15 мянгын KYSHADOW, 150 мянгын KYSHADOW-ийн ялгааг та мэдэх үү

Г.Сайнзаяа
10 сарын 31, 2018

Хуурамч гоо сайхны бүтээгдэхүүн манайд ямар ч хяналтгүйгээр орж ирж, борлуулагддаг. Гаалийн хяналт шалгалт өндөртэй оронд бол дуураймал гоо сайхны бүтээгдэхүүн тусгай хэдэн боомтоор л дамжин орж, хар зах, интернэтээр борлуулагддаг байна. 

Эмэгтэйчүүд гоо сайхны брэндүүд, бүтээгдэхүүнийх нь талаар огт мэдлэггүй байгаагаас хуурамч гоо сайхны бүтээгдэхүүн авах нь Монголд түгээмэл байгаа билээ. Зарим нь хуурамч болохыг нь мэддэг ч "оригиналиас дутахгүй гаралттай" гэх үг, хямд үнэд нь татагдаж авдаг. 

Тэгвэл хуурамч гоо сайхны бүтээгдэхүүн эрүүл мэндэд хэр их хортойг та мэдэх үү. CBS телевиз энэ талаар сурвалжилж нэлээд ноцтой зүйлс илрүүлжээ. Тэд жишээ болгон Morphe компани мэйкап артист Жаклин Хилл нарын хамтран гаргасан 38 долларын үнэтэй "The Jaclyn Hill" нүдний тенийг хуурамч хувилбарынх нь хамт лаборатори луу илгээж, 12 төрлийн металл илрүүлэх шинжилгээ хийлгэсэн. 

Ингэхэд, хуурамч тень оригиналь тениэс дөрөв дахин их буюу Америкийн Хүнс, эмийн хяналтын байгууллага (FDA)-ийн зөвшөөрсөн хэмжээнээс хэтэрсэн хар тугалга агуулж байжээ. Дуураймал уруулын будаг оригиналиас 15 дахин их хар тугалга агуулсан байв. 

Хятадад үйлдвэрлэдэг M.A.C., Kylie Cosmetics, Urban Decay, Too Faced, Huda Beauty, Gucci, Dior тэргүүтэй гоо сайхны брэндийн дуураймал Монголд гэлтгүй олон улсад борлуулагддаг. Үйлдвэрлэгчид нь чанар, эрүүл мэндэд ээлтэй байдлыг хойш тавьж, аль болох гаралт сайтай, хямдхан бүтээгдэхүүн хийхийг зорьдог. Тиймээс ч дийлэнх нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг аж. 

Хуурамч гоо сайхны бүтээгдэхүүн арьсыг үрэвсүүлэх, харшил өгөх, загтнуулах, уруул хавдаах, химийн түлэгдэлт үүсгэх гэх мэт эрсдэлтэй. Хуурамч гоо сайхны бүтээгдэхүүн сонгохгүй байхын тулд та тухайн авах гэж байгаа брэндийнхээ албан ёсны вэб хуудас руу орж бодит үнийг нь харах хэрэгтэй. Ингэснээр таны өмнө байгаа бүтээгдэхүүн санаанд оромгүй, "зад" хямдарсан байх боломжтой, эсэхийг тогтоож болно. Та Google хайлтын системд тухайн брэндийн нэрийг бүтээгдэхүүний нэртэй бичиж хайхад брэндийн сайт гарч ирнэ. 

Тухайлбал, манай том, жижиг дэлгүүрүүдэд 15, 25 мянган төгрөгөөр худалддаг KYSHADOW гэхэд албан ёсны сайт дээрээ 42 долларын үнэтэй байгаа юм. 

Охид, бүсгүйчүүд хямд үнийг нь бодолцож хуурамч гоо сайхны бүтээгдэхүүн худалдан авахдаа дотор нь агуулагддаг химийн бодис, хийгдсэн орчин нөхцөл, эрүүл мэнд, гоо сайханд учруулж болох эрсдлүүдийг тооцоолж байхыг анхааруулъя.

Холбоотой сэдвүүд

fake бүтээгдэхүүн гоосайхан

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.