П.Мөнгөнсор
09 сарын 07, 2023
Тогтвортой хөгжлийг дэмжигч Peak.mn сайт байгаль орчны асуудлыг анхаарч ирсний хувьд Увс аймгийн Хяргас нуурын Хэцүү хад орчмыг зорин очиж байгаль орчны асуудлыг сурвалжилснаа хүргэж байна.
Биднийг очиход “Очсон газраа ийм их хог үлдээгээд явж байгаа улсын ажил үйлс нь яаж бүтдэг юм бол” гэж Хяргас нуурын Хэцүү хад Тусгай хамгаалалттай хэсгийн байгаль хамгаалагч Б.Алтансүх толгой сэгсрэн хэлж билээ. Бид энэ асуудлаар хоёр дахь удаагаа уулзаж буй нь энэ. Жилийн өмнө ярилцаж байснаас энэ орчим дээрдсэнгүй. Дээрдсэнгүйгээр үл барам ирж очих олны хаясан хогонд дарагдаж улам ч дорджээ.
Жорлон явахаасаа залхуурсан аялагчид нуурын эрэг, хадны завсарыг өмхийрүүлж байна
Эзэнгүйдсэн энэ газар гэр бааз ажиллуулж байгаа нь ч, ирээд буцаж байгаа нь ч бүгд л хоноцын сэтгэлгээгээр хандаж байна.
Хог, жорлон, зам, амралтын газрын ая тух гээд олон асуудалд иргэдийг буруутгаад өнгөрөхөөс илүүтэй салбар яам нь аялал жуулчлалын бүсээ орхигдуулсаны илрэл шууд харагдана. Хэрвээ энэ чигээрээ байвал хэцүү хад орчим хэцүүдэх байтугай экологийн сүйрэлд ч өртөхөд ойрхон байна.
Бичлэг үзэх:
УНДУЙ СУНДУЙ ХОГТОЙ, УНДАА ХУУШУУРААС ӨӨР ҮЙЛЧИЛГЭЭГҮЙ ОТОГЛОХ ЦЭГ
Төв замаасаа 45 орчим км элс, хадтай замаар явсаар “Хэцүү хад”-ны отоглох цэг дээр очив. Энэ хүртэлх замд элсэнд суусан приус маркийн машин цөөнгүй. Суусан нэгнээ татаад явах замын хүнд туслах монгол зан хэвээрээ. Хэдийгээр 45 км боловч хэцүүхэн замаас зугтаасаар тэрхүү талыг хэдэн салаа зам биш “там” болгон өргөжүүлжээ.
Хэдэн машин зэрэгцээд явбал урдах зам тоосонд манарч харагдахтай үгүйтэй болно. Зам дагаж байгаль орчин хэрхэн сүйдэж буйг харж болох бэлэн зураглал.
Энэ багахан боловч адармаатай замыг туулж хүрэнгүүт өмнөөс Хяргас нуур тэнгэрийн хаяатай нийлэн угтах нь үзэсгэлэнтэй. Хөл гишгэхэд шууд шигдэх шаргал элс, цаана нь үргэлжилсэн бараан уулс, цагаан хадан цохио, энд тэндхэн өөвийн сөөвийх харгана шаваг зэрэг ургамал нь цөлийг санагдуулам.
Биднийг ачаагаа тавьж буудаллахаар отоглох цэгийн үүдээр ороход ундаа усны сав хөглөрч, нойлын цаас хийсэх бөгөөд “Хоггүй маргаашийг бүтээе” гэсэн лоозон үгтэй самбар угтав. Самбараас холгүйхэн халтайж бохирдсон хогийн сав дүүрч, шуудайтай хог түшүүлэн тавьсан нь салхинд задарч хөглөрчээ. Өнгөрсөн жил жорлон барьсан тулдаа нөхцөл байдал эрс дээрдээд байгаа нь энэ.
.
