Тогтохбаярын Ариунзаяа
11 сарын 19, 2024
“Улаанбаатар медика” эмнэлгийн гэмтэл согогийн мэс заслын эмч С.Пүрэвсүрэнтэй ярилцлаа. Тус эмнэлэг нь сүүлийн 2 жилийн хугацаанд өвдөг, доод мөчдийн гэмтэл, өвчлөлийн чиглэлээр урьдчилан сэргийлэх үзлэг явуулж байгаа юм. Монголчуудын дунд өвдөгний өвчлөл харьцангуй эрт илэрдэг. Тухайлбал, дунджаар 45-55 насандаа өвдөгний мөгөөрсний гэмтэл хүндэрч, өвдөгний үе солиулах хэмжээнд хүндэрсэн хойно эмнэлэгт хандаж байгааг тэрбээр онцоллоо.
40 нас хүрсэн бол өвдгөндөө заавал анхаараарай
Өвдөг болон доод мөчний өвчний улмаас тусламж үйлчилгээ авахаар өдөрт хамгийн багадаа 10-аас дээш хүн ирж байна. Тэдний 5-7 нь өвдөгний үе солиулах зайлшгүй шаардлагатай болсон байдаг нь хамгийн харамсалтай.
Өвдөг өвдөх голлох шалтгаан нь өвдөгний үений мөгөөрсний гэмтэл юм. Дэлхий дахинд 50-аас дээш насны гурван хүн тутмын нэг нь энэ өвчнөөр өвддөг гэсэн судалгаа бий.
Өвдөгний бүтцийг харвал өвдөгний үеийн мөгөөрснүүдийн хэвийн орчныг хангах үүрэгтэй үений шингэн гэж байдаг. Энэ шингэн нь 25 нас хүртэл ялгарч байгаад зогсдог. Ингээд 40 нас хүртэл хэвийн хэмжээнд байдаг. Харин 40-өөс дээш насанд энэ шингэн ялгарахаа больж, аажмаар мөгөөрсөн гадаргуун элэгдэл үүсэж эхэлдэг. Бие организм хөгширдөгтэй адил мөгөөрсөнд ч хөгшрөлт явагдаж байна гэсэн үг л дээ.
Өвчин намдаах эм, тосон түрхлэгээр аргацаасаар өвдөг солиулах хэмжээнд очсон хойноо эмчид ханддаг
Энэ өвчнөөр өвчилсөн хүн бүхэн шууд үе солих хэмжээнд хүрчихгүй гэдгийг хамгийн түрүүнд ойлгох хэрэгтэй. Өвчлөл 1-4 хүртэл үе гэсэн шаттайгаар явагддаг. Дөрөвдүгээр үе хүрсэн тохиолдолд л үе солиулах заалттай болдог.
Харин үүнээс өмнөх үеүдэд өвдөгний шингэн нөхөх, тарилга хийлгэх гээд тухай бүрд тохирох эмчилгээний аргууд байдаг. Тохирсон тусламж үзүүлснээр нэмж хүндрүүлэхгүйгээр урт хугацаанд барих боломжтой. Гэтэл хүмүүс өвдгөөр өвдөж, зовуурилж эхлэх үед анзаарсан хэр нь тоодоггүй. Тэсэж болохоор өвдөлт гээд өвчин намдаах эм, тосон түрхлэгээр аргацаагаад яваад байна. Нэг мэдэхэд алхаж чадахгүй болно, шөнө өвдөөд унтуулахгүй, бүр хөл нь нугарахаа болино. Ийм болсон хойноо эмчид ханддаг. Өвдөж байгаад гайгүй болчихдог тул аргалж явсаар нэг мэдэхэд л 5,10 жил өнгөрсөн байдаг. Ингээд эмнэлэгт хандахад аль хэдийн өвдөгний үе солих хэмжээнд хүрчихсэн байдаг. Тиймээс бага зэргийн зовуурь мэдрэгдэж л байх юм бол өвдөгний үед асуудал үүссэний дохио гэдгийг л ойлгоод, цаг алдалгүй мэргэжлийн эмчид хандаарай.
