Т.Алтангэрэл: Цагаан сарын дараа мацаг барихад тохиромжтой

Мацаг, эрүүл амьдрал гэж чухам юуг хэлдэг вэ. Идэж, ууж байгаа хоол хүнсээрээ дамжуулан эрүүл амьдрах боломж бидний гарт бий. Хэдхэн зөв ойлголт байхад шүү дээ. Энэ талаар “Мацаг – Байгалийн эмчилгээ” номын зохиогч, иогийн багш Т.Алтангэрэлтэй ярилцлаа. 

-Сүүлийн үед хүмүүсийн дунд мацаг гэдэг зүйл нэлээн яригдах боллоо. Ер нь Монголчуудад мацаг тохирох уу?

-Хүмүүс мацгийн зөвхөн эрүүл мэндийн ач тусыг нь дөвийлгөн мацаг барих болсонд эмзэглэж явдаг. Монгол орны өнөөгийн төрх, хүмүүсийн араншин, бизнесийн зорилго нь хүмүүсийн хэрэгцээн дээр дэлгэрэх гэдэг зүйл болоод байна.

Мацаг барихад эхлээд өөрийн биеийн онцлогийг мэдэх нь тун чухал. Мөн мацаг барих эсэх нь тухайн улирал, цаг агаарын онцлогоос хамаарна. Монгол орны хувьд намар, өвлийн хий улиралд мацаг барихад тохиромжгүй. Учир нь хийдэх магадлалтай. Хийн хөдөлгөөнтэй шинжээс сэтгэл санаа тогтворгүй болох буцаад биедээ аливаа эмгэг үүсгэх шалтгаан болдог.


Уламжлалт цагаан сарын дараанаас мацгийг барьж эхлэхэд тохиромжтой. Зуны улирал мэдээж мацаг барих болон эрүүлжих, хоолны тодорхой дэглэм барих, өвөлжин мах идсэн бол цагаан идээ, ногоо түлхүү хэрэглэх гэх мэтээр зохицуулж явбал илүү үр дүнтэй. Таны эрүүл мэнд таны гарт, таны сонголтонд байдаг.  

Эрүүл мэнд, жингийн асуудал бол аль нэг сургалтын төвд мөнгө тушаагаад олж авдаг мэдлэг биш. Өөрөө өөрийгөө анагаах хүч нь байгалаасаа таньд байж байдаг мэдлэг, түүнийгээ сэргээх л хэрэгтэй.Та өөрөө өөртөө оточ байж чадна гэж хэлмээр байна.

-Мацгийн долоо хоногийн дэглэмээ манай уншигчдад танилцуулаач?

-Хүн өдөрт зөвхөн нэг удаа хооллосноор аливаа өвчин эмгэг тусахгүй эрүүл саруул байж урт наслах бүрэн боломжтой юм. Хэрвээ та өдөр үндсэн хоолоо идээд, оройн цаг буюу хоол боловсруулах тогтолцооны гал бага үед хоол хүнс идэж биедээ ачаалал өгдөггүй бол эрүүл байж урт наслах боломжтой гэдэгтээ итгэлтэй байгаарай.

Мацгийг билгийн тооллын тодорхой өдрүүдэд цагаан хоол идэх, долоо хоногийн тогтсон өдрөө тодорхой хоол хүнснээс татгалзах, өдөрт ходоодны гал сайн цагт 1 удаа хооллох зэргээр өөрийн биед дадуулан тогтмол хийснээр анагаах ач тусыг хүртэн эрүүл саруул, урт удаан амьдрах зам бидний өмнө нээлттэй байна.

Мацаг барих гэдэг нь хоол хүнс идэхгүй байхыг хэлдэггүй. Мацаг барьснаар хүн өөртөө цаг гарган, өөрийн бодлоо ажиглан таньж, амнаас гарч байгаа үгээ өөрөө сонсож, үйлдлээ хянахыг, бодол, үг, үйлдэл зөв байхад анхаарах ингэснээр буян хураахад гол утга учир нь оршино. 

