Буяндэлгэрийн Мөнхчимэг
09 сарын 08, 2025
Цоохор ирвэсийн өчил
Бид монгол орныхоо баруун хэсгээр тархан амьдардаг. Ойролцоогоор 1000-уулханаа. Аль 1997-1998 онд бидний тоо толгой 800-1000 орчим гэсэн судалгаа гарсан бол 20 жилийн дараа буюу 2020-2021 онд мөн л 1000 орчим байна гэсэн тоо гарсан юм. Угаас, бидний эм нь хоёр жил тутамд нэг удаа л төллөдөг бөгөөд ердөө 2-3 зулзага төрдөгтэй холбоотойгоор үржлийн үйл явц удаашралтай. Үүн дээр нэмээд цаг уурын хатуу ширүүн уур амьсгалын үр дагаварын хохирлыг амсах, илүү хүч чадалтайгийнхаа идэш тэжээл болох гээд бусад зэрлэг амьтдын л адил байгалийн амаргүй шалгууруудыг даван туулах явцдаа цөөнгүй хэд маань үхэж үрэгддэг юм.
Сүүлийн жилүүдэд бидэнд хүмүүстэй, тэдний ахуйтай, хөгжил дэвшилтэй нь зохицож хүчрэхгүй нөхцөл байдал үүссэнээс болж тоо толгой маань хоргодох шалтгаан илүү олширч, амьдрахад үнэхээр бэрхшээлтэй болсоор байна.
Хамгийн их тулгамдаж байгаа асуудал бол идэш тэжээлийн дутагдал. Төмөр зам, авто зам, бусад дэд бүтэц бидний нүүдлийн замыг хааж, амьдрах орчныг маань хумьсаар буй.
Нөгөөтэйгүүр малчин өрх олширсны дээр дэлхийн дулаарал, цөлжилтөөс үүдсэн сөрөг үр дагаваруудтай бүхий л төрлийн зэрлэг амьтад бидний адил нүүр тулж байна.
Аргаль, янгирын тоо толгой ч буурсны дээр уур амьсгалын өөрчлөлтөөс болж зэрлэг амьтад тархац нутгаа өөрчилсөн. Бид өлсөхийн эрхэнд малчны хот руу гэтэх болсноор тэдний хувьд дайсан нь болчхоод буй.
Ирвэсийг хамгаалахад манай улс тэргүүлэх үүрэг хүлээдэг. Учир нь цоохор ирвэс дэлхийн 12 оронд тархсаны дотор монгол цоохор ирвэсийн тоо толгойгоороо хоёрдугаарт ордог билээ. Иймд олон улс, төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулж, нутгийн иргэдийг түшиглэсэн хамгааллын ажлыг хэрэгжүүлэх нь энэхүү ховор амьтны ирээдүйг баталгаажуулах түлхүүр хэмээн мэргэжилтнүүд онцолж байна.
“Цоохор ирвэсийн судалгаа, хамгааллын үндэсний чуулган”-ыг Wildlife Conservation Society Mongolia, Ирвэс Хамгаалах Сан, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас хамтран зохион байгууллаа. Чуулганы үеэр мэргэжилтнүүдийн ярьсан онцлох баримт мэдээлэл, санал санаачлага, цоохор ирвэс хамгааллын чигэлээр хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааны талаар товчлон хүргэж байна.
Бичлэг үзэх:
Цоохор ирвэст тулгарч буй бэрхшээлүүд нийгмээ дагаад өөр болж байна
/Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн ахлах судлаач Б.Бүүвэйбаатар/
Уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлох шаардлагын хүрээнд монголын хөдөөд олноор нь тавьж буй замыг эртнээс төлөвлөж, зэрлэг амьтан, ялангуяа ирвэсэнд ээлтэйгээр байгуулахгүй бол нэгэнт зам бий болчихсоны дараа араас нь хөөцөлдөж, сөрөг нөлөөллийг бууруулах ажил хийх боломжгүй.
