МАН-ын бүлгийн 30 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах бичгийг УИХ-д өргөн барьснаас хойш засаг унаж, дараагийн Ерөнхий сайд хэн болох вэ гэдэг асуулт олны анхаарлын төвд байна.

Гүйцэтгэх засаглалын тэргүүнийг суудлаас нь буулгах хүсэлтийг өргөн барьсан нөхөр хэн бэ гэдгээс эхлээд хөөвөл өчнөөн өгүүлэмж бий. ШӨХТГ-ыг О.Магнайгаас сулдуухан удирдаж явсан Т.Аюурсайхан засгийг  огцруулна гэж зоригтой дуугарах тод фигур хэтээсээ биш. АН-ын аль нэг залуу гишүүн ингээд гараад ирвэл хэн ч гайхахгүй л дээ.  Гэтэл баргийн амбицийг дэврэхээс нь өмнө намжаадаг, бяраа мэдэхгүйгээр шуугиан таривал чимээгүй дарж чаддаг диктатуртай  МАН-ын залуу гишүүн засаг унагана гээд гараад ирнэ гэдэг зүгээр ч нэг хэрэг биш. Сэтгэлийн хөдөлгөөндөө автаад хийсэн үйлдэл хэтээсээ биш.  

Бүр тодруулж хэлбэл Т.Аюурсайханы энэ санаачлага  “Үгүй мөн бөх зүрхээ” гэж гэнэн цаарайлахад хэцүү зураг. Ард нь  Н.Баганбанди гэж асаалттай танк байгаа учраас зоригтой хөдөлсөн хэрэг. Нэгэн цагт Н.Багабандийн  туслах явсан түүх залуу гишүүний намтарт бий. Т.Аюурсайханыг улстөрд хөтөлж дэмжиж оруулж ирсэн хүн нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди гэдгийг улстөрийн хүрээнийхэн андагүй. Баргийн зүйлд эмоцилоод  байдаггүй экс Ерөнхийлөгч саявтар “У.Хүрэлсүх улс орон, намынхаа эрх ашгийн төлөө уул мэт бат суух үүрэгтэй. Зөв, шударга үйл хэргийн төлөө гал мэт дүрэлзэх эр зоригоо мохоон шантрааж үл болно. Ихийг амлалгүй, ихийг хийхийг нь хүлээе” гэсэн нь зүгээр ч нэг сэтгэл хөөрлөөр хэлсэн байр суурь биш байсныг Т.Аюурсайханы үйлдэл баталж орхисон. Шадар сайдын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн У.Хүрэлсүх засгийг унагаж, МАН-ыг толгойлох том амбицтай яваагаа ил шулуун зарлаад удаагүй үед экс Ерөнхийлөгч дэмжсэн үг унагасан нь тохиолдлын хэрэг биш. 

У.Хүрэлсүхийг дэмжиж буй өөр нэг “нууц ноёнтон” нь С.Баяр байх өндөр магадлалтай гэж манай сайт өмнө нь бичиж байсан. С.Баярын фракц гэгддэг Н.Энхболд гишүүн Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлж, саналыг нь Удирдах зөвлөл баталгаажуулсан нь энэ таамаглалыг нотолчихлоо. Н.Энхболд хотын фракцаас нэр дэвшсэн Ө.Энхтүвшингийн саналаас хуваалцаж, У.Хүрэлсүх ногоон гэрлээр Ерөнхий сайдын суудалд очих зураг тодроод байна. Ерөнхий сайдын суудлын цаана намын даргын алба гэж том суудал бий. Тэгэхээр шинэ засгийн тэргүүнээс гадна МАН-ын даргын алба У.Хүрэлсүхийг хүлээж байна.

