Шинэ ном: Баримтат киноны ДАВААНЯМ

Хүдэрчулууны Хулан
10 сарын 30, 2025

 Peak.mn: Монгол киноны 90 жилийн ойн үзэсгэлэнд нэгэн шинэхэн номын "өлгийг задалсан" нь "Баримтат киноны Давааням". Зохиолын эзэн баримтат киноны төрөлд дагнан 60 шахам жил ажиллахдаа өвөл зун, өглөө оройг ялгалгүй, эргэх дөрвөн цагийн араншин ган зуд, салхи шуурга, үер усыг үл ажран өндөр уулсыг давж, өргөн мөрнийг гатлан, нийгэм улс төр, соёл боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, газар тариалан, аж үйлдвэржилт их бүтээн байгуулалтыг харуулсан 400 гаруй баримтат кино, кино мэдээ бүтээж, 80 гаруй кино найруулж, сэтгүүлийн 152 бүлэгт сюжет /зураглал/ авч, 21 аймгийн 345 сум нэгдэл, сангийн аж ахуй, үйлдвэр, хөдөө аж ахуйн 140 гаруй байгууллагад сурвалжилга хийсэн байна. 


Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураглаач, найруулагч Д.Давааням:"Баримтат кино бол улсын амьд түүх".


Харин түүний гэргий, нүүр хувиргагч П.Ичинхорлоо бол Монгол кино үйлдвэрийн алтан үеийн ахмадуудын нэг байв. “Түмний нэг 2”, “Энэ хүүхнүүд үү”, "Сэтгэлийн дуудлагаар", “Үер”, “Анхны алхам”, “Моторын дуу”, “Зуслангийн найзууд”, "Газрын үнэр", “Гэрлэж амжаагүй явна”, "Газарчин", "Хуучин сүм", "Сахиус уу, сахиул уу, "Загийн алим", "Их замын эхэнд", ”Үлгэр дууссан хойно”, ”Тэмцэл”, “Харуул занги” зэрэг олон киноны дүрүүдэд ажилласан түүхтэй хүн.


Сэтгүүлч З.Бадмаарагийн бичсэн, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураглаач, найруулагч Д.Даваанямын тухай энэхүү сонирхолтой хөрөг номын хэсгээс уншигч тантай хуваалцъя уу.

Номын зохиогч З.Бадмаараг, зөвлөх Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, кино найруулагч Б.Нагнайдорж


"...Монголын төрийг 44 жил удирдсан гэх тодотголтой түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн Ю.Цэдэнбал дарга кино үзэх өрөөтэй, тэнд нь тоотой хэдхэн итгэмжит хүнийг орохыг зөвшөөрдөг байсны нэг нь Давааням юм. Учир нь намын их хурлаас гарсан шийдвэрүүдийг амьдралд хэрэгжүүлэхийн тулд ард иргэдийг мэдээллээр хангах чухал байв. Тэрхүү баримтат кино мэдээг бэлтгэгчид Монголоо мэддэг байж гэмээнэ тэнцэх билээ. Соёлын довтолгооныг бүх орон даяар явуулах тогтоолыг 1959 оны долдугаар сарын 13-ны өдөр гаргаснаар 20-30 жил үргэлжилсэн ариун цэврийн “дайн” айл бүрт дэгдсэн. Эхлээд бөөс, хачиг хувалзнаас салгах арга ухаан сүвэгчилж, үүнийг нь дүрсээр үзүүлэхийн тулд малаа эрүүл өсгөх арга ухаан, шат дамжлагыг тайлбарлан зургаар харуулах болов. Хүн бүр оо, сойз, саван, ор, дэрний даавуу, нусны алчуур хэрэглэж хэвших, бичиг үсэгт суралцах гэх мэтийг уриалсан шинэ туршлагыг жишээ болгож кино мэдээндээ дурдана. Зураглаач Даваанямын оролцсон баг аль нэг аймгийн нэг сум, багаас сайн туршлага олж сурвалжлан дүрс мэдээгээ авч ирээд, хальс боловсруулах цехийнхэнд өгнө. Тэндээс угааж боловсруулсан хальс чанарын шалгалт давсан бол эвлүүлэгчдэд очно. Эвлүүлэг дээр мань эр өөрөө зэрэгцээд суучихна. Киногоо бэлэн болгоод дараачийн эрэлдээ гарна.


