Олон улсын сансарын станцад ажиллаж байгаа  Expedition 66 багийн гишүүд зул сарын баярын мэндчилгээ эх дэлхий рүү илгээжээ. АНУ-ын сансарын NASA агентлагийн нисгэгчид болох Ража Чари, Томас Машбурн, Кайла Баррон, Марк Ванде Хэй, Европын сансарын агентлаг ESA-гийн нисгэгч Матиас Маурер, ОХУ-ын сансарын агентлаг Roscosmos-ийн нисгэгч Антон Шкаплеров, Пётр Дубров нар сансарын тойрог замд шинэ жилээ үдэх гэж байгаа юм.

Хөлгийн багийн гишүүд зул сарын баяр тэдэнд ямар утга учиртай баяр болох тухай мөн гэр бүлтэйгээ өнгөрүүлсэн хүүхэд насны дурсамжаасаа хуваалцсан байна.

Зул сарын баярын улаан цамц өмссөн, толгойдоо гэрэлтдэг цаа бугын эвэр зүүсэн сансарын нисгэгч эмэгтэй Кайла Баррон "Жилийн энэ үеийг би үргэлж тэсэн ядан хүлээдэг. Яагаад гэвэл хичнээн ажилтай байсан ч гэртээ заавал харьж гэр бүлтэйгээ уулздаг байсан. Бид хэдийгээр энэ жил сансарт байгаа ч гэсэн бид сансарын гэр бүлтэйгээ тэмдэглэж байна" гэж хэлжээ. Тэрээр өнгөрсөн арваннэгдүгээр сарын 10-нд SpaceX компанийн Crew3 сансарын хөлгөөр Чари, Машбурн, Маурер нартай хамт хөөрч, арваннэгдүгээр сарын 11-нд олон улсын сансарын станцтай холбогдсон юм. Тэд 2022 оны дөрөвдүгээр сараас нааш эх дэлхийдээ эргэж ирэхгүй юм.

Олон улсын сансарын станц дэлхийг 90 минут тутамд нэг удаа тойрдог буюу 24 цагт 16 удаа тойрно гэсэн үг. Тийм учраас станцын багийн гишүүд шинэ жилийг 16 удаа тэмдэглэнэ гэсэн үг юм.