Аливаа зүйлийг өөрийн болгон амьдралдаа хэвшүүлэхэд мэдлэг, туршлага, дадал гэсэн 3 зүйл хэрэгтэй. Манайхан байгалаасаа мэдлэгтэй ард түмэн, аль нэг сургалтаас олж авсан мэдлэгээ өөрийн болгохын тулд долоо хоног бүр тогтсон өдрөө тогтмол хийж дадуулахад л суралцах хэрэгтэй. Ямар нэг юманд шат дараалал байдгийн адил мацгийг хагас мацгаас эхлэн, дараа нь шингэн мацаг руу аажим шилжих эсвэл долоо хоногийн тогтсон өдрөө сүү, сахраас татгалзах гэх мэтээр зохицуулж болно. 

-Тэгвэл хэзээ мацаг барих ёстой юм бол?

-Монгол орны хувьд намар, өвлийн хий улиралд мацаг барихад нэн тохиромжгүй. Учир нь хийдэх магадлалтай. Хийн хөдөлгөөнтэй шинжээс сэтгэл санаа тогтворгүй болж буцаад энэ нь биедээ аливаа эмгэг үүсгэх шалтгаан болдог.

Уламжлалт цагаан сарын дараанаас мацгийг барьж эхлэхэд тохиромжтой. Мэдээж зуны улирал мацаг барихад маш таатай.Зун цагт хоолны тодорхой дэглэм барих, өвөлжин мах идсэн бол цагаан идээ, ногоо түлхүү хэрэглэх гэх мэтээр зохицуулж явбал илүү үр дүнтэй.

ШАР ТОС ХҮНИЙ БИЕД БАЙХ ХОРТ БОДИСЫГ УУСГАХ  ГАЙХАЛТАЙ ЧАДВАРТАЙ

-Мацаг барьж байгаа хүмүүст юу зөвлөх вэ, мацаг барьж болохгүй төрлийн хүн байдаг уу?

-Мацаг барихад эхлээд өөрийн биеийн онцлогийг мэдэх нь тун чухал.Толгой их өвддөг, даралт багатай хүмүүсийг хориглодог. Хөхүүл болон жирэмсэн эх богино болон урт хугацааны мацгийг барих боломж үгүй. 

-Хонины сүүлийг сайн муу гэж янз бүрээр ярих юм. Та энэ тал дээр юу гэж зөвлөх вэ ?

-Хонины сүүлийг идэж болно, арьсандаа түрхэхэд анхаарах хэрэгтэй гэж боддог. Хүний биед хоол хүнсний үлдэгдлээс гурван төрлийн хорт бодис үүсдэг. Энэ хор хамгийн ихээр ялгардаг эрхтэн бол бидний арьс. Нийслэлийн агаар бохирдол, ажлын байрны агааржуулалт, үйлчилгээний газрын хуурайшилт зэргээс шалтгаалан бидний арьсны нүх сүв байнга бөглөрч байдаг. Тэрхүү хорт бодис биеэс хамгийн ихээр ялгардаг цаг нь шөнийн 22 цагаас 02 цаг хүртэл байдаг. Хэрвээ та энэ цагт унтаж амардаггүй бол биеийн цэвэрлэгээний цагийг алдаж байна л гэсэн үг юм. Монголчууд ихэнх нь хий давамгайлсан хүмүүс, хийн сэрүүн шинжээс арьс хүйтэн голдуу байдаг. Энэ үед малын гаралтай тос хэрэглэхэд энэ нь арьсны нүх сүвийг бөглөх магадлалтай. Сонголт бага эрт дээр үед бид сүүлний тосыг эрүүл мэндийн зорилгоор хэрэглэдэг байсан. Одоо ургамлын гаралтай маш олон төрлийн анагаах тос бий болсон учраас малын гаралтай тосыг арьсандаа хэрэглэхдээ бодолцож үзэх хэрэгтэй. Мэдээж уламжлалт эмчилгээнд биеийн өвчтэй тодорхой хэсэгт гарын илчээрээ бүлээсгэн хэрэглэж болно

МАНАЙХНЫ ХЭВЛИЙН ЖИН ИХ БАЙДАГ НЬ ХҮЙТЭН УСЫГ ХЭТРҮҮЛЭН УУСАНТАЙ ХОЛБООТОЙ

-Бид нар гадуур зарж байгаа тэр бүтээгдэхүүнийг шар тос л гэж ойлгоод байгаа шүү дээ?

-Монголчуудын өтгөн хаталт, нурууны өвчний нилээн том шалтгаан нь зөв тос өөхөө хэрэглэхээ байсантай холбоотой. Шар тос хүний биед байх хорт бодисыг уусгах гайхалтай чадвартай.

