Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл тэр дундаа бага насны хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэлд онцгой анхаарах шаардлагатайг  ХЭҮК-ийн судалгаа харуулж байна.

Энэ судалгаанд хамрагдсан 8 хүүхэд тутмын нэг нь бэлгийн шинжтэй дарамт, халдлагад өртөж байсан гэж хариулсан байна. Удаан хугацааны туршид нууцаар үйлдэгдэж байгаа, мөн бэлгийн хүчирхийллийн тоо өсөх хандлагатай байна.

Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас 2014 онд хийсэн “Хүүхдийн хүчирхийлэлд өртөж буй байдал-2014” судалгаанд  хамрагдсан

-охидын 15.0 хувьд нь  тэдний эмзэг газар болох хөх, бэлэг эрхтэнд хүрч, биедээ албаар хүргэх, 

-хөвгүүдийн 13.5 хувьд нь хэн нэгэн түүнд бэлгийн харилцааны талаар бичиж, ичээж зовоох зэрэг бэлгийн хүчирхийлэл үзүүлж байсан гэжээ. 

Хүчирхийллийн давтамжийн хувьд 20 хүүхэд (57.1 хувь) анх удаа, 15 хүүхэд (42.8 хувь) давтан эсвэл удаан хугацааны туршид хүчирхийлэлд өртсөн байна.

Хүчирхийлэл үйлдэгч нь хамаарлын хувьд ураг төрөл, танил, хөндлөнгийн хүн байгаа бөгөөд нийт тохиолдлын 20 нь буюу 57.1 хувь нь ураг төрөл, 9 тохиолдол буюу 25.7 хувь нь танил, 9 тохиолдол буюу 25.7 хувь нь хөндлөнгийн хүн гэжээ.

Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг ихэвчлэн хохирогчийн танил болон итгэж болохуйц ойрын хүн, итгэдэг хүн гэх мэт хүмүүс үйлддэг бөгөөд хүүхдийг эрхшээлдээ оруулахын тулд итгэлийг нь эвдэн хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, хүч хэрэглэх аргаар дээр дурдсан үйлдлүүдийг хийдэг байна.

Тухайлбал,

Бага насны нэг охиныг сургуульд ороход нь хойд аавынх нь өсвөр насны дагавар хүүтэй хамт дотуур байранд оруулсан бөгөөд тэр хүү охиныг 2-3 жил хүчирхийлсэн байна. Үүнийг охины ээж, ангийн багш, дотуур байрны багш хэн ч мэдээгүй бөгөөд охин илт ном сурахгүй, бүрэг ичимхий, бүр сэтгэцийн өвчтэй болоход л анзаарч мэджээ. Үүнийг мэдээд цагдаад мэдэгдэж, хүүд эрүүгийн хэрэг үүсгэхэд хүүгийн аав болон хамаатнууд нь охины ээж рүү дайрч, чиний хүүхдээс болж энэ хүүгийн ирээдүй ийм боллоо, сална гэх зэргээр сүрдүүлсээр байгаад гомдолгүй гэсэн өргөдөл бичүүлж, хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан. Тухайн ээжийн хувьд нөхрөөсөө салвал амьдарч чадахгүй учраас сүрдүүлэг, ятгалганд орж хэргийг хааж өгөхийг хүссэн. Энэ мэтчилэн ураг төрлийн хүрээнд үйлдэгддэг бэлгийн хүчирхийллийг илрүүлэх, хохирогчийг хамгаалах, гэмт хэрэгтнийг шийтгэх зохицуулалт хангалтгүй байна. Хохирогч бүх зүйлээрээ хохироод дуусах тохиолдол гарсаар...

Харамсалтай энэ мэт хэргүүдийн ард гэмт хэргийн хохирогч болсон хүүхдийн эрсдлийг тооцон хүүхэд бүрт тохирсон хамгаалалт, эрүүл мэндийн болон нийгмийн үйлчилгээ үзүүлэх дутагдалтай хэвээрээ. 

Хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд нэг удаа өртөөд зогсохгүй байнгын бэлгийн дарамтад байх, улмаар өсвөр насандаа хүүхэд төрүүлэх, бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөр өвчлөх явдал гарсаар байна.

Тухайлбал Монгол Улсад 2017 оны 1 дүгээр сарын байдлаар бүртгэгдсэн ХДХВ-ын халдварын нийт 226 тохиолдлын 12 тохиолдол нь 15-19 насны хүмүүс байна. Үүний 2 тохиолдол буюу 15 настай 2 хүүхэд 2016, 2017 онд тус тус бүртгэгдсэн байна.

Мөн Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн сүүлийн хоёр жилийн статистик мэдээллээс харахад улсын хэмжээнд 12-17 насны 1613 эх төрсөн бол 20 хүртэлх насны 18168 охид, бүсгүйчүүд үр хөндүүлжээ.