Энэ орчимд хоёр амралтын газар байх ч дотоодын аялагчид голдуу майханд эсвэл гэрт хоноглоод буцах тул отоглох цэг дээр буудаг гэнэ. Амрагчдын дийлэнх нь Хэцүү хад орчимд зураг авахуулаад л буцах сонирхолтой тул ганц хоёр хоног төөрүүлээд л буцдаг гэдгийг нутгийн иргэд хэлж байлаа. Хурдхан шиг буцдаг шалтгаан нь өнөө л тав тух, орчин нөхцөл.
Отоглох цэг гэдэг нь машины зогсоол, майхан барих, ил гал түлэх тусгай талбай, хогийн цэг, саравчтай орчин юм. Багахан ч болтугай зохион байгуулалт хийж анхаарах гэж хичээсэн нь илт. Өнгөрсөн жилийн өдийд очиход шинэвтэр арай цэгцтэйхэн байсан ч тордож сайжруулсан зүйл үгүй тул жилийн хугацаанд өнгө зүсээ алдаж хуучирчээ.
Энд байх 4-5 гэр баазыг иргэд аймгаас зөвшөөрөл аван ажиллуулдаг аж. Тав тух муутай энэ газар ус, ундаа, хуушуурыг эс тооцвол аялагчид мөнгөө үрчихээр үйлчилгээ үнэндээ байсангүй.
Отоглох цэгээр орж гарсан машинаас төлбөр хураасан зүйл нэг ч ажиглагдсангүй. Тусгай хамгаалалтын бүсэд орж ирсэн хүмүүсээс төлбөр хураамж ч авдаггүй.
Бас ирж байгаа аялагчдыг угтаж, зааварчилгаа өгөх хүнтэй таарсангүй. Өмнө нь Хөвсгөл нуурыг зорин очиход байгалийн тусгай хамгаалалттай бүсэд нэвтэрсэн даруйд хогны уут өгч, гарахад хогтой уутыг нь хураан авч байсан билээ. Хогийн цэг нь бас битүү буюу хог хаягдал хийсэхээргүй шийдэлтэй. Харин энэ ажлыг энд хэн хариуцаж хийдэг нь тодорхойгүй. Уг нь энэ орчим нь Хан Хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газарт хамрагддаг ч Тусгай хамгаалалттай газарт нэвтэрч байгаа гэх санамж ч алга.
Авууштай нь отоглох цэг нь боловсон бие засах газартай, цэвэрхэн ч юм. Төлбөр нь 200 төгрөг. Амрагчид энэ жорлонг өдөртөө л ашигладаг, оройдоо гэрийнхээ ард урдаа бие засчихдаг гэж байгаль хамгаалагчийн ярьсан үнэн байв. Өглөө 6 цагийн үед хажуугийн гэрийн хижээл насны эр буусан гэрээсээ 3 метр хүрэхгүй газар хээвнэг бие засаж байхтай таарсан. Хүн хараад санаа зовсон ч шинж алга.
Уг нь бие засах газар гэрээс нь 500 метр хүрэхгүй зайтай л даа. Хүүхдээ авч яваа эцэг эхчүүд ч өөрсдийн буусан газраасаа бага зэрэг холдосхийгээд л тосож бие засуулж байв. Бүр нэг нэгнийхээ амарч байгаа майхны хажууд бие засаж зарим нь үүнээс болж гар зөрүүлсэн ч удаатай гэнэ. Нэмээд архи дарс уучихвал жорлонгийн талаар ярих ч хэрэг байхгүй.
Энэ олон аялагчдын хөлд дарагдаж, бие засах задгай талбай болж байгаа энэ газрын хөрсийг шинжилж үзвэл сонсмоор таатай үр дүн гарахгүй л болов уу.
Отоглох цэг дэх гэр баазууд энд тэнд бие засахгүй байхыг сануулдаг ч ихэнх нь үл тоодог. Сүүлдээ хэлэхээсээ ч залхсан юм уу бүү мэд, биднийг очих үеэр нэг ч хүн ирж амрагчдад ямар нэгэн заавар өгсөнгүй.
