Н.Жавхлан
03 сарын 31, 2025
Энэ онд аялал жуулчлалын салбарт "шөнийн аялал" трэнд болж байна. Аялал жуулчлалын томоохон компаниудын нэг болох Booking.com саяхан гаргасан судалгаандаа сүүлийн үед аялагчид голдуу шөнийн тэнгэрийг үзэж, оддын оршихуйг мэдрэх сонирхолтой байгаа тухай дурджээ.
Тэгвэл энэ чиг хандлагаар дэлхийн жуулчдыг соронз мэт татдаг таван газрыг танилцуулъя.
Исландын халуун рашаанд амрангаа туйлын туяа харах
Энэ мөчийг хамгийн азтай аялагчид л амжиж харж чаддаг гэнэ. Дэлхийн соронзон орон нарны салхитай мөргөлдсөнөөр туйлын туяа буюу аврора үүсдэг аж. Энэ үзэгдлийг нүдээр харахын тулд аялагчид дулаан хувцсаа сайн өмсөж, хүйтнийг ажралгүй хүлээж суудаг.
Атлантын дундын хагарал дагуу галт уулын хамгийн идэвхтэй бүсэд тус улс оршдог. Мөн ихэнх газар нутаг нь хүйтэн бөгөөд мөсөөр бүрхэгдсэн байдаг аж. Тиймээс Исланд нь геологийн болон байгалийн хувьд гал болон мөс хоёрын тэнцвэртэй байдлыг хадгалдаг гал болон мөсөн орон гэх нь ч бий.
Харин тэд давуу талаа сайн ашиглаж туйлын туяаг харах хүсэлтэй аялагчдад зориулж байгалийн халаалттай усан сан бүтээжээ. Дулааны эрчим хүчийг газрын гүнээс шийдэх бөгөөд 700 гаруй халуун рашаан, усан санг үүсгэжээ.
2. Шотландын Up Helly Aa наадам
Энэ наадам нь Шотландын Шетланд арлуудад жил бүрийн 1-р сарын сүүлийн мягмар гаригт зохион байгуулагддаг уламжлалт баяр бөгөөд викинг соёл, түүхээс сэдэвлэж тус арлын оршин суугчид болон жуулчид хамтран баярлацгаадаг ажээ.
Уг наадмын гол онцлог нь викингчүүдийн соёлыг харуулах болон галын ёслол юм.
Ирсэн хүмүүс бүгд викингийн дайчдыг хувцсыг өмсөж үдэшлэгээ зохион байгуулдаг. Үйл ажиллагаа өдөржин үргэлжилж, хамгийн гол үзүүлбэр болох викингийн хөлөг онгоцыг шатаах ёслол нь оройн 7:30-8:00 цагийн орчимд эхлээд шөнийн турш үргэлжилдэг байна.
Мөн орон нутгийн соёл, түүхийг харуулах арга хэмжээ учраас олон улсын жуулчдыг татах томоохон баяр болдог.
3. Чили улсын Атакамагийн элсэн цөлд од харах
Чилийн хойт хэсэгт орших Атакама цөл нь дэлхийн хамгийн хуурай газар юм. Дунджаар жилийн 300 орчим өдөрт тэнгэр нь үүлгүй цэлмэг байдаг учраас эндэхийн шөнийн тэнгэрт оддыг хамгийн тодоор харах боломжтой аж. Тиймээс ч жуулчид ихээр очдогоос гадна астрономийн төвүүд энд судалгаа хийдэг байна.
Түүнчлэн шинэ сар гарахын өмнө эсвэл дараа очвол оддыг илүү тодоор харж болдог гэнэ.
4. Замбид шөнөөр амьтдын аялал хийх
Африкад “өглөөний сонин унших” гэх ойлголт нь зэрлэг ан амьтдын хөтөч нар шөнийн турш болсон үйл явдлууд, зөрчилдөөн зэргийн тэмдэглэлийг амьтдын мөр болон бусад шинж тэмдгүүдээр нь дамжуулан харуулдаг арга юм. Харин шөнийн сафари хийх нь байгальд дурлагсад өөрсдөө эдгээр мэдээг үзэх эсвэл сонсох боломжийг олгодог аялал юм.
Энэ аялалаар амьтдын нууцлаг, сонирхолтой амьдралыг ажиглах боломжтой аж.
5. Тайванийн шөнийн захууд
Ёстой л түм түжигнэж бум бужигнасан газар гэж л үүнийг хэлнэ. Нийслэл Тайбэй хотод л гэхэд нийт 30 гаруй шөнийн зах бий. Тэдгээрээс хамгийн алдартай нь Шилин болон Раохэ шөнийн зах юм.
Бүх зах нь өөрсдийн гэсэн алдартай хоолтойгоос гадна хувцас, гар урлал, бэлэг дурсгалын зүйлс худалдаалагддаг.
Эх сурвалж: BBC.com
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.