“Яагаад гуних ёстой юм, тэнгэрт одоо ч гэсэн нар байна

Яваад өгсөн бусдын араас шаналж суугаад яах вэ?

Ялгаа байхгүй чи, бид хоёрт хор шар болон гар байна

Яаж ч унасан дүрэлзэнэ, би шатаж байгаа гал байна” гэж дуулах реппэр TunderZ буюу Баярсайханы Өлзий-Орших ирэх есдүгээр сарын 9-ний өдөр хүсэл мөрөөдлөө биелүүлж, “Нэг л өдөр” бие даасан анхны тоглолтоо хийхээр бэлтгэл ажилдаа шамдаж буй. 

"Хүмүүст хамгийн түрүүнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн талаар хамгийн зөв зүйтэй ойлголт өгсөн дуучин" гэж фенүүд нь тодотгон магтдаг юм билээ. “Дуулсан дуу бүрийг нь сонсоод үзээрэй, залуус аа! Нүд чинь нээгдэнэ” гэж нэгэн фен нь цахим хуудастаа бичжээ._ 

Tunderz 1995 оны дөрөвдүгээр сарын 24-нд Завхан аймгийн Тосонцэнгэлд төрж, эмээ, ээж хоёртойгоо өссөн, айлын ганц хүү аж. Нийслэлийн 75-р сургуулийг дүүргэсэн бөгөөд математикийн хичээлдээ сайн, орос хэлдээ тааруу сурагч байжээ. 

Үндэсний бөхөөр хичээллэдэг байсан, Монголын анхны хип хоп тэмцээний ялагч. Программ хангамжийн инженер мэргэжилтэй. Монголын соло уран бүтээлчдээс Youtube суваг дээр 100 мянган дагагчтай болсон анхны уран бүтээлч. Дууныхаа үгийг өөрөө бичдэг, гудамжны реп дэмбээгээр урлагийн замд орох гараагаа эхэлсэн гэдэг. 

Тэрбээр удахгүй болох тоглолтынхоо талаар цахим хуудастаа:

“Энэ хүртэл хамтдаа байсан бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ би баярлалаа гэж хэлмээр байна. Энэ 10 жил надад дэндүү адал явдалтай байлаа. Багын мөрөөдлөө биелүүлэхийг би маш их хүссэн юм аа. Заримдаа бас шантрах өдрүүд байсан, гэхдээ маргааш нь би дахиад л сэргэдэг. 

Би биш бид энэ хүртэл явлаа. Багийнхандаа бүгдэд нь баярлалаа. Энэ есдүгээр сарын 9-нд хийх тоглолт бидний хувьд маш чухал. Зөвхөн мөнгө олохдоо биш, сэтгэл ханамж аваад, дараа бахархан дурсаж ярихын тулд хийж байгаа зүйл билээ. Дүүрэн үзэгчтэй байлгахын тулд бид тоглолтын тасалбараа боломжит хамгийн хямдаар тавьсан, хамгийн сайнаар ч хийх болно. Тоглолтын зардалыг бүгдийг нь тоглолтоо гоё болгоход зориулан ажиллана.

Бид өдөр, шөнөгүй бэлдэж, шинэ дуунууд болон тайзны бэлтгэлүүд явж байгаа болохоор хамгийн чухал зүйл нь дэмжигчдийн маань үзэлт, цааш түгээлт билээ. Тоглолт дээр уулзацгаая! Хоног тоолон хүлээж, хором бүрт бэлдэх болно. 146 Өлзий-Учрал” гэж бичжээ.