Хэцүү хад орчмын отоглох цэг дээр нүүдэлчдийн дүрэмд баригддаггүй араншинг хог битгий хаяарай гэсэн самбар, хэдэн байгаль хамгаалагч лав хүчрэхгүй болжээ.
БААСТАЙ ХАД БА ХҮНИЙМСЭГ МОНГОЛ АРАНШИН
Номин цэнхэр өнгөтэй Хяргас нуурын цагаан давалгаа эргийн эгц хадархаг цохиог хүчтэй цохих нь үзэсгэлэнтэй. Бага зэрэг шуурга тавьбал нуур бараантаж уусан харагдах нь сүрдэм, яг л далай шиг. Харин тогтуухан үедээ цэнхэртэн тэнгэрийн хаяатай нийлж харагдана. Хэцүү хадыг зорин ирсэн аялагчид нуурын эрэг орчмын усанд орж зураг авахуулах дуртай. Эргээсээ жаахан л холдоход огцом гүнзгий болдгийг нутгийн хүмүүс андахгүй. Хад нь замгархаг тул гулгамтгай, хөл халтирах нь энүүхэнд. Үүнийг сануулсан мэдээлэлтэй самбар эрэг дээр байрлуулбал бусдад хэрэгтэй л санагдсан.
Хараад л баймаар энэ сайхан нуурын эрэгт зогсвол ялгадасны үнэр үе үе ханхийх нь таагүй.
Үнэрээр нь цагаан хадан цохио руу очвол аялагчдын үлдээсэн үнэр “ажлаа хийж” байгаа нь тэр байж. Хэцүү хад орчим наадмын өмнө дараа олны хөлд дарагддаг. Энэ үеэр аялагчдын баас шээсний үнэр нь оргилдоо хүрдэг гэж байгаль хамгаалагчид хэлэв.
Өөрсдөө ирж үзэж, дураараа аашлаад явбал үлдэж байгаа нь надад падгүй гэсэн хандлагаараа аашилцгаасны илрэл энэ. Нутгийн иргэд нь лус савдагаас нь эмээгээд Хяргас нуурынхаа усанд ч орж чаддаггүй гэтэл хол ойрын зочид үсээ зарим нь хувцасаа угааж, хадны засварт бие засаад явчихдаг нь бас л том зориг шүү. Энэ талаар Хяргас нуурын Хэцүү хад Тусгай хамгаалалттай хэсгийн байгаль хамгаалагч Б.Алтансүх “Уг нь отоглох цэг дээрээ боловсон бие засах газартай л даа. Төлбөртэй болохоор юм уу, зарим аялагчид жорлонд бие засдаггүй, майхныхаа ард л “залчих” гээд байдаг талтай.” гэж инээмсэглэх, уурлахын хооронд хэлэв. Бид дээлээ нөмрөөд л суувал жорлон болдог сэтгэлгээгээр иймэрхүү байдлаар аялж байна.
Хэцүү хад хэсгийн байгаль хамгаалагч Б.Алтансүх: Зарим нь шаардлага хүлээж аваад хог хаягдлаа зориулалтын цэг дээр хаядаг шүү. Тэдэнд үнэхээр баярладаг.
Эрэг орчмын том хавтгай хадны завсраар уусан архи шил, пивоны лаазаа тун ч эвтэйхэн шургуулчихаж. Гар нь яаж багтсан юм бол гэмээр багахан зайд ундааны сав, гялгар уутаа ч чихжээ. Хадны завсрыг хүртэл хогийн сав гэж харах, хачин сэтгэлгээ бидэнд яах аргагүй байна. Дэл сул хаясан нойлын цаас, салфетка, гялгар уут замаа алджээ. Харгана, бударгана болгоны ёроолд наалдчихсан хөглөрнө. Салхи жаахан дэгдэнгүүт хамхуул шиг хийсэж харагдана. Ер нь л хүний идэж уудаг бүхний ул мөр энд үлдсэн гэвэл илүү ойлгомжтой болов уу. Хүний хэрэгцээ юм чинь авч явалгүй яах вэ. Гол нь цүнх савандаа багтаагаад ирсэн хог хаягдлаа буцаагаад аваад явах сэтгэл, ухамсар л дутсан нь цэвэрлээд ч дуусахгүй хур хогийг үүсгэжээ.
