Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг 4 эгнээтэй болгон шинэчилэн барихаар шийдвэрлэсэн. Одоо зам засварын бэлтгэл ажил эхэлсэн бөгөөд тус чиглэлийн замыг хэсэгчлэн хааж, түр зам тавих ажил хийгдэж байна.

Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн яамны Зам ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнээс тодруулахад "Өнөөдрийн байдлаар Дарханы үндсэн замын хажуугаар түр зам гаргах, өндөр хүчдлийн шугам болон шилэн кабелийг зайлуулах ажлыг төлөвлөгөөний дагуу хийж байна. Мөн замын трасст орсон барилга байгууламжууд, газрыг чөлөөлж байна. Үндсэн замын ажлыг түр зам гаргаж дууссаны дараа эхлүүлнэ. Дарханы замыг бүтнээр нь хаахгүй, 2-5 километрээр хэсэгчлэн хааж, бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөсөн" гэсэн мэдээллийг өгчээ.

Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас Монгол Улсын Засгийн газарт зам тээвэр, дэд бүтцийн салбарын төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд олгож буй 300 сая ам.долларын зээлийн санхүүжилтээр шинэчилэн байгуулна.

Дөрөвдүгээр ангиллын хоёр эгнээтэй 204.6 км тус замыг тусгаарлах зурвастай нэгдүгээр ангиллын дөрвөн эгнээ бүхий болгон барих ажлыг энэ 4 дүгээр сард эхлүүлэх шийдвэрийг өнгөрсөн оны 9 дүгээр сард Засгийн газар гаргасан юм.


Эх сурвалж: АТҮТ