...Киноныхон төр, засгаас өгсөн аливаа даалгаврыг тушаал авсан цэрэг адил яв тав гүйцэтгэнэ. Давааням хүйтэн дайны үед буюу 1968 онд Вьетнам улсад дайныг сурвалжлахаар Монголоос томилогдон явсан юм. Дайны бөмбөгдөлтийг зураглаж зогсоод бөмбөгөнд өртөж, ухаан алдав…


Дайны эрсдэл

Дайн тулаантай газарт Давааням оператор Вьетнамд очоод бөмбөгдөлтийн дүрс авахыг эрэлхийлж, улаан бүсэд дайчидтай зэрэгцэн гүйж явахдаа ухаан алдаж унасан нь нэгэнт нууц биш болсон билээ. Давааням нь сонины сэтгүүлчийн хамт хүйтэн дайны хор хөнөөлийг сурвалжлахаар очоод үйл явдлынхаа гүнд орчихоод гарч өгсөнгүй. “Агаарын дайралтыг бодитоор хальсандаа буулгаж авах юм шүү” гэж хүлээсээр энд тэнд өм цөм бөмбөгдөх чимээг шимтэн бичиж авчээ. Гэхдээ чанх дэргэд нь чих дүлийрэм чимээ гарч, тоос шороо бужигнахыг анзаарах завдал болсонгүй. Уначихлаа. Хэдий хугацаанд ухаангүй хэвтсэнийг хэн ч үл хэлж чадах нөхцөлд, хүний нутагт үр хүүхэд, хань ижлээсээ хол ажлаа хийж яваагаа л сайн ухаарсан оператор өөрийн эрхгүй л, хоёр ангит баримтат киноныхоо үйл явдлын оролцогч болж орхив. Оролцох оролцохдоо бүр хохирогчийн дүр түүнд хуваарилагдсан гэж үү. Ингэж бодсоор гүрийж, тэсвэрлэсээр эх орондоо хөл тавьжээ. Монгол кино үйлдвэрийн “Тэмцэж буй Вьетнам” кино ингэж бүтсэн. 



Чухал хүн

Кинонд хамгийн чухал хүн хэн бэ? Зураг авалтад явж байгаа кино багаас зураглаач, гол дүр хоёрыг бараг бүгдээрээ тойглож, машинд суувал хамгийн аюул багатай суудал дээр суулгана. Аюулгүй байдлын дүрмийг ягштал мөрддөг байв. Учир нь тухайн бүтээл операторын авсан дүрсээр амилна. Гол дүр, эзэн баатаргүй бол кино “будаа”. Оператор зураг авуураа (камераа), хальсаа аминаасаа илүүд үзэж хэчнээн нүсэр, хүнд байлаа ч цаг үргэлж, гар сэлгэхгүй өвөр дээрээ тэвэрч нандигнадаг шиг түүнийг багийнхан нь халамжилж, ёс мэт хүндэтгэнэ. Өдрийн наранд зураг дүрс сайн буудаг ч манан будантай бүүдгэр өдөр гэрэл муутай орчинд хайран хальс үрэгдэх шиг харамсалтай зүйл үгүй. Гол дүрийн жүжигчин, зураглаачийн аль нэгэнд муу зүйл тохиолдож гэмээнэ зураг төгсгөл болно. Бүх зүйл нурна гэдгийг мэддэг тул бүгдээрээ л тэр чухал хоёр этгээдийн өмнө бөндөгнөнө.


Нүүр будгийн тасгийнхан

Их хотын амьдралд хөл тавьж, шинэ хамт олны дунд нэгэн эд эс болон ажиллахаар шулуудсан П.Ичинхорлоог кино үйлдвэрийнхэн шууд нүүр будагчаар томилчихоогүй. Ер нь Монгол кино үйлдвэрт хэн дуртай нь ордог ч юм биш. Орос хэлнээс орчуулахдаа л “үйлдвэр” болгоод гутал, хувцас, хоол хоштой зэрэгцүүлээд ойлгогдохуйц буруу нэрлэчихсэн гэж зарим хэгжүүн уран бүтээлчид цэрвэдэг нэршлийг нь эс тооцвол Монгол киноныхон тэр даяараа цөм уран бүтээлчдийн баг бүрэлдэхүүн байв. Тэндээс олон нийтэд хүртээх хүртээл нь дэлгэцийн урлаг-кино. Ур чадваргүй хүн тэнд удахгүй. Жинхлэгдэнэ ээ гонж.


Ичинхорлоогийн эртнээс мөрөөдсөн нүүр будагчийн ажил нь гарын ур, зурах ур чадвараас гадна нүдний ур, орон зайн төсөөллийг хувь хүнээс шаарддаг ажээ. Багш нь түүнийг ажилдаа шууд дагалдуулж, үс зангидуулаад суулгачихдаг байлаа. Үсний ширхэгийг мэдрэхээс, гэрлийн ойлт, буултыг харахаас эхэлдэг ажил гэв. Халзан хүнийг үстэй болгоно. Үстэй хүнийг халзан болгоно. Ажлаа зүүдэлж хонодог болчихвол киноны хүн болоход дөхдөг гэлцэнэ. Монголын хамаг л сор болсон жүжигчид, хожмоо “Алтан үеийн” гэх тодотголтойгоор түүхэнд бичигдэн үлдэх уран бүтээлчидтэй нэг дээвэр дор өдөржин ажиллаж, тэдэнтэй өдөр бүр тааралдах нь сайхан. 