Хогийг нь түүж цэвэрлэдэггүй юм уу, хариуцсан ажилтан байдаггүй юм уу гэж уншигч та асуух байх. Уг нь Хяргас нуур дөрвөн байгаль хамгаалагчтай, мотоцикл мориор явж эргээд ч энэ хэдэн хүн нуурын эргэн тойрныг хамгаалж, шаардлага тавьж, хариуцлага тооцож дийлдэггүй гэнэ. Энэ жилээс энэ хэсгийн хог хаягдлыг Н.Удвал гэгч бүсгүй хариуцан ажиллаж байгаа аж.
Тэрбээр хог, жорлонгийн асуудлыг шийдээгүй цагт хэзээ ч хогноос салахгүй хэмээн ярив.
Бичлэг үзэх: Жорлон, хогийн цэгээ шийдээгүй цагт Хэцүү хадны асуудал улам хэцүүдсээр байна
Шаардлага тавьдаг уу гэсэн асуултад байгаль хамгаалагч “Тэгэлгүй яахав, ийм сайхан газар ирсэн юм чинь хог хаяхгүй гээд их л уриалгахнаар шаардлага хүлээж авдаг. Гэвч буцаад очихоор хогоо хаяад явчихсан л байдаг юм. Байгаль дэлхийдээ ингэж хандахаар ажил үйлс нь яаж бүтдэг юм бол гэж боддог шүү. Гэхдээ ухамсартай аялагчид ч зөндөө. Ялангуяа гадаадын жуулчид маш цэвэрхэн аялж амардаг” гэв.
Энэ орчмын хог хаягдал эрэг орчмоосоо хальж Увс аймгийн Завхан сумаар ч тархаад буйг нутгийн иргэд хэлж байв. Үүнийг ч ирж буцах замд таарах хог ч батална. Хогоо хаяж байгаа иргэдийн хандлагаас ч, зохион байгуулалт, сэтгэл дутсан байдлаас Увс аймгийн удирдлагуудын сэтгэл зүтгэл ч дутаж байгааг дурдахаас өөр арга алга.
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛЫН ЯАМДАА ХАЯГДСАН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮС
Аватар киноны Пандора гаригийн дүр төрхийг санагдуулам байгалийн тогтоцтой Жанжиажэг Хятад улс аялал жуулчлалын нэгдүгээр бүс хэмээн албан ёсоор зарласан байдаг. Зэрэглэл тогтоож зарлана гэдэг нь аль нэг даргын захирамж тушаал гараад л болчихдог зүйл биш. Хамгийн гол нь тэр бүсдээ их хэмжээний хөрөнгө оруулалт хийж тэр хэрээрээ дэлхийн өнцөг булан бүрээс сая сая хүний аялахыг хүсдэг газрын нэгд багтаж, улс орноо ч сурталчилж, улсын төсвөө ч зузаатгах эдийн засгийн эх үүсвэрийн нэг ч болж байна.
Тэгвэл манай улсад нөхцөл байдал ямар байна вэ?
Хяргас нуурын Хэцүү хад орчимд гадаадын жуулчдыг авч очдог газраас хасчихсан гэдгийг та мэдэх үү.
Монголыг төсөөлж байгаа зураглалаас тэс өөр болсон замбараагүй шороон зам, жорлонгийн асуудал, нэгдсэн зохион байгуулалтгүй зэрэг асуудал нь ийм байдалд оруулжээ. Газар гишгээд л баас, хогтой газар гадны жуулчдыг дагуулж очихоосоо ичдэг гэж "Mongolian Guide Tour” ХХК-ийн захирал Ч.Буянбадрах ярьж байсан нь батлагдав.
