Тайваны зүүн муж болох Тайтун болон өмнөд Пингтун мужид оршдог цэргийн баазаас өнгөрсөн Пүрэв гаригийн орой пуужингийн туршилт хийлээ. Тайваны загас агнуурын агентлагаас тус бүс нутгийн ойр загасчлахгүй байхыг анхааруулсан байна.

Өнгөрсөн Мягмар гаригт эх газрын Хятадын Ардын чөлөөлөх армийн хэд хэдэн Су-30 сөнөөгч онгоцууд Тайваны баруун өмнөд эргээр ниссэн байна. Түүнээс хэдэн цагийн дараа АНУ-ын C-40A тээвэрлэгч онгоц мөн баруун өмнөд эрэг дээгүүр нислэг хийсэн гэв.

Ямар төрлийн пуужин хөөргөснөө олон нийтэд мэдэгдээгүй боловч Тайваны Шинжлэх ухаан, технологийн Чуншан хүрээлэнд бүтээсэн пуужин аж. Нэрээ нууцлахыг  хүссэн цэргийн нэгэн эх сурвалж орон нутгийн хэвлэлд өгсөн мэдээллээр бол Пингтун баазаас хөөргөсөн пуужин нь Тиенкун-3 нэртэй газар-агаар ангилалын 200 км-ын тусгалтай пуужин байсан гэжээ.


Өнгөрсөн 2 сарын хугацаанд Тиенкун-3, дунд тусгалын Юнфен зэрэг хэд хэдэн пуужин Жуйпен дэх цэргийн баазад туршсан. Тиенкун-3 нь пуужингийн довтолгоог сөрөх бол Юнфен нь 1500 гаруй км-ын тусгалтай бөгөөд эх газрын Хятад түүн дотроо Бээжин, Тианжин, Нанжин, Ухань, Шанхай хүрэх чадалтай юм.