Манай худалдаанд байгаа шар тос, гандан хийдэд зул барих зориулалтаар борлуулж байгаа шар тосыг хэрэглэхэд хэцүү. Одоо үед бурханы нэрээр будаа олж идэгчид олон болжээ. Аравнайлсан шар тос гэх мэт нэр өгөн бизнесийн ашиг сонирхолтойгоор муу тосыг зах зээлд, иргэдэд нийлүүлж байгаад харамсдаг. Шар тосоо та гэртээ гарга. Шар тос хэрхэн гаргадаг аргыг мэдэхгүй бол энэ нь цусанд тань байгаа мэдлэг гэж л хэлмээр байна. Гэхдээ шар тосыг сайн гээд хэзээ ч хэтрүүлэн хэрэглэж болохгүй шүү.

-Энгийн хүмүүс хар талхны жинхэнэ эсэхийг яаж ялгах вэ?

-Туршлагаараа л мэднэ дээ. Нэр цохон тэр энэ үйлдвэрийн талх нь сайн муу гэж хэлэхэд хэцүү. Та хэрэглэж үзэж байж л мэднэ. Сайн ажигла, өнгө хольсон талх андашгүй. Мөн хэт хөөлгөсөн талхнаас татгалзаарай. Бүхэл үрийн гэчихээд хэт хөөлттэй талх гадуур зөндөө, ийм талх битгий ав. Хятад хүнс муу гээд яриад байна, тэгвэл хятад хүнсийг монгол хүн зөөдөг шүү дээ. Монгол хүний жудаг гэдэг сэвтсэн цаг үе юм даа. Хүний хэрэгцээн дээр цэцэглэх, бизнес хийх явдал их дэлгэрчээ. 

-Мацаг, иогийн багшийн хувьд та усыг юу гэж боддог вэ? Ус уувал сайн гэж ярьдаг. Үнэхээр хүний биед сайн юм уу?

-Хүн өдөрт тодорхой хэмжээний шингэнийг авах хэрэгтэй. Гэхдээ Монголчууд хэтрүүлж хэрэглээд байна. Манайхны хэвлийн жин их байдаг нь хүйтэн усыг хэтрүүлэн уусантай холбоотой. Хүн болгоны бие харилцан адилгүй учир хүссэн үедээ хүчлэхгүйгээр шингэнээ уу гэж хэлмээр байна. 

ИДМЭЭР БАЙГАА ЗҮЙЛЭЭСЭЭ ЗӨВХӨН МЭДЭЭЛЭЛ СОНССОН ТӨДИЙГӨӨР БИТГИЙ ТАТГАЛЗААРАЙ

-Иогийн багш нар ихэнх нь жин багатай цаанаасаа гэрэлтсэн хүмүүс байдаг, ер нь уурладаг уу?

-Иогийн багшийг уурладаггүй энх амгалан хаан шиг гэж олон хүн боддог байх.(инээв) Бид нийгмийн бас бодлын амьтад. Хямарна, гэхдээ энгийн хүнээс мэдээж өөр. Ер нь амьдрал гэдэг чинь тэр чигтээ аз жаргал биш шүү дээ. Амьдрал солонго шиг олон өнгөтэй. Тэр өнгөнд хандах хандлагаараа энгийн хүнээс өөр болов уу. Жишээлбэл би шаналсан ч түүнийг ажиглан таньж, хэрхэн түүнийг давж, яавал үүнээс гардаг гэдгийг байнга эрэл хайгуул хийж явдагаараа давуу талтай байх аа. Манай багш нарын хоол хүнс ч энгийн хүнээс бага зэрэг хөнгөн болохоор бие хөнгөн, сэргэг, сайхан харагддаг. 

-Будаа төмс хоёрыг таргалуулагч, эрүүл бус хоол гэж үзэх болсон.Та харин эсрэгээрээ бодолтой юм билээ?

-Асар их мэдээлэл дунд өөрийн бодолгүй хүн хөл алдана. Тийм зүйл сайн муу гэж өөрийн эрүүл мэндээрээ дэнчин тавиад байж болохгүй. Хэрхэн хэрэглэх бэ гэдэг дээрээ анхаарах хэрэгтэй. Чанартай чанаргүй хүнс аваад хэт болгох, хэтрүүлэн идвэл ялгаа байхгүй л муу шүү дээ. Идмээр байгаа, дуртай зүйлээсээ зөвхөн мэдээлэл сонссон төдийгөөр битгий татгалзаарай гэж хэлмээр байна.

