухимдаж байсан. Зарим хүмүүс англи хэлгүй байгаагаа энгийн зүйл мэт ойлгоод байна. Гэтэл энэ даяарчлагдсан нийгэмд хэл сурах зөндөө боломж байна шүү дээ. Интернетээс хүссэн бүх хичээлээ олж болно. Ядаж л кино үз л дээ. 

Миний хувьд “Friends”, “Office” зэрэг цувралыг үзээд мэдэхгүй үг гарвал дэвтэр дээрээ бичиж байгаад цээжилдэг. Ингээд шинээр сурсан үгнүүдээ ашиглаад өдөрт өөртэйгөө байнга ярьдаг. Ийм мэтийн жижигхэн зүйлсийг амьдралын хэв маягтаа оруулж ирснээр нэг л мэдэхэд сурчихсан байдаг.



-Аав ээж нь хэр дэмждэг вэ?

-Анх ч гэсэн намайг Youtube хуудас нээхэд хамгийн их дэмжсэн хүмүүс бол манай аав, ээж хоёр. Миний үнэнч фэнүүд л дээ. Аав, ээжтэйгээ маш ойрхон, нээлттэй харилцдаг. Ер нь гэр бүлийнхэнтэйгээ хөгжилтэй байх дуртай. 


-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа