Өмнөд Солонгосын технологийн тэргүүлэгч компани Samsung Electronics мэдээлснээр энэ оны 1-3-р сар хүртэлх хугацаанд цэвэр ашиг 11.32 их наяд вон (8.9 тэрбум доллар) болсон нь өмнөх оноос  58.57 хувиар өссөн байна.

Энэ нь санах ойн чипний эрэлт тогтвортой байдал болон ухаалаг утасны өндөр борлуулалттай холбоотой. Тус компани нь Солонгосын эдийн засгийн эргэлтэд маш чухал нөлөө үзүүлдэг бөгөөд үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүний тавны нэгтэй тэнцэж байна.


Moody's Investors Service-ийн дэд ерөнхийлөгч Глория Цуэн AFP-д өгсөн ярилцлагадаа “Америкийн Western Digital фирм болон Японы Kioxia компанийн эзэмшдэг NAND флаш чипний үйлдвэр тасалдсан нь "зах зээлийн нийлүүлэлт багассан"-ын улмаас Samsung-д ашигтай байсан гэж хэлжээ.

Counterpoint судалгааны фирмийн мэдээлснээр тус компанийн ухаалаг гар утасны шинэ загвар болох Galaxy S22 цуврал нь АНУ-д гарсан эхний гурван долоо хоногт S21-ээс 60 хувиар илүү зарагдсан байна.


"1-р улиралд худалдаанд гарснаас хойш Galaxy S22 цувралын борлуулалт өндөр байгаа нь орлогын өсөлтөд нөлөөлсөн. S-Pen бүхий Galaxy S22 Ultra ухаалаг гар утас нь Galaxy Note хэрэглэгчдээс эерэг сэтгэгдэл авсан" гэж Samsung мэдэгдэлдээ дурджээ.


Компанийн үйл ажиллагааны ашиг 50.50 хувиар өсч 14.12 их наяд вон болсон бол орлого нь мөн 18.95 хувиар өсч 77.78 их наяд вон болжээ.


Арваннэгдүгээр сард Техас мужид 17 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт бүхий чипний үйлдвэр байгуулахаа зарласан. Уг үйлдвэр 2024 оны эцэс гэхэд ашиглалтад орох төлөвтэй байна.

Samsung нь хиймэл оюун ухаан, робот техник, 5G/6G харилцаа холбоо зэрэг дэвшилтэт технологийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт хийсээр байгаа юм.


Эх сурвалж: Japan Today

Х.Даваахүү