Амьдралд хайртай, түүн рүү зүтгэн тэмүүлэх хүмүүс өөрөөсөө гэрэл гэгээ цацруулж байх шиг санагддаг. Тэд сайхан амьдралыг бий болгоод зогсохгүй бусад хүмүүст итгэл найдвар, урам зориг хайрладаг билээ. Ийм хүмүүсийн нэг бол үсчин Л.Энхцэцэг. 

25 жилийн өмнө өглөө онгойдог үсчин байтугай цайны газар ч байсангүй. Хүмүүс ажилдаа явахынхаа өмнө яагаад үсээ засуулж болохгүй гэж тэр боджээ. Ингээд тэр 1993 оноос эхлээд өглөө 7 цаг 30 минутаас цагаас онгойж шөнө 1-2 болтол ажиллаж эхэлсэн байна. Түүнээс хойш 25 жилийн турш нэг удаа ч ажлаа таслаагүй. Өглөө цагтаа ирдэг хэвээрээ. Эхний сар хүнгүй эл хульхан хүнгүй суусан нь мэдээж. Харин сарын дараа л гэхэд хүмүүс мэддэг болж эхэлжээ. Цагаан сар, наадам гээд тэмдэглэлт баяраар хүртэл тэр хэзээ ч амардаггүй. 

Улаанбаатарт түүний л үсчингийн газар цаг нарыг умартсан мэт ажиллаж байдаг гэдгийг олон жил үйлчлүүлсэн хүмүүс нь андахгүй сайн мэдэх билээ. 


Тэр аравдугаар ангиа төгсөөд л Чехэд оёдлын курсэд сурчээ. Ирэнгүүтээ л Эрдэнэтийн хивсний үйлдвэрт нэхэгчээр ажилласан охидын нэг. Үйлдвэртээ 13 жил ажиллаад байгууллагынхаа бүхий л шагналыг авчээ, бүр байраар хүртэл шагнуулсан байна. Гэвч бүх зүйл санасанаар болох биш. Нэг л өдөр хийх дуртай ажлаа орхихоос аргагүй болов. Шалтгаан нь мөр даран төрсөн хоёр дүү нь ойр ойрхон нас барж Л.Энхцэцэг тэднийхээ 5 хүүхдийг өргөж  авав. 30 хүрээгүй бүсгүй өөрийнхтэйгээ нийлээд 6 хүүхдээ яаж тэжээх билээ гэсэн бодол нэг хором ч тайван суулгасангүй. Амьдрах үй олон арга, бодлууд түүний толгойд эргэлдсээр л. Өмөг түшиг болох хүнгүй түүнд хандах хүн ч байсангүй. Ингээд тэр шийдвэр гаргажээ. Ерөөсөө хамаг зүйлээ аваад Улаанбаатарыг зорихоор болов. Тэр өөрийнхөө хийх ажлыг үсчин л гэж бодож. Харин түүнд мэргэжлийн үнэмлэх ч үс засах туршлага ч байгаагүй. Түүнд байгаа зүйл нь би чадна гэсэн итгэл, зорилго, тэвчээр. Аз болоход тэр 13 жил хивсний үйлдвэрт ажилласан нь хайчтай ажиллах дөр суулгасан хэрэг. Ингээд тавдугаар сургуулийн гэгддэг “Прогресс”  үсчингээ анх нээжээ. Анхны үйлчлүүлэгчийнхээ үсийг гар чичрэн засч байсан ч ердөө жилийн дотор Л.Энхцэцэг үсчингийнхээ 5 салбарыг нээжээ. Байртай болж товхийтэл амьдраад хэдэн хүүхдээ тэжээгээд байх боломжтой ч болов. 


Хүнээ татахын тулд,  өр зээлээ төлөхийн тулд, хүүхдүүдээ өлсгөхгүйн тулд хүн зорилготой л ажиллахаас өөр аргагүйг тэр бүр залуугаасаа ойлгожээ. Ингэхийн тулд бусдаас эрт босч, орой унтаж байж л зорилгоо биелүүлэх билээ. Тэр дөнгөж 18-хан настайдаа Хивсний үйлдвэрт ажиллаж байхдаа хүртэл шөнө 3 цагт босоод ажил дээрээ очиж хивсээ нэхдэг байжээ. Энэ тухайгаа тэрбээр “Харанхуй шөнө ганцаараа яаж ажил руугаа явдаг байсан юм бүү мэд, ажилдаа дэндүү дуртайдаа тэр биз. Уралдаан болгонд нь түрүүлдэг сэн” гэж ярьсан юм.