Тиймээс ирвэсийн амьдрах, нүүдэллэх орчноор дамжин өнгөрч байгаа газар нутагт аливаа авто болон төмөр зам барихдаа зэрлэг амьтан чөлөөтэй нэвтрэх гарц гармыг нь шийдэж өгөх ёстой. Энэ бол яаралтай авах ёстой арга хэмжээ. Зөвхөн цоохор ирвэс ч биш, байгаль орчинд туларч буй асуудал бэрхшээлүүд нийгмээ дагаад өөр болж байна. Эдгээр шийдэл олохын тулд тал талын оролцоо, үүрэг ихээхэн чухал.
Энэ утгаараа байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй олон байгууллага цоохор ирвэсийн судалгаа шинжилгээг тодорхой хэмжээгээр хийж, байгаль хамгааллын ажлуудад оролцож буй. Тэдгээр мэдээллийг хэрхэн нэгтгэх вэ гэдэг нь ярилцаж шийдэх ёстой нэгэн томоохон сэдэв болоод байна.
Ирвэс бол “Шүхэр зүйл”
/Ирвэс хамгаалах сангийн Байгаль хамгаалах хөтөлбөрийн захирал М.Цэрэннадмид/
Байгаль хамгааллын салбарт “Шүхэр зүйл” гэдэг ойлголт бий. Аль нэг амьтныг хамгаалалтад авахад түүнийг дагаад өөр олон төрлийн амьтны амьдрах орчинд таатай нөхцөл үүсч байдаг гэсэн үг. Ирвэс бол “Шүхэр зүйл” амьтан.
Монгол Улсын нэн ховор ховор амьтны үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд санхүүгийн болон орон нутгийн хамгаалалтын хэмжээ, байгаль орчны газруудын уялдаа холбоо, нутгийн иргэдийг түшиглэсэн байгаль хамгаалал, судлаачдын байгалийн нөөцийн хамтын менежментийг хөгжүүлэх зэрэг асуудлууд тулгамдаж буй.
Монгол Улс цоохор ирвэсийн урт хугацааны судалгааны суурин кемптэй болсноор 37-38 ирвэсийг хүзүүвчилсэн нь дэлхийд анх удаагийнх байв.
Хамгийн нуугдмал амьдралтай амьтныг ийм олноор нь хүзүүвчилж, олон жилийн судалгаа дата мэдээллийг цуглуулж авсан нь олзуурхууштай.
Өнөөдрийн хурлаар ирвэс хамгаалалд тулгамдсан асуудлыг ярихаас гадна цаашдын хамтын ажиллагаагаа хэрхэн сайжруулах, олон улсын түвшинд хэрхэн хамтарч ажиллах тал дээр долоон орны судлаачтай санал солилцож байна.
“Ирвэс хамгаалалд олон салбарын оролцоог бий болгоно”
/БОУАӨЯ-ны ТХГН-ийн Бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ц.Уранчимэг/
Байгаль орчныг хамгаалах нь зөвхөн Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны асуудал биш. Бүс нутгийн хөгжлийн талаар ярьж байгаа энэ цаг үед бид бусад яамтай зайлшгүй хамтарч ажиллах ёстой.
Тухайлбал, Зам тээврийн яам, Уул уурхайн яамтай хамтрах нь хамгийн чухал. Тогтвортой уул уурхай эрхлэх, тухайн бүс нутгийн байгаль орчинд ээлтэй, байгалийн нөөцийг хамгаалахын тулд санхүүжилт, хөрөнгө оруулалт, нөхөн сэргээлт, дүйцүүлэн хамгааллын ажлуудыг зайлшгүй хийх ёстой байдаг.
Мөн Соёлын яамны оролцоо ямар байх вэ гэхээр, зэрлэг амьтныг байгаль дээр байгаагаар нь, тухайн амьтанд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүйгээр байгалийн аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг дээр зөв бодлого барьж алсын хараатай ажиллах нь чухал байна. Түүнчлэн экосистемийн үнэ цэнийг нутгийн иргэд хүртэж байх ёстой. Ийм концепцыг бид бодлогодоо барьж явна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.