Өмнөд Солонгосчуудын гэрлэх сонирхол нь буурснаас гадна зарим нь бүр болзохоос ч татгалзах болсныг шинээр гаргасан судалгаагаар тогтоожээ. 

Насанд хүрсэн буюу 20-44 насны 10 хүн тутмын 3-4 нь л болзож байгаа бөгөөд ажил хийдэг хүмүүс илүү болзох хандлагатай нь ажиглагдсан байна.

Солонгосын Хералд сонины мэдээлснээр хамгийн сүүлд гаргасан тоон судалгаанаас харахад 30-34 насны эрэгтэйчүүдийн 31 хувь, 35-39 насныхны 14 хувь нь л болздог гэж БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн асуудал хариуцсан хүрээлэнгийн тайланд тусгажээ.


Гэрлэлтийн хувьд үүнээс ч доогуур үзүүлэлттэй байна. 1995 онд 25-29 насны эрэгтэйчүүдийн 64 хувь нь ганц бие байсан бол 2015 онд 90 хувь болжээ. Харин тус насны ганц бие эмэгтэйчүүдийн эзлэх хувь мөн хугацаанд 30-70 болж өссөн байна.

Ахимаг настнуудад ч уг хандлага илэрсэн ба 30-34, 35-39 насны ганц бие хүмүүсийн эзлэх хувь дээрх хугацаанд 19-56 хувь, 40-45 насны хүмүүсийнх 7-33 хувь хүртэл өсчээ.

Сонирхолтой нь судалгаагаар дээд боловсролтой эрчүүд илүү болзох хандлагатайг илрүүлсэн бол боловсролтой эмэгтэйчүүдийн хувьд болзох сонирхол нь буурсан үзүүлэлт ажиглагджээ.

Ямар ч орлогогүй эрчүүд болзохоо больсон бол харин орлогогүй эмэгтэйчүүдийн 21 хувь нь болзож байжээ.

Дэлхийд төрөлтөөрөө хамгийн бага үзүүлэлттэй тус улс нь хүн ам зүйн хувьд гацаанд ороод байгаа ба 2014 онд гаргасан засгийн газрын судалгаагаар “2750 он гэхэд байгалийн мөхөл”-тэй нүүр тулна гэж мэдэгджээ. 

Уг үзэгдэл нь хөрш Япон улсад газар аваад байгаа ба хүн ам хөгширөхөд нөлөөлсөн юм. 2030 он гэхэд хүн амын гуравны нэг нь хамгийн багадаа 65 настай байна гэж тооцоолжээ.

32 настай хувиараа ажил эрхлэгч эмэгтэй Өмнөд Хятадын Өглөөний постод ярилцлага өгөх үеэрээ “Ихэнх эмэгтэйчүүд гэрлэлтийн дараах шударга бус харилцааг мэддэг. Тиймээс зарим эмэгтэй үлдсэн амьдралдаа хүүхэд төрүүлэхгүй, ганц бие өнгөрүүлэхээр төлөвлөсөн байдаг” хэмээн ярьжээ.

Энэхүү асуудлыг шийдэхийн тулд Өмнөд Солонгосын засгийн газар хосуудыг хүүхэдтэй болохыг дэмжиж сар бүр 270 доллар олгох шийдвэр гаргажээ. 

Хүүхэд өсгөн хүмүүжүүлэх цагийг тооцон наймаас доош насны хүүхэдтэй хүмүүсийг ажлын цагаас нэг цагаар багаар ажиллахыг зөвшөөрчээ.



Эх сурвалж: https://nextshark.com