Сануулж хэлэхэд тос, тосон түрхлэгүүдээр өвчнийг түр зуур намдаахаас биш гаднаас нь тос түрхээд бүрэн эдгэрнэ гэж байхгүй. Нэгэнт үений мөгөөрсөн гадаргуу нь элэгдчихсэн тохиолдолд өвчин намдаах тос түрхэж, шарлага хийлгээд бүрмөсөн эдгэхгүй гэдгийг ойлгоорой.
Мөн цахим орчинд, амнаас ам дамжсан баталгаагүй бүтээгдэхүүнд бүү итгэж, найдвар тавиарай. Тухайлбал яс хайлуулах тос гэж дэлхийн хаана ч байдаггүй. Энэ мэт шинжлэх ухааны үндэслэлгүй зүйлд хууртаж цаг хугацаа, санхүүгээрээ хохируузай.
Бичлэг үзэх:
Автомашинаа үзлэгт оруулдаг шигээ өөрөө ч бас жилдээ нэг эмнэлэгт хандаж хэвшье
Өмнө хэлсэнчлэн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээг зөв цагтаа, хугацаа алдалгүй хийлгэвэл үе солих хэмжээнд хүрэхгүй, 70,80 нас хүртлээ ч хойшлуулж болно.
Өвдөгний өвчлөл аль үе шатандаа яваа, мөгөөрсний элэгдэл болон яс ургалт ямар байгаа, булчингийн хүч нь ямар байгаа зэргийг зөв оношлуулсны үндсэн дээр тохирсон эмчилгээ хийлгэх нь үр дүнтэй.
Сууж босох, ямар нэг хөдөлгөөн хийхэд өвдөгний үеэр дуугарах, нэг байрлалд удаан суухад өвдөгний үеэр чилэх, хөших, шат руу уруудах, огцом уруу газар алхахад зовуурилах зэрэг шинж тэмдэг илэрвэл остеоартроз өвчний эхний үе шатандаа байна гэсэн үг.
Тиймээс эдгээр шинж тэмдэг илэрч эхэлсэн бол мэргэжлийн эмчид үзүүлээд, булчингийн масс багассан уу, өвдгөнд очих ачаалал ихсэж байна уу, үе хоорондын мөгөөрс хэр байна гэх мэтээр оношлуулж, өвчний үе шатаас хамаарсан эмчилгээг хийлгэж эхлэх хэрэгтэй.
Манайхан машиныхаа амортизаторыг жил болгон солиулдаг. Жил болгон машинаа оношилгоонд оруулж, моторын масло, тосыг нь солиулдаг. Яг үүнтэйгээ адил жилд нэг удаа оношилгоо хийлгэж, өвдөгний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх хэрэгтэй.
Урьдчилан сэргийлэх арга байна уу?
Дасгал хийж өвдөгний үений булчингаа чангал
Өвдөгний үе 10-30 жилийн турш аажим аажмаар элэгддэг удаан процесстой. Тэр дундаа 35-аас дээш настай хүмүүс өвдөгний үений ясанд ачаалал бага өгөхийн тулд булчингийн массаа нэмэгдүүлэх шаардлагатай. Тогтмол дасгал хөдөлгөөн хийхэд ясанд очих ачааллын 50 орчим хувийг буурдаг.
Хөдөлгөөн сайн хийгээрэй гэхээр хүмүүс “Би өдөрт 5 давхар шатаар байнга өгсдөг. гэртээ зүгээр суудаггүй” гэдэг юм. Эдгээр хөдөлгөөн нь дасгал биш, өөртөө үйлчлэх чадвартай байгааг л илтгэж байгаа хэрэг.
Дасгал хийнэ гэдэг нь өвдөгний булчиндаа ачаалал авахын тулд зорьж хийхийг хэлээд байгаа юм. Хайчин суулт, хөлдөө мөрний хэмжээтэй зай авч доошоо босож суух дасгал хамгийн үр дүнтэй.
