П.Мөнгөнсор
12 сарын 22, 2023
Өмнөд Солонгосын хэсэг сурагчид их сургуулийн элсэлтийн шалгалт товлосон цагаасаа 1 минут 30 секундийн өмнө дууссан гэх шалтгаанаар Засгийн Газраа шүүхэд өгчээ.
Шалгалтын хонх хугацаанаасаа өмнө дуугарсанд цочирдсон сурагчид шалгалтынхаа бусад хэсэгт төвлөрч чадалгүй, гэртээ харьцгаасан гэж тэдний өмгөөлөгч Ким Вү Сук мэдэгджээ.
Солонгосын ЭЕШ хэмээн нэрлэж болох алдарт Сүнён шалгалт төгсөх ангийнхны хувь заяаг шийдэх амаргүй даваа байдаг билээ. Нийтдээ 8 цаг үргэлжилдэг уг шалгалтыг жил бүр 500 мянган сурагч өгдөг. Түүнчлэн улс даяар онцгой ач холбогдол өгч, шалгалтын өдөр агаарын тээврийн нислэгүүдийг зогсоож, такси үйлчилгээг үнэ төлбөргүй болгодог байна.
Энэ чухал шалгалтын үеэр шалгалтын төвийн ахлагч алдаа гаргаж, цагаа буруу тооцсонд бухимдсан 40 гаруй сурагчид нийлэн тус бүр 20 сая вон нэхэмжилсэн байна. Хохирлын мөнгийг ирэх жил шалгалтаа дахин өгөх хүртэл бэлтгэл ажилдаа зарцуулах гэнэ.
Сонирхуулахад, энэ кэйс шалгалт хугацаанаас эрт дууссан гэж шүүхэд хандсан анхны тохиолдол биш гэнэ. Өнгөрсөн 4-р сард Сөүлийн шүүх 2021 оны Сүнён шалгалт хугацаанаасаа 2 минутын өмнө дуусаж, сурагчдын материалыг хурааж авсан тохиолдолд 7 сая вонийн нөхөн олговор олгосон байна.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.