Х.Баттулга Ерөнхийлөгч С.Баяр, М.Энхсайхан нарыг элчингийн албанаас нь татах хүсэлт гаргахад УИХ хуулийн дагуу тавьсан хүсэлт биш гэж буцаасан нь ердөө саяхны үйл явдал. УИХ хуулиараа, цээжээрээ хамгаалж байхад Англид ажин түжин амьдрах боломж С.Баярт бүрэн дүүрэн бий. Гэтэл эсрэгээрээ  Ерөнхийлөгч тэгж байгаа бол ажлаа өгөхөд асуудал алга хэмээн төв  царайлсан нь цаанаа том учиртай байж. Европт амьдардаг монголчууд жагсч эсэргүүцээд байхад хүртэл ганхаагүй байр суурь яахаараа  гэнэтхэн хувирав гэдэг тавих учиртай асуулт. Өнгөц ажихад  төрийн тэргүүний шахалтаар элчингийн суудлаас татгалзсан зураг харагдах ч цаанаа МАН-ыг шинэчлэх, идэж уух нь хэрээс хэтэрсэн хотын фракцийг тоглоомоос гаргах, улстөрд эргэж ирэх том бодолтойгоор Англиас наашлахаар шийдсэн байх. Дахин онцлоход С. Баяр М.Энхболдтой хатуу яриа эхлүүлэхээр шийдсэн нь Н.Энхболдын нэрээ дэвшүүлсэн үйл явдлаар батлагдлаа. МАН-ын Бага хурлын заалнаас нэр дэвшигч тодрох боломж бий. Гэхдээ Удирдах зөвлөл Бага хурлын үеэр заалнаас нэр дэвшүүлэхгүй гэсэн тохироогоор Э.Энхболдыг У.Хүрэлсүх, Ө.Энхтүвшин хоёртой өрсөлдүүлэх шийдвэр гаргасан гэх тайлбар бий.

С.Баяр, Н.Баганбанди хоёр вкус, мэдрэмж нэг лидерүүд. Нийлээд хөдөлж байх бүрэн боломжтойг сүүлийн өдрүүдэд өрнөсөн үйл явдлаас харчихаж болохоор байна.

 У.Хүрэлсүхийн хувьд МАН-ын дунд үеийн тод улстөрч. НАМЗХ-д өсгөж бойжуулсан залуусаа улстөрд оруулчихсан, ардаа Н.Багабанди, С.Баяр гэсэн акулуудын дэмжлэгтэй түүний хувьд Ерөнхий сайдын суудал холын мөрөөдөл биш.  НАМЗХ-ноос угшилтай ултөрчдөөс Н.Номтойбаяр л ганцаараа эрх ашгийнхаа үүднээс У.Хүрэлсүхийг эсэргүүцэж байгаа. Засаг огцруулах бичигт гарын үсгээ зураагүй хэр нь Шадар сайдыг битүүхэн дэмжиж суугаа толгой улстөрчийн нэг бол Ц.Нямдорж . 60 тэрбумын бичлэгийг эвлүүлэг биш гэсэн хурц мэдэгдлээс нь түүний санаа төвөггүй уншигдаж байгаа. 

МАН хэдий хэд хэдэн фракцтай ч АН шиг ил цагаан зодолддоггүй. АН-аас ялгаатай нь ямар ч шинэчлэгч гарч ирсэн энэ удаагийнх шиг ассан түүх байхгүй, дотоодын зөвшилцлөөр асуудлыг шийдсээр өнөөг хүрсэн. МАН-ын хатиг өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар хагарч, өнөөдөр засаг тойрсон бужигнаан болтлоо хүрээгээ тэлчихлээ. МАН дотооддоо нэгэнт бугшсан хатигийг сууриар нь эмчлэх, өмнөх шигээ хөндөлгүй үлдээх болов уу гэсэн хүлээлт, асуулт өнгөрсөн хугацаанд олны анхааралд байлаа. У.Хүрэлсүх Ерөнхий сайдын албанд очиж, дараагийн засгийг тэргүүлвэл бугшсан хатигийг сууриар нь эмчлэх боломж гарч мэдэх л юм.