-Элсэн чихэр хэрэглэхгүй байж болох уу?

-Яагаад хэрэглэхгүй байх шалтгаанаа сайн мэддэг байх хэрэгтэй л дээ. Яагаад гэдгийг мэдэх үү, яагаад гэвэл сахрыг үүсгэгч махбод нь шороо, ус хоёр юм. Шороо ус хоёрын хүндийн жин нь ямар билээ? Мэдээж хүнд. Тийм учраас сахар хэрэглэхэд биед хүнд, шингэц удаан. Энэ шалтгаанаар хэрэглэдэггүй юм. Гэхдээ амьдралд баярлаж баясаж, баяраар бялуу идэх, хааяа ядарсан үедээ шокалад идэх хэрэгтэй Бүтээгдэхүүнээ зөв сонгож, хэрэглээгээ багасгахад болно доо болно. 

-Монголчууд эрүүл амьдрахын тулд ямар хэв маяг хэрэгтэй бол?

-Уламжлалт ёс заншилаа сэргээх хэрэгтэй байна. Аливаа эрүүлжих болон хүссэн жиндээ байх нь тухайн орны цаг агаар, түүний онцлог, хүний бие физиологийн онцлогтой салшгүй холбоотой.

Уламжлалт хоол хүнсээ сэргээж, долоо хоногт мах идэх өдрийн тоогоо цөөлж болно. Нэг удаа идэх махны хэмжээгээ, хоол цай идэж уух аяганы хэмжээгээ багасгавал гэмгүй. Дээр хэлсэнээр хоол хүнсийг хэрхэн болгох аргад суралцах хэрэгтэй байх. Хэт болгох, хэтрүүлэн идэх нь хоол хүнснээс амин дэм авах бус хорт бодис үүсгэж байна.Монгол хүний болон өнөөгийн нийгмийн эмгэг шалтгаан нь монгол хүний үнэ цэнэ, ёс зүй, ухамсарыг уландаа гишгэж, уламжлал, өвгөд дээдсийн сургаалийг мартсанд бас хэт их хэрэглээ, хэт их тав тухаас үүдэлтэй. 

Эрүүл амьдрах гэдгийг зөвхөн биеийн эрүүл мэнд гэж ойлгодог. Сэтгэлийн эрүүл мэнд, сэтгэлийн боловсрол гэж зүйлийг орхигдуулж болохгүй. Бүх зүйл сэтгэлээс үүдэлтэй шүү дээ. Тийм учраас сэтгэлээ засахад ухаанд суралцах хэрэгтэй болов уу. Бас манайхан урмаар их дутаж яваа, хүмүүст бие биендээ урмын сайхан үгээ харамгүй хайрла л гэмээр байна. Сэтгэлийн аливаа асуудлаас, сэтгэл санааны таагүй байдлаас биед эмгэг шалтгаан үүсдэг учраас сэтгэлээ л засах хамгаас чухал байгаа биз. 


МАЦГИЙН ДАРАА ГЭНЭТ ИХ ХООЛ ИДЭХ НЬ ӨӨРИЙГӨӨ МАШ ИХ ГЭМТЭЭДЭГ

-Харин ч эсрэгээрээ Монголчуудын хоол хүнсний хэрэглээ бага байна гэсэн яриа байдаг шүү дээ?

-Бидний хэрэглээ багадаагүй, хэтийдсэн, хэмжээгээ алдсан. 

-Хүн цадталаа идэх ёстой юу эсвэл ходоодондоо зай үлдээх нь зөв үү?

-Үүнийг угаалгын машинаар тайлбарлая. Та угаалгын машиныхаа талд нь хувцас хийж байж үлдсэн зайнд ус орж хувцас чөлөөтэй цэвэрлэгдэнэ. Хэрвээ угаалгын машинаар дүүрэн хувцас хийгээд, бүүр хаалгыг нь хааж чадахгүй болтлоо хувцас чихвэл юу болох бол төсөөлөөд үз дээ. Угаагдах нь битгий хэл угаалгын машин эвдэрнэ дээ. Үүнтэй яг адил. Ходоодны хэмжээг хүн бүр мэднэ. Ходоодны 1/3 нь хоол 1/3 нь шингэн 1/3 нь хоосон байж бидний идсэн хоол хүнс биед шингэн энэ нь биднийг эрүүл эрч хүчтэй байх амин дэм болдог. Хоол идэхэд манай уламжлалт шаазан аяганы хэмжээг яг таардаг.