Энэ хоёр дасгалыг тогтмол хийх тусам өвдөгний булчин хөгжинө.
Жингээ хас, гэхдээ огцом ачаалал өгөхгүйгээр
Жингийн илүүдэлтэй байхын хэрээр эрт өвдөгний асуудалтай нүүр тулдаг. Гэхдээ огцом их дасгал хийснээр, биеэ бүр дордуулдаг.
Жишээ нь хэт таргалалттай хүмүүс богино хугацаанд турах гээд спиннинг, кардио гээд хүчний дасгал хийх хэрэггүй. Спиннинг бол зүгээр суучхаад хөлөө жийгээд байгаа юм биш. Бүтэн 1 цаг 30 минут өвдгөндөө ачаалал авч буй процесс. Хэрэв өвдөгний даах ачааллыг хэтрүүлбэл үе богино хугацаанд эрчимтэй элэгдэх эрсдэлтэй. Үүнийг наанатай цаанатай бодож дасгал хийгээрэй. Тийм болохоор тодорхой жинд очтолоо хоолоор нь хасаад биеэ дасгал хийхэд бага багаар дасгах хэрэгтэй.
Хэзээ ч бүү даар, ялангуяа өвдгөөрөө. Дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд амьдардаг бид хоёр улиралтай халуун, дулаан орны иргэд шиг нимгэн нүцгэн хувцаслах нь тохиромжгүй.
Даарах нь шууд өвдөгний өвчинд нөлөөлдөг. Өвлийн 3 сар гадаа ажилладаг хүний өвдөгний үе энгийн хүмүүсийнхээс 5 жилээр илүү элэгддэг. Дасгал хөдөлгөөн идэвхтэй хийж, хооллолтдоо анхаарвал өвдөгний үеийн элэгдэлтээс сэргийлэх 100 хувь боломжтой.
Өвдгөнд зовуурь үүссэн даруйд мэргэжлийн эмчид ханд
Шатаар явахад, удаан сууж байгаад босоход, хол зайд алхахад өвдвөл өвдөгний үендээ анхаарах болсон юм байна гэдгийг илтгэж байна гэсэн үг.
Үүнээс гадна санамсаргүй байдлаар өвдөгний зөөлөн эдээ гэмтээсэн тохиолдолд. Хэрвээ өвдгөнд нь зовуурь үүсээд эхэлсэн бол мэргэжлийн эмчид хандаад схем эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Өвдөгний үений мөгөөрсний гэмтлийн үед олон төрлийн эмчилгээ хийж өвдөлтийг зогсоож болдог. Хамгийн сүүлийн арга нь л мэс заслын эмчилгээ.
Тэгэхээр тухайн хүнийг яаж мэс засалгүйгээр олон жил авч явах вэ гэдэг эмчилгээний стандарт л баримтлах нь чухал.
Жишээ нь хамгийн эхлээд булчингийн массаа хэрхэн нэмэх вэ, амьдралын зөв хэв маягт яаж шилжих вэ, өвдөг өвдөөд элэгдээд эхэлсэн бол ямар эмчилгээ авах вэ гээд анхан шатны зөвлөгөө, тусламжийг өгнө.
Тэгэхээр өвдөгний үе дөнгөж өвдөж эхлэх үед манайд хандах юм бол өвдөгний үеийг хэвийн байдалд нь шилжүүлэх, амьдралын хэв маягийг нь өөрчилж удаан байлгах эмчилгээг хийлгэхэд үр дүнтэй сайн.
Харин өвдөлт нэлээн даамжирсан бол өвдөгний шингэн нөхөх тэжээл, тарилга хийснээр өвдөгний мөгөөрсөн гадаргуу гэмтэхээс сэргийлж чадна. Энэ эмчилгээг зөвхөн Монголд хийж байгаа юм биш дэлхий нийтээр хийж байгаа судалгаатай, шинжилгээтэй, үр дүнтэй эмчилгээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.