Нөхцөл байдал ямар байгааг дээр өгүүлсэн. Нөөц боломжийн хувьд хэдийгээр тусгай хамгаалалттай бүс гэж зарладаг ч анхаарал хандуулдаггүй. Байгалийн үзэсгэлэнт газрууд, аялал жуулчлалын бүсэд анхаарах нэрийдлээр багахан төсвөө эхийг нь эцээж, тугалыг нь тураалгүй байх зарчмаар эн тэнцүүхэн хуваарилж ирсэн бичигдээгүй хуультай. Тэгсэн хэрнээ дотоод, гадаадын жуулчдын тоож ч очдоггүй Бэрх тосгонд 640 хүүхдийн сургууль барихад 6 орчим тэрбум төгрөг зарцуулж байх жишээний. Халуун ус, эко жорлонгүй хэрнээ Хяргас нуурын хажууханд нь байх Наранбулаг суманд гэхэд "Алдарт сайн малчин" Б.Иргэл агсны хөшөөг босгож байж билээ.
Улсаас, хариуцсан Байгаль орчин, аялал жуулчлын яам нь бодлогоор анхаараагүй цагт энэ орчим цэгцрэх шинж алга. Орон нутаг нь анхаарсан ч төсөв нь хүрэлцдэггүй, шийдлээ олохгүй явсаар ийм байдалд хүрчээ. Ядахдаа аялал жуулчлалын бүсдээ зөвхөн эко жорлон барих стандарт гаргах цаг нь болжээ, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэд хаяглаж хэлэхэд.
Хяргас нуурын хэцүү хад орчимд гэхэд эргээсээ 200 гаруйхан метрийн зайд зөөврийн жорлон барьж байхтай таарсан. Гэтэл сав нь ердөө 120 л. Өгсүүр энэ газар очиж өтгөн шингэн зөөх үнэндээ амаргүй, дүүрэнгүүт цоожилчихно, бас л нэг хог хаягдал болно гэдгийг нутгийнхан нь хэлж байна.
Эко эсвэл соруулдаг жорлонгийн шийдэл энд үнэхээр дутагдаж байна. Хамгийн харамсалтай нь Хэцүү хад орчмын хогийн цэг нь ч, бохироо хаях газар нь ч Хяргас нуураас 2 км хүрэхгүй зайд байрладаг юм билээ. Хогийн цэг нь ил задгай шатаадаг бололтой, харлаж шатсан хог тэр хавиар нэг хийсэж байв. Энэ цэгт хэцүү хад орчмын бүх амралтын газруудын хог хаягдаж булагддаг.
Нуурын эрэг дагуу машин орохыг хориглож хашаа татсан ч эвдэрсэн тул хүмүүс машинтайгаа очиж хонож өнжин бууж бохирдуулдаг. Биднийг сурвалжлагаар очиход ч 2-3 машин очсон байв.
Энэ мэтээр аялал жуулчлалын бүс гэгдэж байгаа энэ газар ямар ч зохион байгуулалт алга. Экологийн талаасаа анхаарал хандуулсан шийдлийн талаар бүр ярилтгүй.
Хэцүү хад орчмын хөрс бохирдсоор...Уг нь машин оруулахыг хориглодог ч татсан хашлага нь хугарчээ. Байгаль хамгаалагч нь олон хүнд шаардлага тавьж хүчрэхгүй нөхцөлтэй тулжээ.
Цаашид Байгаль орчин, аялал жуулчлын яам хүний урсгал дагасан газруудаа эрэмбэлж, стратегийн бодлогоо зарлах цаг болжээ. Гол нь хөрөнгө хүч гаргаж, анхаарахгүй бол уул уурхайн балгаар биш олны хөлд байгаль орчин сүйдэж, экологийн тэнцвэрт байдал алдагдахад бэлэн болоод байна.
Эхнээсээ ч нүүрлээд эхэлчихсэн, цагтаа шувуудын диваажин байсан эгц хадан цохио дахь шувуудын хоосорсон үүр үүний нэг баталгаа биш гэж үү...?
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.