1965 онд ахлах сургуулийн 17 настай сурагч Ренди Гарднер 264 цаг буюу 11 өдөр унтаагүй байна. 

Тэрбээр нойргүй хоносон хоёр дахь өдрөөсөө хараа нь тогтохоо байж, барьсан зүйлээ нэрлэх чадваргүй болжээ. Харин түүний маргаашаас уур бухимдалтай, зохион байгуулалтгүй болж эхэлсэн аж. Туршилтын хугацаа дуусахад тэрбээр анхаарлаа төвлөрүүлж чадахгүй, богино хугацааны ой санамжаа алдан, хий юм хардаг болжээ. Аз таарч Гарднер урт хугацааны сэтгэл засал, физик эмчилгээгүйгээр эдгэрсэн байна. Гэвч бусад хүн нойргүй удвал дааврын тэнцэл алдагдах, өвдөх, бүр амиа алдах магадлалтай аж.

Насанд хүрсэн хүн өдөрт 7-8, өсвөр насны хүүхэд 10 цаг унтах хэрэгтэй. Бид биеэс ирэх дохиогоор ядарч, энэ мэдээллийг тархинд дамжуулдаг. Харин гадаад орчин харанхуй болсноор унтах цаг болсныг сануулдаг байна. Нойр хүргэж, унтахад хүргэдэг аденозин, мелатонин зэрэг бодис ихээр ялгарахад зүрхний цохилт удаашран, булчин сулардаг.

Монгол Улсад ажил эрхэлж, татвар төлдөг 630 мянган хүн бий. Тэдний 40 хувь нь байнгын нойр дутуу байдаг гэсэн судалгааг NCP-Mandal компаниас хийжээ. Нойр тийм ч чухал санагдахгүй ч таны биед олон сөрөг нөлөө үзүүлж чадна.

Нойр дутагдахад сурах, санах, сэтгэл хөдлөх, хариу үйлдэл үзүүлэх хугацаа алдагддаг. Эрүүл мэндийн талаас хий юм харах, үрэвсэх, цусны даралт ихсэх, чихрийн шижингээр өвчлөх, таргалах эрсдэл нэмэгдэнэ. 2014 онд хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигч ДАШТ-ийг үзэхийн тулд 48 цаг унтаагүйгээс болж амиа алдсан юм. Хүн өдөрт зургаагаас бага цаг унтахад зүрхний шигдээст өртөх магадлал 4.5 дахин нэмэгддэгийг эрдэмтэд нотолжээ.

Нойр яагаад хүний биед ийм чухал нөлөөтэй гэж? Эрдэмтэд үүнийг тархины “хаягдал” эстэй холбон тайлбарлалаа. Хүн сэрүүн байх үед тархины эсүүд өдрийн эрч хүчийг захиран зарцуулж байдаг. Энэ нь өдрийн төгсгөлд аденозин тэргүүтэй хаягдал болон хувирдаг аж. Аденозины хэмжээ нэмэгдэхэд хүний бие унтахыг шаардана. Сонирхуулахад, хийжүүлсэн ундаа,  кофе зэрэг бүтээгдэхүүнд байдаг каффейн хэмээгч бодис нь аденозины хүртэхүйн замыг бөглөдөг тул нойр хүргэдэггүй. Энэ болон бусад “хаягдал” тархинд хурсаар “цэвэрлэхээс” нааш ачаалал болдог. Харин унтах үед “цэвэрлэгээ” буюу эрдэмтдийн нэрлэдгээр глимфатын систем идэвхждэг байна. Глимфат өдрийн турш хуримтлагдсан хэрэгтэй хэрэггүй ой санамж, хорт “хаягдал” эсүүдийг устгах замаар “цэвэрлэгээ” хийдэг гэв.