Корановирусийн халдвар гараад буй Хубэй мужийн Ухань хотыг ойролцоогоор 5 сая хүн орхиод байна гэж тус хотын захирагч Зоу Шиан Ван мэдэгдлээ. Зарим нь хөл хорио зарласны дараа лхагва гарагийн шөнө хотыг орхин зугтсан аж.

Эдгээр хүмүүс вирусын тархалтаас өмнө цагаан сараар ах дүү хамаатан саднаа зорьсон бөгөөд энэхүү тоо нь вирусийн тархалтыг өсгөх аюултай гэсэн байна.

Хөл хорионд байгаа Ухань хотод одоогоор 9 орчим сая хүн байгаа аж. Сэжигтэй 2700 тохиолдлын 1000 нь корановирус болох нь бараг батлагдах бололтой гэдгийг ч тус хотын захирагч Зоу Шиан Ван хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ. Ням гарагт гэхэд 533 сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байгаа юм. 

Халдвар Хятадын мужуудад тархсаар буй. Сүүлд Бээжинд таван тохиолдол илэрсэн бөгөөд хамгийн бага нь 9 сартай хүүхэд аж.

80 гаруй хүний амь насанд хүрч, сэжигтэй 2,400-аас тохиолдол бүртгүүлээд байгаа учраас энэхүү ажлыг хэсгийг Хятадын Ерөнхий сайд Ли Көцян ахлахаар болжээ. Тусламжийг зөвхөн Улаан загалмайн байгууллагаар авахаа ч мэдэгдсэн байна.

БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний комиссын хариуцсан сайд Ма Сяовэй "Уг вирус ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй үедээ ч халдвар тарааж байгааг эрдэмтэд баталсан. Энэ нь иргэд чимээгүйхэн нэгэндээ халдвар тарааж байна гэсэн үг. Коронавирус хүний биед дасан зохицож байгаа нь байдлыг хүндрэлтэй болгож байна" гэжээ.

Өнөөдрийг хүртэл халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь 40-60 насныхан. Ухань руу одоогоор цэргийн болон иргэний 2360 эмч, сувилагчийг илгээгээд буй. Харин тус хот руу ТББ болон сайн дурынхныг явахыг түр хоригложээ.

Тус хотын оршин суугчид эмнэлэгийн үйлчилгээ авах хүмүүсийн тоо хэт их байгаагаас хүртээмж муутай, эмнэлэгт оргүй учраас үзүүлсэн ч гэр рүү нь буцааж байна гэж ярьжээ.

Эмч нар нэг удаагийн амны хаалт, нүдний шил дууссан учраас дахин хэрэглэхээс аргагүй байдалд орсон байна. 

Эх сурвалж: South china morning post