“Би бол дэлхий хүн” цуврал, Динобаатар хүүхдийн зурагт номын зураач, “Ээлтэй хүн” ТББ-ын үүсгэн байгуулагч Т.Дөлгөөндусалтай ярилцлаа. Тэрбээр тогтвортой хөгжлийн асуудал, шийдлийг санал болгох “Миний 17” булангийн маань анхны зочин бөгөөд эх дэлхийдээ ээлтэй байх энгийн үйлдлүүдээ бидэнтэй хуваалцсан юм.

Цоргоо хаагаач, усаа хайрлаач

Кинонд гол дүрийн хүмүүст асуудал тулгарахаар угаалгын өрөөндөө крантаа онгойлгоод эсвэл шүршүүрийнхээ усыг гоожуулаад л суучихдаг хэсэг гардаг шүү дээ. Тэр үед дүрийнхээ асуудлыг мартаад “Хүүе ээ, наад усаа хаагаач дээ” гэж боддог хүүхэд байлаа... Иймэрхүү байдлаар усаа хэмнэх юмсан, байгалиа хайрлах юмсан л гэж бодохоос биш яг юу хийхээ сайн мэддэггүй байлаа. Хийж чадах ганц зүйл маань л хогоо хогийн саванд хийх юм шиг. 

Тэгж явсаар ээж боллоо. Хүүхдээ бор хоолонд орох үеэр нь хоол, нэмэлт хүнс авч өгөх гэтэл 5,6 сартай хүүхдийг хооллохоор эрүүл хүнс хайгаад олоогүй. Тэгээд бодитой үйлдэл хийхгүй л бол цаашдаа улам л дордох юм байна гэж шийдсэн юм. 

Бичлэг үзэх:

 

Яаж эх дэлхийгээ хайрлах вэ гэвэл ердөө 3R гэсэн дүрэм байгаа. 

 

  Зөв "хог" худалдаж ав


Шаардлагагүй зүйлсийг анхнаасаа худалдаж авахгүй байх. Заримдаа бид ганц нэгхэн удаа хэрэглээд л дахиж ашиглах, эсвэл нэг хоёр удаа өмсөөд л болих хувцсыг тухайн үеийн сэтгэл хөдлөлдөө автаад л худалдаад авчихдаг. Тэдгээр нь эргээд хаях гэхээр хайран, хадгалах гэхээр хог л болдог. Хэзээ, яаж хэрэглэх нь мэдэгдэхгүй баахан юм байлгаж байснаа хогийн сав руу чулуудах үе олон. Ийм байдалд хүрэхгүйн тулд дэлгүүр орохоосоо өмнө яг юу авах нэн шаардлагатай вэ гэдэг жагсаалт бичих хэрэгтэй. Ингэснээр мөнгөө хэмнэхийн зэрэгцээ байгалиа хайрлах эхний үйлдлээ хийж байгаа юм. 

Түүнчлэн худалдаж авах барааныхаа сав баглааг ямар материалаар хийснийг шалгаж, дахин боловсруулах боломжгүй материалаар хийсэн бол авахаас татгалзаарай. Миний хувьд чипс, чоко-пэй зэрэг мөнгөлөг доторлогоотой амттанг огт худалдаж авдаггүй. Учир нь халуунд тэсвэртэй, агаарыг нэвтрүүлэхгүй гэж гялгар уут мөнгөлөг доторлогоо давхарласан байдгаас дахин боловсруулах боломжгүй байдаг. Эдгээр хог хаягдлыг хөрсөнд булдаг гэсэн үг. 

Одоогоор Монголд хоёрхон төрлийн гялгар уутыг дахин боловсруулж байна.


Эхнийх нь шаржигнуур өнгөгүй гялгар уут. Энэ уутыг ихэвчлэн талх, нарийн боовны савлагаанд хэрэглэж байгаа. Хоёр дахь нь салфетканы уут буюу цагаан өнгөтэй, бага зургийн сунамтгай гялгар уут бий. Энэ хоёр төрлийн гялгар уутыг л дахин боловсруулах боломжтой. Бусдыг нь шууд л хөрсөнд булдаг. Тэгэхээр дахин боловсруулах боломжгүй материалтай бараа бүтээгдэхүүн авахаас эрс татгалзаарай. 

