Ө.Энхтүвшин: Цагаан сараар мөрөө гаргах, гэртээ золгох зэргийг хориогүй, хөл хөдөлгөөнийг хориглосон

Б.Баясгалан
02 сарын 12, 2020

Уламжлалт Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдвэр өнөөдөр гарсан.

Энэ талаар Шадар сайд Ө.Энхтүвшин "Шинэ коронавирусийн тархалтын оргил үе болоогүй гэдгийг ДЭМБ-аас мэдэгдсэн. Оргил үе нь Цагаан сарын өдрүүдэд таарч болзошгүй гэсэн урьдчилсан тандалтыг эрдэмтэд хийж байна. Байдал цаашид яахыг харж байгаад, амаргүй болбол хорио цээрийн дэглэмийг гуравдугаар сарын 02-ноос цааш сунгах магадлалтай. Сунгана, сунгахгүй өнөөдөр хэлэхэд эрт байна. 

Цагаан сар тэмдэглэхийг хориглолоо гэж ярьж байна. Хориогүй, тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Хүмүүс мөрөө гаргах, бурхан тахилдаа өргөлөө өргөх, гэр дотроо золгох, бууз баншаа жигнэж идэх зэргийг нь хориогүй. Хөл хөдөлгөөнийг хориглож байна. 

Өөрөөр хэлбэл, Сар шинийн өдрүүдэд үр хүүхдээ дагуулаад аавындаа, дараа нь ахындаа, эгчийндээ очно гээд явдгийг хориглож буй юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр гарсан тул иргэд, албан байгууллагууд биелүүлэх хэрэгтэй. Монголчууд ухаантай учир улс орны аюулгүй байдалтай холбоотой энэ шийдвэрийг ухамсарлаад дагаж мөрдөнө гэж итгэж байна. Түүнээс биш хэн нэгэн хүүхдүүдээ дагуулаад явчихлаа, шийтгэл оногдуулна гэсэн зүйл байхгүй.

Сар шинийн эхний гурван өдөр амардаг хуультай. Тус өдрүүдэд ажиллах эсэх асуудлыг одоогоор хөндөөгүй байна. Шаардлагатай гэж үзвэл төрийн байгууллагууд ажиллахыг үгүйсгэхгүй" хэмээн мэдээлэл өглөө.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.