УОК: Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн хугацааг 2020 он дуустал сунгалаа

Б.Баясгалан
10 сарын 26, 2020

Улсын онцгой комисс өнөөдрийн хуралдааныхаа шийдвэрийг танилцуулж мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар "Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэд байдалд шилжүүлсэн хугацааг он дуустал буюу 2020 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл сунгахаар шийдвэрлэлээ. Уг шийдвэрийг ирэх лхагва гарагт Засгийн газрын хуралдаанаар эцэслэн батална. Коронавирусийг дотооддоо алдаагүй байгаа нь бидэнд олон давуу талыг бий болгож байна. Гэвч гаднаас зөөвөрлөгдөн ирж бүртгэгдсэн 339 тохиолдол бий. Тэдгээрийн 92 хувь буюу 312 нь эдгэрсэн. Үлдсэн нь эмчлүүлж байна.

Улс хоорондын болон дамжин өнгөрөх ачаа тээврийн зохицуулалтын асуудлаар салбарын сайдын мэдээллийг сонсож, зохих шийдвэрүүд гаргалаа. Сүүлийн өдрүүдэд Алтанбулаг боомтоор орж ирж буй иргэдээс, түүн дотор улс хоорондын болон дамжин өнгөрөх ачаа тээвэр гүйцэтгэж буй жолооч нараас коронавирус илэрч байна. Өнөөдрийн байдлаар нийт 28 жолоочоос коронавирус илэрсэн. 

Гаднаас коронавирус зөөвөрлөгдөн орж ирж гурван эрсдэл байна гэж үзсэн. Нэг нь олон улс хоорондын ачаа тээвэр, нөгөө нь эрүүл мэндийн салбарын халдвар хамгаалалт, гурав дахь нь гаднаас татан авч буй иргэдэд халдвар хамгаалалтын өндөр дэглэм сахиулах шаардлагатай.

Энэ утгаараа улс хоорондын дамжин өнгөрөх ачаа тээврийн зохицуулалтын талаар Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанд оруулахаар боллоо. Энэ хүрээнд Алтанбулаг боомтоор тийр ачааны машины жолооч нарыг нааш нэвтрүүлэхгүй байх зохицуулалт хийж байна. Энэ зохицуулалтын үйл ажиллагааг 12 дугаар сарын 01-н гэхэд шинэ горимд оруулна" хэмээлээ.

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.