Х.Оргил
01 сарын 20, 2021
Шүд нь тэсэхийн аргагүй их өвдөж байхад ч интэрнэтээс өвчин намдаах арга уншиж, өвчин намдаах эмээр аргалчихдаг хэнэггүй зан Монголчуудад бий. Бидний энэ хэнэггүй зан шүдний цоорол өвчинг гамшгийн хэмжээнд хүрэхэд нөлөөлчихсөн гэдгийг шүдний эм мэргэжилтнүүд хэлж байна. Саяхан Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн хийсэн судалгаагаар шүд цоорох өвчний тархалт насанд хүрэгчдийн 90 хувьд хүрчихсэн гэсэн баримт гарчээ. Хориод жилийн өмнө гэхэд хиймэл шүдтэй, шүдний гажигтай, цооролтой хүн гэж бараг байсангүй. Нийгмийн хөгжил дагаж нэмэгддэг энэ өвчлөлийг “хөгжлийн өвчин” гэж тодорхойлдог. ЕБС-ийн сурагчдын дунд үзлэг хийхэд 10 хүүхэд тутмын 9 нь ямар нэгэн ч байдлаар шүдний өвчлөлд нэрвэгдсэн нь хөгжингүй орнуудыг ч давах тоон үзүүлэлт юм.
Хүүхэд анхны шүдний нянг ээжийнхээ шүлсээр авдаг
Судалгааны дүнгээс үзэхэд Монгол хүүхэд анхны цоорлын нянг ээжийнхээ шүлсээр дамжуулан авдаг гэдэг нь батлагджээ. Энэ тал дээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас сануулж хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Гэсэн хэдий ч хүүхдийн угжийг амандаа хийх, хоолыг амнаасаа өгснөөс үүдэлтэй шүдний өвчлөл буурсангүй. Ингэж өвчилчихсөн сүүн шүдийг эцэг эхчүүд солигддог учраас арчилгаа шаардлагагүй гэж үздэг. Гэвч сүүн шүд хамгийн чухал гэдгийг эмч нар хэлж байна. Бага насны хүүхдийн сүүн шүд хэдий чинээ эрүүл ургана төдий чинээ ясан шүд ургахад сайнаар нөлөөлдөг байна.
Хүүхдүүдийн шүдний өвчлөлд хамгийн их нөлөөлж байгаа зүйл бол буруу угаалт. Ихэнхи эцэг эхчүүд шүдээ яаж угаахыг зааж өгөөд л орхичихдог. Харин шүдний эмч нар хүүхдийн шүдийг 6 настай хүртэл эцэг эх, 6-8 нас хүртэл шүдээ угаахад туслах ёстой бөгөөд 9 настайгаас нь бие даан шүдийг нь угаалгахыг зөвлөсөн байна. Яг энэ дадлыг зөв суулгаагүй учраас 3-5 настнуудын 79 хувь нь шүд цоорох өвчтэй байна гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Япон ээж аавууд хүүхдээ хооллосны дараа заавал шүдийг угаалгадаг дадлыг суулгачихсан байдаг. Тиймээс хүүхэд болгон цүнхэндээ хүртэл оо сойзтой явдаг бөгөөд үдийн цайныхаа дараа заавал угааж хэвшсэн байдаг ажээ. Үүнийхээ ачаар Япончууд дэлхийн хамгийн эрүүл шүдтэй гэгддэг.
Амны хөндийн эрүүл ахуйд багаас суучихсан хумсаа мэрэх, хуруугаа хөхөх, уруулаа хазах, хэлээ гаргах зуршил сөргөөр нөлөөлж байна. Үүнээс болж шүд эрүү шаамийрах, шүд орсгой болон гүн тагнайтай болох хандлага их байгааг Эрүү нүүрний гажиг судлалын эмч нар анхааруулжээ.
Бохины хүчил нь шүдний пааланг гэмтээж шүд цоорох өвчин үүсгэдэг
Шүд авахуулсны дараа хүний нүүрний төрх хэлбэр өөрчлөгдөн хэлбэрээ алддаг. Жишээ нь араа шүд нь унаад 10 жил болсны дараа нүүрний хэлбэрт өөрчлөлт орж хүзүүний арьсанд үрчлээ илт нэмэгддэг бичигдээгүй хуультай. Нэг л шүд унавал зай гарч хажуу талынх нь хоёр шүд хөдөлгөөнд орж ганхаж, эсрэг талын шүд сунадаг.
Мөн хацар шанаа хонхойн арьс унжиж цагаасаа эрт хамар, уруулын орчмын булчин сулардаг гэдгийг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна. Тиймээс шүдээ авахуулсан л бол цаг алдалгүй хиймэл шүд хийлгүүлээрэй.
Хэрвээ хүүхдийн шүд хорхойтоод авахуулсан бол тэрхүү шүднийх нь орон зайг хадгалдаг зай баригч зэмсэг суулгуулаарай. Тэгэхгүй бол авсан шүднийх нь ар талын шүд ханарч унаж жигд байдал нь алдагдан дараагийн шүд ургах зайгүй болж гажиг үүсдэг гэнэ. Хэрэв хүүхэд байхад нь гажгийг ч, цоорлыг ч эмчилвэл эдийн засагт хэмнэлттэй. Шүд гэдэг арчилахад бага цаг зарцуулдаг ч авахуулсан хойноо хэд дахин өртөг ордог хамгийн өртөгтэй ажилбар юм. Ихэнх хүн шүдээ эмчлүүлэхгүйгээр бохь зажлаад явдаг. Гэтэл бохины хүчил нь шүдний пааланг гэмтээж шүд цоорох өвчин үүсгэдэг байна.
Агт арааг ч гэсэн авахуулах хэрэггүй
Шүд нь зөвхөн амны хөндийн бүрэн бүтэн байдлыг илтгэх үзүүлэлт төдийхөн бус юм. Элэг цөс, бөөрний ажиллагаа гээд шүдтэй холбоогүй нэг ч тусгай эрхтэн байдаггүй.
Учир нь үүдэн шүд дотоод бэлэг эрхтний энергийг хуримтлуулдаг бол үүдэн шүдний хажуугийн хоёр шүд гаднах бэлэг эрхтний энергийг хангадаг ажээ.
Үүдэн шүдний соёогоор шээсний сүвийн энерги дамжина. Дээр дурьдсан шүдээ авахуулах, цооролт өгөх тэр байтугай шүдний ялихгүй өвчлөл ч бэлгийн гормон буурахад нөлөөлдөг. Үүнээс гадна шүд авахуулах тоолонд хүний мэдрэлийн эс үхэж байдаг. Яагаад гэвэл шүд тархитайгаа шууд холбогддог учраас шүдээ авахуулах тусам хүний ой тогтоолт, тархины үйл ажиллагаа мууддаг гэдгийг Япончууд зургаан жилийн өмнө баталчихсан. Үүнийг манайхан мэддэггүй, авахуулъя гэдэг гэж шүдний эмч нар ярьж байна. Мөн шаардлагагүй бол агт арааг ч гэсэн авахуулах хэрэггүй гэж үздэг.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.