Цаг үеийн асуудлаар Улсын онцгой комисс 13:00 цагаас хуралдаж эхэлжээ.

Үргэлжлүүлэн 15:00 цагаас Засгийн газар хуралдаахаар товлосон байна. 

Хуралдааны шийдвэрүүдийн талаар 16:00 цагаас хойш олон нийтэд мэдээлэл өгнө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдээллээ.

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр өгсөн мэдээллээр өчигдөр нийт 5.961 хүнд PCR шинжилгээ хийхэд 32 хүнээс коронавирус илэрчээ. Тэдний нэг нь энэ сарын 19-нд Улаанбаатар-Франкфурт чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн хүн байна. Бусад 31 нь Баянзүрх дүүрэг дэх халдварын голомтод бүртгэгджээ

Улмаар Баянзүрх дүүрэг дэх халдварын голомтод бүртгэгдсэн нийт тохиолдол 62 боллоо. 

"Тэд Баянзүрх дүүргийн эмнэлэгт ажиллаж, эмчлүүлж байхдаа халдвар авсан боловч халдвар авсан хүмүүсийн гэр нь нийслэлийн бүх дүүрэгт байрлаж байна. Иймд нэлээд өргөн хүрээтэй том дэгдэлт гарсан гэдгийг иргэд ойлгож, өөрийгөө хамгаалахад анхаарах хэрэгтэй. 

Дээрх 62 тохиолдлын 50 нь Баянзүрх дүүрэгт, 2 нь Баянгол дүүрэгт, 1 нь Налайх дүүрэгт, Сонгинохайрхан дүүрэгт 2, Хан-Уул дүүрэгт 1, Чингэлтэй дүүрэгт 5 хүн тус тус харъяалалтай байна. Гэрийн хаяг нь энд тэнд байна. Үүнээс улбаалаад ойрын болон хоёрдагч хавьтал нийт 1136 хүнийг илрүүлэн шинжилгээнд хамруулаад хяналт, тандалт хийж байна. Тэднээс 622-ыг нь тусгаарлах байранд тусгаарласан. Бусдыг нь гэрийн ажиглалтад авсан. Өнөөдөр ойрын хавьтлуудад давтан шинжилгээ хийнэ" хэмээн ХӨСҮТ-өөс мэдэгдээд буй.