Та өдрийн тос, нүүр гуужуулагч, тонер зэргийг өдөр тутмын арьс арчилгаандаа хэрэглэдэг үү? 

Хэрвээ тийм бол, та эдгээр бүтээгдэхүүнүүд таны арьсанд үнэхээр хэрэгтэй гэдэгт итгэлтэй байна уу? Бүсгүйчүүд жил бүр чамгүй их мөнгийг гоо сайхны бүтээгдэхүүндээ зарцуулдаг. Гэсэн хэдий ч эдгээр бүтээгдэхүүний тусламжтайгаар арьсны нүхийг агшааж, хацрыг дүүргэн, нүдний эргэн тойрон дахь үрчлээг засах боломжгүй юм.

Бид гоо сайхны бүтээгдэхүүний үзэмжтэй савалгаа, телевизийн зар сурталчилгаанд итгэсээр л. Bright side aгентлаг гоо сайхны бүтээгдэхүүнээс ямар ч үр дүнгүй эсвэл бусад бүтээгдэхүүнээр орлож болох дараах гоо сайхны бүтээгдэхүүнийг онцолсныг хүргэж байна.

Нүүрний маск

Нүүрний маск нь “сэтгэл сэргээх”  ямар ч хэрэгцээгүй бүтээгдэхүүний сонгодог жишээ юм. Хэрэв долоо хоног тутамд нүүрний маск хэрэглэх шаардлагатай гэж үзэж байвал таны өдөр тутмын арьс арчилгаанд асуудал байх магадлалтай. 

Маскны оронд юу хэрэглэж болох вэ?

Хэрвээ таны арьс тараг болон ферменттэй маск тавьсны дараа илүү чийгшил авсан мэт санагддаг уу. Энэ нь тараг болон ферментэнд агуулагдах хүчил нь арьсыг гуужуулан чийгшүүлэгч арьсанд нэвт шингэхэд тусалсан хэрэг. Энэ нөхцөлд нүүрний тосоо өөрчлөх шаардлагатай. Хэрвээ тослог арьс тань шавар маскны дараа дээрдэж байгаа бол өдөр тутмын чийгшүүлэгч тосондоо салицилийн хүчил агуулсан бүтээгдэхүүнийг сонгоорой.

Будаг арилгагч

Олон төрлийн шинэ цэвэрлэгчүүд таны арьсыг цэвэрлэж чадна. Тиймээс нүүрний будаг арилгагч нь дангаараа шаардлагагүй бүтээгдэхүүн болон хувирсан байна. Нүүр будаг арилгагчны оронд та мицелийн ус, кокосын тос ашиглах боломжтой. Өөрийн арьс арчилгааны дэглэмийг улам дөхөм болгох бүтээгдэхүүнийг сонгох хэрэгтэй.

Зовхины үрчлээнээс хамгаалах тос

Зовхины тос нь “нүдний эргэн тойрон дахь мэдрэмтгий арьсанд” гэсэн тодотголтой байдаг. Гэхдээ ихэнх нь арьсны гадаргууд чийгшил өгөхөөс өөр үүрэг гүйцэтгэдэггүй. Хэрвээ зовхины тос түрхээд үрчлээ багассан мэт анзаарагдаж байгаа бол энэ нь богино хугацааных. Харин нүдний эргэн тойрон дахь нимгэн эмзэг арьс нь хэт ягаан туяанд мэдрэмтгий тул энэ хэсгийг чийгшүүлж, нарнаас хамгаалах тос тогтмол хэрэглэх шаардлагатай.

Гуужуулагч

Хэрвээ та арьсаа тогтмол гуужуулан үүнийгээ арьсаа арчилж байна гэж боддог бол энэ нь ташаа ойлголт юм. Харин ч энэ үйлдэл нь арьсыг гэмтээх үр дагавартай. Учир нь гуужуулагч нь арьсны гаднах давхаргыг арилган, хүрээлэн буй орчноос хамгаалж буй хаалтыг хуулдаг. Мэдээж таны арьс ямар ч тосгүй, цэвэрхэн мэт мэдрэгдэх ч энэ нь богино хугацааны үр дүн юм. Гуужуулагч ашигласны дараа тосны булчирхай нь улам их тос үйлдвэрлэн арьсны тэнцвэргүй байдлыг бий болгодог. Арьсаа гуужуулахын оронд арьсныхаа хэвийн үйл ажиллагаанд нийцдэг арьс арчилгааг сонгон, тогтмол дагах хэрэгтэй.

Язралтын тос

Язралт нь биеийн дотор талд үүссэн нэг төрлийн сорви гэж болно. Харамсалтай нь үүнийг арилгахын тулд ямар ч гоо сайхны бүтээгдэхүүн тус болохгүй. Язралтын тоснууд нь үүнийг найдвартай багасгана гэж амладаг ч чийгшүүлэх замаар харагдах байдлыг нь дээрдүүлэхээс өөр зүйлгүй. Эдгээр үнэтэй бүтээгдэхүүний оронд какаоны тос (cocoa butter), вазелин аль эсвэл хямд чийгшүүлэгч тос хэрэглэх  нь мөнгийг тань хэмнэж бас чийгшүүлдэг.

Тоник

Тоник нь арьсны балансыг тэнцвэржүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэггүй. Хэрвээ арьсаа зөв цэвэрлэн, чийгшүүлж чадвал хэтэрхий олон хүчтэй бүтээгдэхүүн хэрэглэх ямар ч шаардлагагүй. Хэрвээ тоникийг удаан хугацаанд хэрэглэвэл арьсыг хуурайшуулж, цочроож болно. Учир нь энэхүү бүтээгдэхүүн нь нэг төрлийн спирт агуулдаг ба арьсны өөрийн тосжилтыг үгүй болгож аажмаар цочроох магадлалтай. Тослог арьстай бол тоник бүр мөсөн хэрэглэхээ зогсоо. Оронд нь арьсандаа тохирсон цэвэрлэгч ашиглан, хөөсөөр угаан гүн цэвэрлэх хэрэгтэй.

Усны хамгаалалттай сормуусны будаг

Усны хамгаалалттай сормуусны будаг нь удаан хугацаанд барьдаг ч лав болон силиконы агууламжтай байдаг. Энэ нь сормуусыг хөлс, нулимс, уснаас хамгаалдаг. Гэвч сормуусыг хуурайшуулан аажмаар унагаах сөрөг нөлөөтэй. Үүний оронд жирийн сормуусны будаг ашиглах нь сөрөг нөлөө багатай ба нүдний эргэн тойрны арьсыг цочроохгүй.

Өдрийн тос 

Өдрийн тос нь нүүрний арьсыг нарнаас хамгаалахад ямар ч нөлөө үзүүлдэггүй ба нарнаас үүдсэн хуурайшилтаас хамгаалах боломжгүй. Ялангуяа та өдрийг ихэвчлэн гадуур өнгөрөөдөг бол. Хэрвээ та арьсаа үнэхээр хамгаалахыг хүсч байгаа бол шаардлагатай чийгшүүлэгч, антиоксидант агуулсан нарны тосыг хэрэглэх нь ашигтай.

Эх сурвалж: https://brightside.me/