Дэлхийн улс орнуудад дахин боловсруулах боломжгүй савлагаануудыг хориглож, үйлдвэрлэгчид нь маш бүтээлчээр хандаж, асуудлыг эерэгээр шийдвэрлэсэн олон жишээ бий. 

Хэрвээ хэрэглэгчид нь олноороо татгалзаж эхэлбэл тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч компаниуд сав баглаагаа өөрчлөх, эко хэв маягийг сонгох болно шүү дээ. Яагаад монголчууд бид ч гэсэн зөв савлагаатай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж хүмүүст хүргэж, шинэ сонголт үүсгэж болохгүй гэж.

Худалдаж авахгүйгээр гэрт байгаа юугаар орлуулж болох бол?

Шаардлагагүй зүйлсээ дэлгүүрээс худалдаж аваагүй. Тэдгээрийг гэртээ юугаар орлуулж болохоор байна гэж бүтээлчээр хараад нэг зүйлээ олон дахин ашиглана гэсэн үг.  Бүх төрлийн цаас, цаасан хайрцагийг маш олон удаа ашиглаж болдог. Жишээ нь би тэмдэглэлийн дэвтэр, нэрийн хуудсаа төрөл бүрийн хайрцаг савлагаанаас хайчилж аваад тэдгээрийг дахин боловсруулаад хийсэн.

Ерөнхийдөө гэрт хэрэглээд дууссан,сав шилнүүд гээд гар доорх зүйлсээ түүхий эд гэж хараад юу хийж болох вэ гэж бодвол гарц гаргалгаа нь амархан гараад ирдэг.

Тухайлбал тараг, сүү, варенийн шилийг хатаасан цэцэг ногоо хадгалах сав болгож болно. Зүгээр л шүүгээний мухарт хадгалах биш бүр чимэглэл болгож ч болно. 

Зурагт харагдаж байгаа энэ шилтэй үртэс бол хатаасан цэцгээр хийсэн үнэртүүлэгч.  

Баяр ёслол болгоноор хүмүүс бие биедээ баглаа цэцэг бэлэглэдэг. Тухайн үедээ баярлаж хөөрч авсан ч хоёр хоногийн дараа гэхэд хогийн сав руу ороод л ялзардаг. 

Тэгэхгүйгээр цэцгээ номон завсар хавчуулж эсвэл цонхон дээрээ тавиад 14 хоног хатаачихна. Түүнийгээ нүдэж, нунтаглаад шилэндээ хийнэ. Дээрээс нь амин тос дусаагаад, амсарыг нь даавуугаар бооход хэдэн сарын турш анхилуун үнэрээ хадгална. Сайтар хатаасан цэцэг хөгцөрч муудахгүй, үнэр нь гарсны дараа хөрсөнд цацахад бордоо болоод л шингэнэ. Хүнсний ногоо, жимсний хальс үүнтэй яг ижилхэн хэрвээ ердийн хог хаягдалтай нийлүүлчихвэл ялзраад хүлэмжийн хий ялгаруулна. Харин хатаагаад хөрсөнд цацчихвал ямар ч хоргүй. 

Миний хувь хүнсний хог хаягдлаа хатааж томхон шилэн саванд хадгалж байгаад хөдөө явах замдаа шороо, хөрсөнд цацчихдаг. Ийм хялбар аргаар л хог гаргахгүй байж болно. 

Хувцсаа яах вэ?

Ганцхан жийнсэн өмд хийхэд 70 литр ус зарцуулдаг. Цэв, цэвэрхэн усанд олон төрлийн химийн будаг шингээж, бохирдуулаад байгаль руу буцаагаад асгадаг. Тэгэхээр нэг хувцсаа аль болох удаан өмсөж, шинэ хувцас бага авах хэрэгтэй. 

Хувцасны хаягдлаа багасгах, хог болголгүй аврах гурван энгийн арга бий.

