Аутизмтай хүмүүс маш үнэ цэнтэй ажилтан байж чадах бөгөөд ажил олгогчид хийгээд хамтран ажиллагсад нь тэдний хэрэгцээ, шаардлагад бага зэрэг л нийцүүлэн ажиллах хэрэгтэй хэмээн Их Британийн Аутизмтай хүмүүсийг дэмжих үндэсний нийгэмлэгийн ажилтан Жорж Стенбери мэдэгджээ.

Аутизмтай бүх хүн ажиллаж чаддаг гэж хэлэхгүй ч заримдаа тэднийг дасан зохицоход нь туслахад жижигхэн алхам хийхэд л хангалттай байдаг. Ингэснээр тэд ажил албандаа том амжилтанд хүрч чадах юм. Тэд маш олон салбарт чадвартай боловсон хүчин байж чадна. 

Аутизмтай хүмүүс технологийн салбарт хамгийн сайн ажилладаг гэх тогтсон ойлголт байдаг. Үнэн хэрэгтээ тэд урлагийн салбарт ч амжилт гаргаж чаддаг гэдгийг бидний хийсэн судалгаа харуулсан. Аутизмтай хүмүүс ертөнцийг бага зэрэг өөрөөр хардаг” хэмээн тэрбээр ярьжээ. 

“Ийм хүмүүстэй ярилцахын өмнө нарийн ширийн зүйлсийн талаар маш дэлгэрэнгүй ярьж, урьдаас бэлэн байх боломжийг тэдэнд олгохын сацуу мэдээллийг боловсруулах нэмэлт хугацааг тэдэнд өгөх хэрэгтэй. Ажлын байрны нөхцөл байдлын хувьд гэвэл тэдэнд чанга дуу, хурц гэрэл зэрэг мэдрэхүйн эрхтэнд нь ихээхэн нөлөө үзүүлэх зүйлс тун хүндрэлтэй байдаг.Хүмүүстэй ярилцаж, тэднийг яг юу хүсэж байгааг ойлгож, ажлын байрыг нь өөрөөр нь сонгуулах боломжийг тэдэнд олгох хэрэгтэй” хэмээн тэрбээр мөн ярьсан байна.