Манай уламжлалт шаазан аяганы хэмжээ хоол идэхэд хангалттай. 

-Мацгийн дараа зарим хүмүүс хэт идчихдэг. Энэ аюултай юу?

-Мацгийн дараа гэнэт их хоол идэх нь өөрийгөө маш их гэмтээдэг. Хэрэв ийм үйлдэл хийж байгаа бол тэр хүн мацгийн талаар ямар ч мэдлэггүй байна гэсэн үг.

-Сүүлийн үед мацаг, эрүүл хооллолт ярьдаг хүмүүсийн тоо нэлээн нэмэгдсэн. Үүнийг та ямар талаас нь хардаг вэ?

-Бидний уулын орой нэг шүү дээ – ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН. Энэ уулын орой руу хүн яаж ч мацаж болно. Шууд авирч эсвэл тойроод гүйгээд байж болно. Хүн хүний арга барил өөр. Хамгийн гол нь бидний уулын орой нэг учраас дэм дэмэндээ дээс эрчиндээ, дэмжихээс өөр замгүй. Харин хүмүүсийн хэрэгцээн дээр цэцэглэх гэсэн, өгөхийн цаадах сэтгэл нь мунхаг бол мэдэгдэнэ дээ. 

ХҮН ЭДЭЭР БИШ ХҮНЭЭР Л ДУТДАГ

-Таны ярианд бид нар үнэт зүйл рүүгээ эргэж харах, уламжлалаа сэргээх гэсэн санаа нэлээн гарлаа. Бид ер нь уламжлалаасаа хэр холдож яваа хүмүүс бол?

-Бид өөрсдийн гэх зүйлээ үнэгүйдүүлчихсэн нь үнэн. Монголчууд  уламжлалаа сэргээж, өвгөдийнхөө сургаалийг дээдлэх ёстой. Одоо л сэргээхгүй бол сүүтэй цай чанах сургалтыг удахгүй гаднаас авах цаг ирэх нь. Миний сургалтанд дээр надаас сүүтэй цай яаж чанах вэ гэж асуусан хүн ч гарсан удаатай. 

-Таныг холбооны мэргэжилтэй гэж дуулсан.Иогт дурласан түүхээ хуваалцаач?

-Миний багын мөрөөдөл балетын жүжигчин болох. Бүр хожим нэгэнт балетчин болоогүй юм чинь иогоор хичээллэхээр шийдсэн. Яагаад гэвэл иог бол бүжгийн нэг төрөл юм. Арав гаруй жилийн өмнө европт амьдарч байхдаа эмчилгээний йогийн багшийн сургалтад суусан. Дараа нь Энэтхэгт хоёр удаа йогийн багшийн сургалтыг дүүргэсэн. Йогийг би хүний эрүүл зөв амьдрах, урт удаан аз жаргалтай амьдрах байгалийн ухаан гэж үздэг. Йог хэдийгээр Энэтхэгээс гаралтай ч үүнийг уламжлал өв соёлтойгоо холбон хүнд хүргэхийг хичээдэг. Тэгээд ч “ОТОЧ-ОДЬ” эмнэлгийн бурхан буурай Цэрэндорж гуайн мэдлэг тэр чигтээ йог шүү дээ. Йогт дурлах гэдэг ер нь их сонин зүйл. Миний йогийн зам мөр намайг уламжлал өв соёлтой минь ойртуулж, өөрийгөө таньж, бусдад тустай явахад сургасан.

-Энэ амьдралын юунд хамгаас их баярлаж талархаж явдаг вэ?

-Хүн эдээр биш хүнээр дутдаг. Би азтай. Хийдэг ажил, хийхийг хүссэн бүхэн маань намайг хүмүүстэй ойр байлгадаг. 

Миний нэг сайхан үг байдаг юм.

Хүний сэтгэлийн галыг бадрааж 

Илчинд нь та өөрөө дулаацаарай гэж.

Энэ амьдрал надад олон сайхан хүнийг бэлэглэсэн, би үүнд талархдаг. Талархах шалтгаантай байгаа өөртөө бас талархдаг даа. 

Сэтгэгдэл бичих (16)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.