Өөрт байгаа бүх хувцсаа ангилж ялгаад өмсөхгүй хувцсаа “second hand” дэлгүүрт хандивлах. Хэрвээ хувцсыг ердийн хогтой хамт булах юм болон хэдэн зуун жил шингэхгүй хөрсөнд ялзарч, хүлэмжийн хий ялгаруулна. 

Харин ингээд дараагийн хүнд дамжуулаад очвол шууд хөрсөнд булагдахаас аврагдах юм шүү. Мөн “Toirog”, “Retro Radio Shop" зэрэг дэлгүүрээс өөрт таалагдсан хувцсаа сонгож хэрэглэж ч болох юм. 

Шүүгээнд байгаа бүх хувцас тань  таалагдахгүй, шинэ хувцас авахаас өөр сонголтгүй мэт санагдаж байвал дахин загварчлуулж, сэргээлгэх боломж бас бий. Жишээ нь И.Урангоо дизайнерийн үүсгэн байгуулсан Re-Designed-Mongolia өмсөхгүй хуучин хувцаснуудыг шинэ хувцас мэт болгож өгдөг шүү.

Сүүлийн арга нь зүгээр л Стив Жобс шиг нэг л хувцсаа дахин дахин өмсөөд байж болно. Байгаль эх дэлхийгээ хайрлаж байгаа үйлдэл юм чинь яагаад болохгүй гэж. 

/Хуучин хувцсаа хэрхэн ангилах талаар дэлгэрэнгүй уншихийг хүсвэл энд дарна уу.

Хоногт нэг ут хог хаясаар байх уу эсвэл...



Хуванцар савтай тараг авахгүйгээр шилэн савтай тараг авлаа. Таргийг нь уучхаад шилэн савыг нь дахин ашиглалаа, дахин ашигласан шил нь муудлаа. Одоо үүнийг яах вэ? Хаях уу, байх уу ? 

Хоёр аргаар хаяж болно. Нэг нь зүгээр л хогийн сав руу шидчихнэ. Үүнийг хогийн машин ирж аваад хогийн цэг дээр очоод газарт булагдана, шатаана, хүлэмжийн хий ялгаруулна, озоны давхарга цоорно. 

Хоёр дахь арга нь дахин боловсруулагдах хаягдлаа ангилж хадгалаад, дахивар нөөцийн тав тушаах. 

Төвшинсайхан, Шинэ шил гээд шил авдаг газрууд бий.  “Шинэ шил” компани гэхэд хаягдал шилээр барилгын түүхий эд буюу дулаалгын хөвөн үйлдвэрлэж эхэлсэн. 

Тэгэхээр дахиварын хогийн сав тусд нь гаргаарай. Үүнийг нэг их хүндээр тусгаж, бодох хэрэггүй. 

Зүгээр л шил, хуванцар, лааз гээд нэг сав гаргана. Тэгээд л болоо, маш энгийн. Цуглуулж, хоёр гурван сар хадгалсныхаа дараа дахивар нөөцийн төвд тушаана. 

Манай гэр бүлийн хувьд хогоо ангилж эхлэхээсээ өмнө бол өдөр болгон нэг уут, бондгор хог гаргадаг байсан. Ер нь 3-аас дээш гишүүнтэй гэр бүл хоногтоо нэг бондгор хог гаргаж л байгаа. Хогоо ангилж эхлэх юм бол долоо хоногт нэг удаа нэг бондгор булагдах хаягдал гарна. 2-3 сардаа нэг уут дахин боловсруулагдах хог хаягдал гарна.

Хүн амьдарч л байгаа юм чинь идэж, уух нь тодорхой. Ийм нөхцөлд хог гарахгүй байна гэж ч байхгүй. Тэгэхээр хамгийн гол нь анхнаасаа хог болох учраас яаж хаяхаа тооцоолж,зөв хаях нь эко амьдрал юм.