Багш ажлаа хийнгээ түүнд сургамжилсаар овоо дөр суунгуут кино зурагт явуулжээ. “Анхны алхам” уран сайхны кинонд сүүлд хүч нэмж очсон бол “Энэ хүүхнүүд үү”-г бүтээх явцыг дэргэдээс нь харж, оролцсон нь азтай хувь ерөөл байв. Алтан үеийн алдарт жүжигчин Т.Цэвээнжав, Г.Гомбосүрэн, Ц.Гантөмөр, Л.Жамсранжав нарыг дэргэдээс нь харж их зүйл мэдэж авчээ. Сийрэг толгойтой шинэхэн нүүр будагч багшийнхаа хэлсэн, ярьсныг цээжилж тогтоогоод дотроо бодож боловсруулаад гүйцэтгэлээрээ сурснаа батжуулсаар яван чангарч байлаа. Түүхэн, бодит хүний дүрийг бүтээхийн тулд наанадаж 60-80 хувь дүрд ойртуулж будах ёстой. Зураг авалт хэчнээн сар, жил, өдөр үргэлжлэхийг хэн ч хэлж үл мэдэх тул өмнөх сцени хэсгээсээ дүрийн харагдац нь өөрчлөгдөхгүй байлгахад мэдрэмж, авьяас шаардана. Зураг авхуулах хүртэл жүжигчин нүүр будалтаа тэр хэвээр нь хадгалахад сахилга бат хэрэгтэй. Жүжигчнээсээ холдохгүй, ойр байж зургаа дуусгахыг хүлээнэ. Зургийн явцад ч сэргээх, засаж сайжруулах ажил үе үе гарах юм. Ойр дотно байхынхаа хэрээр нүүр хувиргагчид мэргэжлийн ёс зүйг баримтлах, хувийн нууцыг нь хадгалах үүрэгтэй. Элдвийн муу араншингүй түүнд энэ нь төвөгтэй байсангүй. 

Хэдийгээр кино үйлдвэрийн удирдлага, бүр тухайн үеийн төрийн эрх барих дээд байгууллага Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны тушаал, шийдвэрээр кино багийг томилдог ч хамт олны итгэлцэл, мэргэжлийн ур чадвараа байнга хөгжүүлэх шаардлага үүсдэг байв. Одоо түүнд хаанаас ч, ямар ч төсөөлөөгүй хүсэлт, гэнэтийн ажил гарч ирж мэдэхээр болжээ. Мастеруудаа дагаад л ажиглана. Суралцана. Сахал, үс залгах, арьсны онцлогт нь тохируулж будаж сурах гэж чамгүй хичээжээ.


Үндэсний өв соёлоо хааж боож, үгүйсгэж ирсэн он жилүүдийг ардаа орхиж Монгол кино нэгтгэлийнхэн аль болох нүүдэлчин угсаатнуудынхаа түүх, соёл руу өнгийсөн, сэргээн санагдуулах хөг аясыг уран бүтээлдээ ил, далд ямарваа нэг хэмжээгээр тусгахыг чармайж эхэлсэн үед Ичинхорлоо ажлын гараагаа эхэлсэн байв. Главлит гээч нарийн шүүлтүүрээр бүх уран сайхны болоод баримтат кинонуудыг оруулдаг жаяг хэвээрээ ч Монгол гэх үнэр хаа нэгтэйгээс ханхлах учиртайг хэнээр ч хэлүүлэлтгүй бүгдээрээ мэдэж, мэдэрсэн гэлтэй тийм нэг үе иржээ. 

Хайр сэтгэлийн романс нь шинэ ажилтай зэрэгцсэн ч Ичинхорлоод таатай санагдана. Түүний сэтгэлт залуу Давааням нь кино үйлдвэртэй ажил үйлсээрээ ч, найрсаг нөхөрсөг байдлаараа ч хөгшин, залуу бүх үеийг нэгтгэхэд нөлөөтэй нэр хүндтэй, олонтойгоо хүн болохоор тус дэмтэй, түшигтэй гэж жигтэйхэн. Хамтдаа нэг газар ажилладаг нь хэчнээн завшаантай хэрэг вэ. Ядаж нэгнийхээ завгүй ажлыг ойлгох юм даа гэж бодож ч амжаагүй дэрвэж явахдаа хэдийн ижий, аав  болох эхлэлээ тавьсан байлаа. “Энэ хүүхнүүд үү” уран сайхны кинонд үсчний дүрээр оролцохдоо л Ичинхорлоо бие давхар байж, кино дэлгэцнээ гарч, олныг шуугиулж эхлэхтэй зэрэгцэн хүүгээ төрүүлжээ...".

Зураглаач Д.Давааням, сэтгүүлч Тангадын Галсан нар кино зураг авалтын үеэр


Холбоотой сэдвүүд

кино урлаг шинэ ном

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.