Нийслэлийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 13 дугаар хорооллын 9 дүгээр байрны 9 давхар орон сууцны байрны дээврээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг иргэд өгчээ.

Дуудлагаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 9 км зам туулан 08:10 цагт очсон байна.  Ингэхэд тус байрны оршин суугч иргэн Б  9 давхар байрны дээврээс үсрэхээр зэхэж байсан аж. Аврагчид түүнийг эсэн мэнд буулган  тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн гэж ОБЕГ мэдээллээ. 

Иргэн Б нь 27 настай эрэгтэй бөгөөд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өглөөний 7 цаг 30 минутын үед байшингийн дээвэр дээр гарсан гэдгээ мэдүүлсэн байна.