Бидний гаргаж байгаа нийт хог хаягдлын 70 орчим хувь нь дахин боловсруулагдах боломжтой. Үлдсэн 30 орчим хувийн 10 орчим хувь нь хортой хог хаягдал, 10 хувь нь хүнсний хаягдал, үлдсэн нь булагдах хаягдал. Хоол хүнснийхээ тосыг нь шүүж, ялгаад хатаахыг нь хатааж, бордоо болгож болно. Өөрөөр бол хог болгохгүй байж болно. Харин хортой хог хаягдлыг заавал ангилж тусад нь тушаах ёстой. Жишээлбэл бүх төрлийн батерей, эмний хаягдал байна. Дууссан батарейнуудаа CU-гийн сүлжээ дэлгүүрүүдэд байдаг батерей хадгалах саванд хаяарай. Дууссан эм, бэлдмэлээ Ази фармын салбаруудад тушаах боломжтой. 

 Авснаа нөхөж, ургуулдаг модон эдлэл авч байгаарай

Хүүхдэдээ тоглоом авах бол модон тоглоом авч өгөөрэй. Мод гэхээр хүмүүс “Хүүе ээ, агаарыг цэвэршүүлдэг модоо тайрахаар яаж эко болдог юм бэ” гэж боддог. Яагаад модон тоглоом хуванцар тоглоомоос дээр вэ гэвэл мод дахин сэргээгдэх байгалийн нөөц. Авснаа нөхөж ургуулж, тарьж болдог.

Харин хуванцар тоглоомыг нэг тоглоод хаяхад 400 жил байгалийг бохирдуулдаг. Дээрээс нь дахин сэргээгдэхгүй. Аль хэдийн дуусаж байгаа нөөц. Хуванцар бол газрын тос гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.  Газар ухна, газрын тос гаргаж аваад боловсруулаж хуванцар буюу хог хийнэ. Хуванцар дахин боловсруулагдахгүй, сэргээгдэхгүй, дуусаж байгаа нөөц учраас аль болох хуванцар эд зүйл бүү аваарай.

Бичлэг үзэх: 

Тоглоом авч өгөхгүй байж хүүхэд яаж хөгжих юм бэ гэж гайхаж магадгүй.

 Ээж аав, эгч ах, эмээ өвөө нь хүүхдүүдтэй цагийг үр дүнтэй өнгөрүүлж байж хүүхдийн IQ, EQ-г хөгжүүлнэ. Та бүхэн боддоо өвөө, эмээ нарын маань үед ийм, тийм тоглоом байгаагүй шүү дээ. Ганц чулуу, шагайгаар тоглоод мундаг хүмүүс болсон байхад EQ, IQ хөгжүүлнэ гэсэн тоглоом заавал авах шаардлагагүй. Зүгээр л хүүхэдтэйгээ тодорхой цагийг бүтээлчээр хамт өнгөрүүл.

Миний хувьд хүүхэдтэйгээ яаж бүтээлч байдлаар тоглоом хийдэг вэ гэхээр ундааны бөглөөгөөр машины дугуй хийгээд, нэг удаагийн хоолны савхаар машины гол төмрийг нь хийнэ. Ингээд 4 бөглөө, 2 савх, нэг картон цаас тэгээд л машин. Иймэрхүү байдлаар гар доорх материалаар тоглоом хийгээд хүүхэдтэйгээ цагаа өнгөрүүлж, бүтээлч сэтгэлгээг нь хөгжүүлдэг.

Хэрэв танд хогоо ангилах хэцүү санагдаж, яаж zero waste байх вэ, яаж минимал байх вэ, юунаас эхлэхээ мэдэхгүй байвал бидэнтэй холбогдоорой.
Бидэнтэй холбогдохын тулд “Ээлтэй үйлдэл” ТББ-ын “Бид бол Дэлхий- Хүмүүс” эсвэл “Би бол Дэлхийн Хүн” гэсэн пэйжүүдэд хандахад болно. Бид таны асуултад чөлөөтэй хариулж,, уулзаж ярилцан зөвлөдөг.  Мөн“Бид бол Дэлхий- Хүмүүс”манай клубт элсээд бүх төрлийн мод тарих, голын хог  цэвэрлэх зэрэг байгальд ээлтэй ажлуудад нэгдэж, хамтран оролцож болно шүү.