Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өнгөрсөн баасан гарагт “Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торресийг хүлээн авч уулзав.

Энэ үеэр талууд "Оюу Толгой" төслийн гүнийн уурхайн бүтээн байгуулалтын явц, энэ долоо хоногийн эхээр тус уурхайд гарсан галын талаар ярилцаж, харилцан мэдээлэл солилцлоо. Галын шалтгаан нөхцлийг тогтоохоор Монгол Улсын холбогдох байгууллагууд болон Австрали Улсаас хүрэлцэн ирсэн мэргэжлийн тусгай баг ажиллаж байгаа, галын үеэр хүний эрүүл мэнд, амь насанд ямар нэгэн хохирол учраагүй гэдгийг гүйцэтгэх захирал Армандо Торрес мэдэгдлээ.

Мөн тэрбээр цаашид хөдөлмөрийн аюулгүй байдлын холбогдох дүрэм, журмуудыг чанд баримталж, компанийн зүгээс аюул, осолгүй уул уурхайн үйл ажиллагааг тэргүүн ээлжинд чухалчлан  үзэж  ирснийг үргэлжлүүлэх болно гэдгээ мэдэгдэв. Галын шалтгаан, нөхцөл тодорхой болмогц холбогдох байгууллагуудад шуурхай мэдээлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар компанийн удирдлагуудад үүрэг болголоо.

"Оюу Толгой" төслийн үйл ажиллагааг харилцан ойлголцол, итгэлцэл, харилцан ашигтай байх зарчимд тулгуурлан цаашид тасралтгүй үргэлжлүүлэх нь зүйтэй гэдэг байр суурийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд илэрхийлэв.


Эх сурвалж: УУХҮЯ