Түүний үйлчлүүлэгчдийн ихэнх нь цэрэг цагдаагийн газрынхан аж.  Зарим цагдаагийн үсчин гэдгээр нь сайн мэднэ. Дөнгөж л ажилдаа орж зээл тавин үсээ засуулж байсан залуусын ихэнх нь дарга болчихсоныг хараад тэр бахархдаг. Зарим нь амрыг эрье гээд л сайхан инээмсэглээд ороод ирэхийг ч харсан. Бас олны танил бөхчүүд, спортын алдартнууд ч түүний даруухан  үсчинг зорин ирдэг. Зарим үйлчлүүлэгч нар нь хэдийнэ тэтгэвэрт гарчээ. Гэсэн хэдий ч түүнийг зорьж үйлчлүүлдэг хэвээрээ.

Үсээ засуулчихаад яанаа эгчээ мөнгө алга гэдэг үйлчлүүлэгчид ч Энхээ үсчинд цөөнгүй таардаг. Хүн аргагүй байдалд ороод л ийм хариулт хэлнэ шүү дээ. Тийм үед зүгээрээ гээд гаргаж байсан үе түүнд олон. Яагаад гэвэл тэр багаасаа өнчин өрөөсөн байж амьдралын хүнд хэцүүг туулсан учраас энэ бүхнийг ойлгодог. “Миний чадах зүйл үс засах. Чадах зүйлээрээ туслахад юун хэцүү байхав” хэмээн ярьсан. 

2018-4-26. 22 цагийн үед

Хүний чанар муудлаа л гэдэг. Харин Энхээ үсчин энэ үгэнд итгэдэггүй. Үнэгүй засуулаад л гарсан залуу хэдэн сарын дараа инээмсэглэл цацруулсаар ах эгч дүүгийнхээ аль нэгийг дагуулчихсан үсээ засуулна даа гээд ороод ирдэг гэв. 

Түүний үсчингийн газарт 10 гаруй жил гадаадад амьдарсан, хөдөө 20 шахам жил ажилласан үйлчлүүлэгч нь орж ирээд Энхээ эгчээ та эндээ байж л байгаа юм уу гэдэг юм хэмээн инээн ярьж сууна. Түүний хүүхдүүд хэдийнэ том болжээ. Баяр болохоор ээждээ цэцэг бариад ирдэг. Зарим нь үсчин маникурчин болсон гэнэ.

Хэзээ ч гунидаггүй юм шиг инээмсэглэж явдаг түүнд ганцхан сэтгэлийн шарх бий. Энэ олон жил амьдралаа босгоод өөрийнхөө зүтгэж явтал гэнэт л түүний ээж гараад иржээ. Дөнгөж 6-хан настай байхад нь аавтай нь бас 2 дүүтэй нь орхиод өөр хүнтэй суугаад явсан түүний ээж асарч халамжлах хүнгүй учраас орхиж явсан охиндоо хандсан хэрэг. Тэр олон жил ээжгүйн зовлонд хатаж шаналж явсны дараа, тэр хойно бүр хүнд өвчтэй болоод хүрээд ирсэн явдал түүнийг шархлуулсан. Гэвч хүний үр хойно яах билээ. Одоо тэр ээжийгээ гэртээ авчирч асарч тойлж сууна. Хэвтрийн байсан ч одоо арай дээрдэж байгаа гэнэ. Уучлал, хүний сайхан сэтгэлд бүхнийг анагаах хүч оршиж байдаг аж. Ингээд бодохоор энэ хорвоод хүний сайхан сэтгэлээс өөр дуусч дундардаггүй зүйл үгүй билээ.

Одоо тэр зөвхөн тавдугаар сургуулийн ойролцоох үсчингээ ажиллуулдаг. Нийт 15 хүнийг хүнийг ажлын байраар хангаж байна. Шинэ үсчдэд “Өөрсдөө үргэлж цэвэрхэн хувцасла, хүнтэй сайхан харьц. Хэзээ ч хүний толгой дээр уур бухимдлаа бүү асгаарай ” гэж заавал хэлдэг. Нэг үе хүмүүс заавал өдөр судар харуулж байж үсээ засуулдаг байсан бол одоо өөрчлөгдсөн гэнэ. Гэхдээ ерөнхийдөө 2 дахь хагас сайн өдөрт хүн муутай байдаг гэв. Харин Энхээ үсчин “Хүн өөртөө зав гаргаж үсээ засуулсан тэр өдрийг л сайн өдөр” гэсэн юм.