УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Зарчмын хувьд уг хуулийн төслийг дэмжиж байна. Бид дандаа зарлага яриад байгаа. Тэгвэл аймаг, нийслэл, сум, дүүрэг орлого олох бололцоог энэ хуульд хэрхэн суулгасан бэ. Аймаг, нийслэл, сум, дүүрэгд эдийн засгийн ямар ч эргэлтгүй, үхмэл хэдэн тэрбумаар тоологдох өмчүүд байдаг. Энэ өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулж мөнгө, санхүү босгох асуудал хэрхэн орж ирж байна вэ" хэмээн асуулаа.

Хариултад нь Ажлын хэсгийн дарга, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Орлого олох боломжийг бүрдүүлэх талаар хэд хэдэн асуудал тусгасан.

1. Хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэт цаас, концесс гаргах асуудлыг аймаг, нийслэлийн ИТХ шийдвэрлэнэ гэж оруулсан. Үүнийг нээж өгснөөр орлого олж, зээл авч, ажлаа хийнэ. 

2. Сум, дүүргийн өмч бий болгож байна. Аймаг, нийслэлийн өмч биш. Ер нь бол өмчтэй байж орлого олно. Энэ бол шинэ асуудал.

3. ААН-ийн орлогын албан татварын 40 хувийг аймаг, нийслэлд үлдээнэ гээд явж байна. Сангийн яам, Засгийн газар яах бол гэдэг асуудал Ажлын хэсгийн санааг зовоож байгаа. Гэхдээ өөрөөр байх аргагүй. Нутаг дэвсгэр дээр нь ААН-үүд ажиллаж байгаа учир. Орлогыг ингэж олохоос өөр арга байхгүй" хэмээлээ.


УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан "Улсын нэгдсэн төсвийн орлогын 14-17 хувийг орон нутаг бүрдүүлээд тэрийг нь дээш нь татаад авчихаж байна. Тухайлбал, суманд бий болсон нийт орлогын 44.8 хувийг аймгийн төсвийн орлого, 16 хувийг улсын төсвийн орлого болгодог. Үлдсэн 40 хувийг сум өөрөө захиран зарцуулдаг. Энэ хууль батлагдсанаар давуу тал нь сум, орон нутагт жинхэнэ утгаараа санхүү, хөрөнгө мөнгө, төсөв, татварын эрх мэдэл ирнэ" хэмээв.