Нэр бүхий шүүгчид, хуулийн байгууллагын ажилтнуудтай холбоотой дүрс бичлэг өнгөрсөн амралтын өдрүүдэд цахимд цацагдсан. Үүнтэй холбоотойгоор Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өчигдөр мэдэгдэл гаргасан.

Тэгвэл бичлэгт дурдагдсан шүүгчид болон эмэгтэйчүүдийн өмгөөлөгч нар өнөөдөр Тагнуулын ерөнхий газарт гомдол гаргаж, үүдэнд нь мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Өмгөөлөгч Д.Баттулга "Миний бие бусад өмгөөлөгчтэй нийлээд Тагнуулын байгууллагад гэмт хэргийн гомдол мэдээлэл гаргалаа. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэгэн байрны орцны бичлэг энэ сарын 20-нд цахим орчинд цацагдсан. Тухайн бичлэгт нэр бүхий шүүгчид болон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд холбогдох хүмүүсийн хамт гарсан. Тухайн хүмүүсийг Прокурорын зөвшөөрөлгүйгээр цагдаагийн байгууллагын болон холбогдох эрх бүхий албан тушаалтнууд дагасан, тагнасан, мөрдсөн байж болзошгүй нөхцөл байдал үүссэн. 

Тухайн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 21.13-т заасан Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн үйлдэл байж болзошгүй юм. Тиймээс тухайн эрүүгийн хэргийн хуульд зааснаар гэмт хэргийг шалгуулахаар өмгөөлөгч нарын зүгээс Тагнуулын ерөнхий газарт гомдол гаргалаа.

Бичлэгт дурдагдсан нэр бүхий эмэгтэйчүүд хууль зүйн туслалцаа авахаар өмгөөлөгч нарт хандсан. Тухайн үйлчлүүлэгчдийн өгч буй мэдээллээр тэдгээр эмэгтэйг цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд олноороо амралтын өдөр, ажлын бус цагаар гэрээс нь баривчилж, нийт 10 гаруй цаг тайлбар мэдүүлэг авсан байна. Ингэхдээ эрүү шүүлт тулгасан байж болзошгүй нөхцөл байдал үүссэн. Энэ талаар Улсын ерөнхий прокурор, Нийслэлийн прокурор, ЦЕГ-ын харъяа Тусгай субъектыг мөрдөн шалгах хэсэгт бид мөн гомдол гаргасан" хэмээлээ.

Мөн тэрээр "Орцны бичлэгийг нь үзээд л холбогдох хүмүүсийг нь биеэ үнэлсэн гэдэг ч юмуу, холбогдох албан тушаалнуудыг зохион байгуулалттайгаар гутаан доромжлох гэдэг үндэслэлээр халдаж байгаа нь харамсалтай байна" гэв.

Уг бичлэгтэй холбоотой асуудлаар зарим иргэний нийгмийн байгууллага болон иргэдийн төлөөлөл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад шаардлага хүргүүлэхээр өчигдөр Сүхбаатарын талбайд жагссан. Энэ үеэрээ жагсагчид "Шүүгчдийн уг ёс зүйгүй үйлдэлд хэн ч тайлбар өгөөгүй, хэн ч хариуцлага ярихгүй байна. Иймд тайлбар шаардаж байна" хэмээсэн юм.