Тайвань уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг идэвхтэй тэмцэж байна

П.Мөнгөнсор
11 сарын 11, 2024

Уур амьсгалын өөрчлөлт дэлхийн улс орнуудад маш хүчтэй нөлөө үзүүлж байна. Үүнээс үүдэн Тайвань ч хүнд сорилтуудтай тулгарч байгаа юм. 

Тухайлбал, сүүлийн жилүүдэд Тайваньд өнгөрсөн зуунд тохиолдож байгаагүй ган гачиг, аадар бороо, хар салхи зэрэг гарах болсон.

Тиймээс Тайваний Ерөнхийлөгч Лай Чин Дэ “Нүүрстөрөгчийн ялгарлыг цэвэр дүнгээр тэг (Net-zero) байлгах зорилтын таван стратеги”-ийг идэвхтэй хэрэгжүүлж байна. 

Тухайлбал эрчим хүчний салбарын хоёрдох шилжилт буюу газрын гүний дулаан, устөрөгчийн эрчим хүч, биомассын эрчим хүч, далайн эрчим хүч зэрэг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг эрчимжүүлэх, цахим болон ногоон үйлдвэрлэлийн хоёр тэнхлэгт өөрчлөлтийг дэмжиж, байгаль орчинд ээлтэй тогтвортой ногоон амьдралын хэв маягийг бий болгож, “хэнийг ч орхигдуулахгүй байх” шударга эрх тэгш өөрчлөлтийг дэмжин ажиллаж байна. 



Нүүрстөрөгчийн ялгарал багатай шилжилтийг хийхийн тулд нүүрстөрөгчийн үнийн механизмыг бий болгох нь

Тайвань уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төрөл бүрийн арга хэмжээг авч хэрэгжүүлэн, “Уур амьсгалын өөрчлөлтөд хариу үйлдэл үзүүлэх тухай хууль”-д “2050 он гэхэд нүүрстөрөгчийн ялгарлыг цэвэр дүнгээр тэг (Net-zero) байлгах” зорилтыг тодорхой тусгаж, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахын төлөө идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. 

Тайвань нүүрстөрөгчийн үнийн системээ дэлхийн нүүрстөрөгчийн тарифын тусгайлсан зорилттой уялдуулж чадсан тул хууль эрхзүйн орчин нь үндсэндээ бүрэлдэн тогтсон гэж ойлгож болно. 

Энэхүү зохицуулалттай холбоотой хууль тогтоомжууд 2025 онд албан ёсоор хэрэгжиж эхлэх юм. Аж ахуйн нэгж, компаниуд ирэх жилийн дундуур туршилтын байдлаар тайлан мэдээллээ гаргаж эхлэх ба дөрвөн жилийн дотор Тайваний Хүлэмжийн хийн ялгарлын схемийг (ETS, Emissions trading scheme) идэвхтэй мөрдөн ажиллаж, дэлхийн жишигт ойртуулахаа амлаж байна. 



Ногоон эко сангуудаар дамжуулан аж үйлдвэрийн инновацыг дэмжих нь

Тайвань ногоон эко аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд ногоон санхүүжилтийн гурван том сангийн үйл ажиллагааг идэвхтэй дэмжин ажиллаж байна. 

Тайваньчууд нийт 10 тэрбум шинэ тайвань долларын санхүүжилт бүхий “Ногоон хөгжлийн сан” байгуулж, дотоодын нүүрстөрөгчийн ялгарлыг цэвэр дүнгээр тэг байлгахтай холбоотой шинээр үүсгэн байгуулагдсан үйлдвэрүүдийг хөгжүүлэх, даатгал, санхүүгийн салбараас хөрөнгө босгож, “Ногоон санхүүжилтийн инновацын сан” байгуулж, бүхий л салбарт эрчим хүчийг хэмнэх, нүүрстөрөгчийн ялгарлыг цэвэр дүнгээр тэг байлгах болон нөөцийг дахин боловсруулах үйлдвэрлэлийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Тайваньчууд “нүүрстөрөгчийн ялгарлыг цэвэр дүнгээр тэг байлгах” зорилтоо нүүрстөрөгчийн хийг бууруулах дотоод болон гадаадын шаардлагуудтай уялдуулж, дотоодын өндөр нүүрстөрөгч ялгаруулагчид, эрсдэлийн хөрөнгө оруулагчид болон санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллаж, нүүрстөрөгчийн хийг бууруулах төрөл бүрийн технологийг үнэлэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцох хүсэлт эрмэлзэлтэй байна. 

Мөн түүнчлэн Тайваньчууд нүүрстөрөгчийн хийг бууруулах дэлхийн стратегийн төлөвлөгөөг хэрэгжүүлж, нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах үйл хэрэгт оролцон, ногоон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байна.

Энэ нь Тайваний олон улсын хэмжээн дэх өрсөлдөх чадварыг нэмэгдүүлээд зогсохгүй “Парисын хэлэлцээр”-ийн 9 дүгээр зүйлд заасан өндөр хөгжилтэй орнуудыг уур амьсгалын санхүүжилтийг янз бүрийн эх үүсвэрээс дайчлахыг дэмжих шаардлагыг хангаж буйн зэрэгцээ Тайваний тогтвортой хөгжлийн бат бөх суурийг тавьж байгаа болно.



Тайвань дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх үйл хэрэгт өөрийн хувь нэмрээ оруулахад бэлэн байна

Тайвань бол эдийн засаг, технологи, инновацын салбар өндөр хөгжсөн орон. Сэргээгдэх эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлт, нүүрстөрөгчийн хий багатай технологийн шинэчлэл зэрэгт олж авсан ур чадвараараа Тайваньчууд дэлхийн уур амьсгалын засаглалд хүчтэй дэмжлэг үзүүлж чадна.Инновац ба практик нь ирээдүйн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах үйл хэргийн гол түлхүүр юм. 

Тайвань нүүрстөрөгчийн үнийн тогтолцоог хэрэгжүүлж, холбогдох инновацын технологийг эрчимтэй хөгжүүлэн, дотоодын бодлого, тогтолцоог бэхжүүлэх замаар дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх үйл хэрэгт үргэлжлүүлэн оролцох болно.

Тайвань уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн хариу арга хэмжээнд хувь нэмрээ оруулахыг зорин ажиллаж байгаа юм.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.